Дуучин Канье Уэст тэрбумтан гэдгээ нотлов

Америкийн рэп дуучин Канье Уэст тэрбумтан болжээ. Түүний хөрөнгө 1.3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

Дуучин залуу дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд орохыг эрмэлзэж байсан хэдий ч “Forbes” сэтгүүл өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, зориуд басамжилж байсантай холбоотойгоор жагсаалтад багтдаггүй байснаа илэрхийлсэн байна. “Forbes” сэтгүүлээс дөрөвдүгээр сард шинээр гаргасан тэрбумтнуудын жагсаалтад Уэстийн нэр дахин багтаагүй байсан учир дуучин залуу санхүүгийн байдлаа нотолсон баримт бичгээ бүрдүүлэн, тус сэтгүүлийн редакци руу явуулжээ. 

“Forbes”-н зүгээс уг материалыг судалж үзээд, дуучин залуугийн үндсэн хөрөнгө нь “Adidas” брэндтэй хамтран гаргасан хувцасны “Yeezy” брэндээр үнэлэгдэнэ гэж үзэж, тус брэндийг 1.26 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Үүнээс гадна дуучин К.Уэстийн Калифорни, Вайоминг муж улс дахь үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл, банкны дансан дахь хөрөнгө мөнгө, автомашиных  нь цуглуулга нийлээд 125 сая ам.доллароор үнэлэгджээ.

Хөрөнгийнх нь хэмжээг доогуур үнэлж байгаад сэтгэл дундуур байгаагаа Уэст илэрхийлсэн байна. “Миний хөрөнгө 3.3 тэрбум ам.долларт хүрнэ” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан