"Шинэ Хойд Солонгос" болсон Туркменистан улсын иргэдийн амьдрал

"Галзуу" ерөнхийлөгчөөрөө дэлхийн анхаарлыг татдаг Туркменистан улсад амьдрал хэрхэн өрнөж байгаа талаар сонирхоцгооё. Хөл дээрээ босох гэж тэмцэж буй хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүн улс уу эсвэл дэлхийн асуудлаас хол аз жаргалтай ард иргэд үү?

Туркменчүүд

"Хэрэв Хойд Солонгос болон Венесуэлийг зөвлөлтийн сүмсэнд чанаж, Эмиратаар амтлах юм бол Туркменистан гэх нэг улс үүснэ" гэсэн яриа бий. Хотын гудамжинд нь хүн ерөөсөө харагдахгүй, хаалттай улс бөгөөд гантиг цагаан барилгууд дунд нь ядуурал бугшсан байдаг.

Туркменистаны иргэд янз бүрийн аргаар амьдрахын төлөө зүтгэнэ. Жишээлбэл тэнд байгаа оросын иргэдийн хувьд зөвлөлтийн үед инженер, технологич, мэргэжилтний ажил хийж байсан учир давгүй амьдардаг байна. Заримдаа туркменүүд ч гэсэн карьерын амжилтанд хүрч, гэр бүлээ бүх зүйлээр хангаж чаддаг гэнэ. Манай улсын нэгэн адил танил талаа дээшлүүлэх соёл маш ихээр хөгжсөн.

Хэдийгээр улс нь хаалттай ч туркменүүд нээлттэй, зочломтгой, хөгжилтэй хүмүүс байдаг. Үүнээс гадна туркмен бүсгүйчүүд өөрийн гэсэн өвөрмөц сэтгэл татам чанартай, хаа ч байхгүй гоо үзэсгэлэнтэй хүмүүс юм. 

Амьдралын түвшин

Туркменистанд дундаж цалин нь сарын 230 доллар байдаг бол тэтгэвэр нь 85 доллар байдаг гэнэ. 2020 оны байдлаар литр бензин 1100 орчим төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд бага багаар өссөөр байгаа аж. Өмнө нь орон сууцны төлбөр болон бусад нийгмийн халамж үйлчилгээ үнэгүйн зэрэгцээ хүн бүр сард 120 литр бензиний хангамж авдаг байжээ.

Харин одоо бүх зүйл урууджээ. Туркменистан эдийн засгийн тогтвортой байдлаа байгалийн хий экспортолж хадгалдаг байсан ч одоо гадагшаа нийлүүлэхэд багагүй асуудалтай тулгардаг болжээ. Энэ нь урт хугацааны эдийн засгийн хямралд хүргэснээс гадна ажилгүйдлийн түвшин 1.5 сая буюу нийт хүн амын 1/4-т хүрсэн аж.

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах гэсэн дараалал

Сүүлийн 2 жилийн турш Туркменистан улс нь буудай болон элсэн чихрийн хомсдолд оржээ. Хэдийгээр газар тариалан эрхлэлтийг хэвийн болгох гэж хичээж байгаа ч тогтмол болох ган гачиг, хуурайшилтын улмаас байнгын алдагдалтай ажиллаж байна. Зарим бүс нутагт гурилыг хязгаартай зарах болсон гэнэ.

Туркменистаны хөдөө нутагт ард иргэд 100 жилийн өмнөх амьдралаар амьдардаг. Каракумын цөлд байх тосгодод очвол Африкт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тосгоны иргэд ихэнхдээ үхрийн аж ахуй, газар тариалан эрхэлж, жижиг байшин эсвэл гэрт амьдардаг банйа.

Гэхдээ бүх зүйл тийм ч муу биш. Хүнсний захад төрөл бүрийн хүнсний ногоо хангалттай байх бөгөөд жижиг дэлгүүрээс ч хүссэн бүх зүйлээ худалдаж авах боломжтой. Хямд үл хөдлөх хөрөнгө, нийтийн тээврийн хэрэгсэл, найрсаг хөрш гэх мэт.

Амьдралын онцлог

Ихэнх туркмен айлууд гэртээ хиймэл дагуулын тавган антеннтай бөгөөд энэ нь хямд зардлаар зурагт үзэх, мэдээлэл авах боломж юм. Тамхи татахыг хаана ч хориглодог бөгөөд үнэ нь маш өндөр. Хэдийгээр булан тохой олоод татаж болох ч хэрвээ баригдвал өндөр торгуульд унах эсвэл хот, тосгоноос хөөгдөх магадлалтай.

Харин Шинэ Ашхабад хот бол ийм хөгжил дорой улсын нийслэл гэмээргүй. Гоёмсог цэцэрлэгт хүрээлэн, ордон шилтгээн, өндөр цагаан гантиг барилгууд, усан оргилуур гэх мэт гайхалтай зүйлс байх ч энгийн хүмүүс тэрүүгээр явж болохгүй. Эдгээр нь зүгээр л үзүүлэн, ерөнхийлөгчийн амрах газар төдийхөн юм.

Иргэд Ашхабадаас худалдан авалт хийсэн тохиолдолд торгодог бөгөөд энэ нь хоол хүнсийг тэгш хуваарилах зорилготойд оршино. Хүнсний бүтээгдэхүүн хайх төдийд л машин ирэн зогсож, торгуулийн хуудас бичиж өгнө.

40-өөс доош насны хүн улсаасаа гарч болохгүй. Ялангуяа ажилчин анги, хөдөө аж ахуй эрхэлж буй хүмүүст илүү хамааралтай. Гэсэн ч олон хүмүүс Турк рүү нууцаар цагаачилж, ажил хийхийг оролдсоор л байна.

Туркменистан бол "хэмжээгүй эрхт" гэмээр ерөнхийлөгчийн засаглалтай, авторитари улс юм. Хэрвээ ерөнхийлөгч хаа нэгтээ нисэх шаардлага гарсан бол онгоцны бүх зорчигчдыг буулгаж, нислэгийн чиглэлийг өөрчилж, ерөнхийлөгч хүссэн газар руугаа ниснэ.

Тэнд интернет холболт маш үнэтэй тул интернет кафенуудын ач холбогдол маш их. Олон нийтийн сүлжээ, YouTube болон бусад гадаад медиа сайтууд мэдээж хориотой.

Хэдэн жилийн өмнө Туркменистанд хар өнгөтэй машин импортоор оруулж ирэхийг хориглосон бөгөөд үүнийг хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаатай холбож тайлбарласан аж.

Туркменистанд та бараг л юу ч хийсэн шоронд суух магадлалтай. Жишээлбэл: Салют буудуулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, 1.3-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай автомашин унах гэх мэт.

Туркменистанд амьдрал яагаад тийм ч сайнгүй байна вэ?

Туркменистанд дэлхийн бүх байгалийн хийн нөөцийн 1/4 нь байдаг. Тиймээс энгийн иргэд яг л Эмиратад байгаа шиг амьдрах ёстой мэт.

Гол буруутан нь Туркменистаны төрийн толгойд буй авторитар эрх мэдэлтнүүд юм. Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов бол мөнгийг хэрэггүй зүйлст дэмий цацдагаараа зартай. Жишээлбэл: газар тариалан, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийхийн оронд тэрээр хоосон баахан барилга барьж, олон тэрбум долларын үнэтэй, шонхор шувуу шиг хэлбэртэй нисэх онгоцны буудал барих гэх мэт хэрэггүй зүйлд зарцуулдаг аж.

"Тамын үүд" - Байгалийн хийн цооногт болгоомжгүй гал тавьснаар үүдэн уг нүх 40 жилийн турш шатаж байна

Үүнээс гадна тэрээр Аваза хэмээх тансаг амралтын газрыг байгуулжээ. Уг амралтын газар мэдээж нутгийн иргэд очиж үйлчлүүлэхгүй, гадаадын жуулчдыг бараг л оруулдаггүй учир жилийн 4 улирал хоосон байсаар л...

Мэдээж, эд хөрөнгө, эрх чөлөөнөөс туркменчүүдийн аз жаргал шийдэгдэхгүй. Өнөөдрийн хоолтой, хүүхдүүд гадаа тоглож, нар мандаж, туркмен шарвин хайрч байвал л аз жаргал шүү дээ.

Гурбангулы Бердымухамедов

Эх сурвалж: caak.mn

  • Шинэ
  • Их уншсан