Иргэд жорлонгоо шинэчилдэггүй мөртлөө үнэтэй гар утас, машинд мөнгөө зарцуулсаар байна...

Улаанбаатарын газар шорооны 88%, хот хөдөөгийн суурин газруудын газар шорооны 40% бохирдсон судалгаануудыг эрдэмтэд өнгөрсөн жил танилцуулсан билээ.

Хөрсний бохирдол эргээд агаар орчныг бохирдуулж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг учруулдаг. Урин дулаан цаг ирж газар гэсэж буй энэ үед хөрсний бохирдол нь элдэв халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс энэ талаар Монгол ТВ-ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлэг энэ долоо хоногт хөндлөө. 

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.

76 гишүүн нэг нэг асуудлыг барьж аваад хөөцөлдөх юм бол Монгол Улсад тулгарч байгаа асуудал 76-аар цөөрнө


НИТХ төлөөлөгч Ц.Баатархүү:

  • -Нийслэлийн иргэдийн хурал анх удаа хөрсний бохирдлын эсрэг зардлын зүйл заалттай болсон.
  • -Хөрсний бохирдол аюултай түвшинд хүсэн гэдэгт  бүгд санал нэгдэж байгаа.
  • -Өнгөрсөн жилүүдэд нийслэл агаар орчны бохирдолд ихээр анхаарч хөрсний бохирдол гэдэг зүйлийг орхигдуулсан тал бий.
  • -Гэр хорооллыг дахин төлөвлөлийг хэрэгжүүлэх замаар хөрс, агаар, орчны бохирдолтыг цогцоор нь шийдье гэсэн боловч  энэ нь өөрөө маш том эдийн засаг, эрхзүйн хэмжээний шинэчлэлийг шаардсан учраас төслүүд зарим тохиолдолд амжилттай яваагүй.
  • -97 тэрбум төгрөгөөр УБ хотын захиргааг барих уу, гэр хороололд дэд бүтэц барих уу гэж байхад иргэд дэд бүтцийг сонгож байхад төр засгийн зүгээс дарга нар суудаг байшинг барьсан. Хэрэв энэ мөнгийг гэр хорооллын дэд бүтцийг шинэчлэхэд зарцуулсан бол олон яндан байхгүй болно үүнийгээ дагаад нүхэн жорлонгийн тоо цөөрөх байсан.
  • - 76 гишүүн нэг нэг асуудлыг барьж аваад хөөцөлдөх юм бол Монгол Улсад тулгарч байгаа асуудал 76-аар цөөрнө. Нийслэлийн 45 төлөөлөгч нэг нэг асуудлыг барьж аваад шийдвэл тулгарч байгаа асуудал мөн л 45-аар цөөрөх юм.
  • -Миний хувьд хог хаягдлын асуудалд анхаарч анх хувийн хэвшилтэй хамтран анх удаагаа 3 төрлийн хогийг шууд худалдаж аваад картад нь мөнгө ордог тогтолцоог бий болгох үүднээс нийслэлийн дүүргүүдэд хог авдаг 12 цэгийг бий болгосон.
  • -Иргэдийн оролцоотой гэр хорооллыг ногоон болгох бүрэн боломж байна. Бид жишиг болгох үүднээс нэг хороог сонгож аваад ногоон болгохоор шийдэж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороог сонгож аваад айл болгон 5 мод суулгасан 2 жилийн дотор 300 гаруй айл модоо суулгаж модны ургалт 80 гаруй хувьтай явагдаж байна.
  • -Бүх асуудлыг төр шийднэ гэвэл цаг алдана, төсөв хүрэхгүй иймд иргэдийн оролцоо чухал юм.

Эко төлбөрийн тухай хуультай болно


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

  • -Иргэн бүр өөрсдийн ирээдүйн төлөө цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлж чадах юм бол бид энэ хөрсний бохирдлоос ангижирч чадна.
  • -Бид хүмүүсийн анхан шатны хэрэгцээг дэд бүтцийг бий болгож чадаагүй. Бид олон жил хийх ёстой ажлаа хийгээгүй зүгээр л яриад байсан.  Одоо хийх ёстой.
  • -Ариун цэврийн байгууламжаар дамжиж Монгол Улсын иргэний аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
  • -ариун цэврийн байгууламжид байгаа лагийг соруулж шатааж эрчим хүч гаргах, бордоо болгох боломжтой тоног төхөөрөмжийг туршиж үзээд ашиглалтын зардлыг тооцож үзээд болж байвал нийслэлийн дүүрэг бүрд нэгийг, аймаг төвүүдэд нэг нэгийг байршуулж чадвал бохирдлыг бууруулж чадна гэж үзэж байгаа.
  • -Монгол Улсыг хөгжүүлье гэсэн олон хөтөлбөр байна. Энгийнээр хэлэхэд бүтээн байгуулалтад ашиглах машин оруулаад ирлээ гэхэд бензиний санхүүжилтгүй болоод  зогсчихдог, санхүүжилт нь байлаа гэхэд нийслэл дүүрэг, аймаг гээд хуваачихаар илт харагдах үр дүн байхгүй болчихдог.
  • -Зарим хуульд өөрчлөлт оруулна. Энэ нь ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуульд усыг дахин ашигладаг, цэвэршүүлэх технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татаас өгдөг болно.
  • -Хог хаягдлын тухай хуульд аж ахуйн нэгж нь тухайн хогийг өмчилнө гэж зааж өгч байж аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог болох шат руу явж байна.
  • -Бодлогын хувьд эко төлбөрийн тухай хуулийг ЗГ хэлэлцээд удахгүй эцэслэх байх. Энэ нь юу гэхээр бүх хог хаягдал дээр төлбөр тогтоогоод тэр мөнгөөр хогийг дахин ашигладаг аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүй хэрэгтэй.
  • -Азийн хөгжлийн банкаар дамжуулан 1,500 ариун цэврийн байгууламжийг айлуудад суурилуулж байна. Гэтэл тухайн эко ариун цэврийн байгууламжийг 30 хувь, 50 хувийн төлбөрийг нь төлөөд үлдсэнийг линзингээр төлөөд авах уу гэхээр иргэдийн ихэнх нь үгүй гэдэг. Гэтэл эргээд өөрсдөө болон хүүхэд нь өвдөхөөр үүнээс их мөнгийг эмэнд  зарцуулж байна.
  • -Үнэгүй өгөх юм уу гэдэг үг бидний хөгжлийг боомилоод байна.

Нидерланд улсад бохир усны цэвэрлэх байгууламжаас коронавирус илэрсэн



НЭМҮТ-ын Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр:

  • -Нидерланд улсад бохир усны цэвэрлэх байгууламжаас коронавирус илэрсэн.
  • -Байгаль орчны сайд, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2020 онд "Халдваргүйтгэл хийх бодис"-ын жагсаалт батлагдсан. 
  • - Дулааны улиралд нүхэн жорлонг 1 сар тутам халдваргүйтгэл хийх ёстой.
  • -0-5 насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчин тусаж байна.
  • -Нүхэн жорлонтой айл хашаандаа гүний худаг гаргах хүнсэндээ хэрэглэх нь эрсдэлтэй.
  • -Иргэд гар утас, автомашиндаа мөнгө зардаг шигээ ариун цэврийн байгууламжиндаа мөнгө зарж эрүүл ахуйн шаардлага хангасан эко оо-г сонгох хэрэгтэй. Энэ нь халдварт өвчнөөс гэр бүлээ хамгаалж байгаа хамгийн том хүчин зүйл болно.

Улаанбаатарыг тойроод 22 булаг шанд байсан одоо бүгд нянгийн бохирдолтой учир хаагдсан


Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж:

  • -Улаанбаатарыг тойроод 22 булаг шанд байсан одоо бүгд нянгийн бохирдолтой учир хаагдсан.
  • -Ямар ч хуурай хог хаягдал гаргахгүй микробиологийн аргаар нүх ухахгүйгээр "zero waste" технологийн жорлон хийгээд 3 жил болж байна.
  •  -Улаанбаатар хотын газар шорооны 88 хувь нь нянгийн бохирдолтой байна. Энэ бол маш аюултай.
  • -Агаарын бохирдол хөрс дээр буудаг, хөрсөөр дамжаад ус руу ордог тул агаар, хөрс, усны бохирдол 3 харилцан хамааралтай. 
Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

Эх сурвалж: ikon.mn

  • Шинэ
  • Их уншсан