УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА: БАР ХАРАЙХЫН ХАВЦАЛД ЧОНО ХАРАЙХЫН ГОЛОО ДУРСЛАА

Манай монголд дөнгөж дөрвөн ес шувтарч байх цагаар би мөнхийн хавар гэгддэг өмнөд Хятадын Юнань мужийн Кунмин хотод цэцгийн үзэсгэлэн үзэж, зааны шоунд оролцож үзлээ.

Заанууд хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглож, акробат хийж үзүүлэх юм. Үзэгч зочдын дотроосоо нэг нэг хүн гаргана уу гэсний дагуу бидэн дотроо хамгийн залуу Сундуйн Батболдыг гар гэлээ. Су.Батболдыг дээш нь харуулж хэвтүүлээд нэг том заан массаж хийх юм болов. Хөлийн том тавхайгаараа, мөн хошуугаараа Батболдыг массажлаж гарав. Заан хөлөөрөө дарахад 1500 кг буюу 1,5 тонн гэж байгаа. Хүний залуу хүүхэд гаргаж зааны хөлд няцлуулчих вий гэж айдас хүрэхээр юм. Эрсдэл байх уу гэж би тэндхийн хүнээс асуулаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа эрсдэл гараагүй гэж хариулж байна лээ. Массаж дуусан, заан шагналдаа гадил жимс аван, Су.Батболд ч тоосоо гөвөн босч ирж сэтгэл амраав.

Юнань мужийн Лижан хотод зочлов. Гималайн нурууны зүүн төгсгөл хэсэгт оршдог хот байна. Олон зуун километр үргэлжлэх уулын замыг үнэхээр лут тавьсны хүчинд энд аялал жуулчлал гойд хөгжжээ. Халуун биш, хүйтэн сэрүүн биш, нэг л хаврын намуухан дулаан орой шиг л байх юм.

Юнань муж Хятадын эртний түүхт мужуудын үеэс эхлэн цагтаа Хубилай хааны Монгол цэргүүд энд байрлаж, зүүн өмнөд Азийн улсуудыг хянан сууж байсан гэдэг. Бослого, тэмцлийг дарах, татвар гувчуур хураах ажилд ч оролцож байж. Бослогоор Тогоонтөмөр хаан Бээжингээс Монгол руугаа буцаж Юань Улс мөхөхөд энд байсан монголчууд нутаг буцаж чадалгүй Гималайн нурууг урагшаа болон баруун тийш давж нүүцгээн, аргагүйдсэн нэг хэсэг нь үлдэж хоцорсны ул мөр болсон дөрвөн Монгол тосгон байдаг тухай энд сонслоо. Тэр үед монгол гэдгээ нуун өмсөх зүүх, ярих хэлэх нь хятад шиг байж тэсч үлджээ. Одоо хэр нь найр хурим, цагаан сар, төрөх үхэх үеийн бүх зан үйл нь монголоороо үлдсэн гэнэ.

Буудлын цонхоор далайн түвшнөөс 6000 гаруй метрийн өндөр мөнх цаст уул шууд л тулаад харагдах юм. Цас мөс нь гэсэнги учраас нуранги үүсээд оройд нь гарах эрсдэлтэй гэнэ.

Бидэнд эндхийн 16 үндэстэн ястны ардын урлагийн тоглолт үзүүлэх юм болов. Олон цаг уулын замаар явж ирснийх үү, концерт үзсэнээс энэ сайхан агаартай, дуу чимээгүй тайван газар сайхан унтаж амармаар байвч хөтөлбөрийн дагуу дуртай ч дургүй ч үзэхээс аргагүй болов. Бага зэргийн хоцорсхын ороход танхимд харанхуй, тайзны хөшиг нээгдэхийг хүлээж байх тэр хооронд суудлаа эзлэн сууцгаав. Хятадын өмнөд нутгийн бага жижиг үндэстнүүдийн дуу аялгуу эгшиглэж, өөр өөрсдийн ардын хөгжмөөрөө хөгжимдөн яруу эгшиг дуурслаа.

Эндхийн 16 ястан дор бүрдээ өөр өөрийнхөө үндэсний хувцастайгаа үндэснийхээ бүжгийг өндөр ур чадвартайгаар бүжиглэн, танхимд суусан үзэгчдийг бүхэлд нь эзэгнэн ёстой байлдан дагуулах гэдэг нь болж байв. Энд ирэхээс хэдхэн хоногийн өмнө олон үндэстэн ястны өлгий Ховд аймагт очсоноо, тэндхийн олон ястны бүжиг, тэр дотроо биелгээ, хөөмийн гайхашигт аялгууг сонсож яваад ирснээ бас санаж суулаа.

Бие алжааж, нойр хүрч байсан нь алга болж, нүд сэргэн сэтгэл баясгалантай болов. Нэг мэдэхэд хоёр цаг шахам хугацаа өнгөрч, танхим нижигнэсэн алга ташилтаар бүжигчдийн урмыг мялааж байлаа. Гэрэл асч харахад тэр том танхим хоосон суудал нэгээхэн ч үгүй дүүрэн ажээ.

Гараад хөтчөөсөө асуувал Лижан хотын ардын дуу бүжгийн чуулга өдөрт 1–2 удаа жилийн нэг ч өдөр алгасалгүй тоглодог. Үзэгчид ямагт дүүрэн байдаг гэлээ. Аялал жуулчлалын дэд бүтэц (зам, холбоо харилцаа, буудал), үзвэр үйлчилгээ, түүх соёлын дурсгал, бэлэг сэлт, хоол хүнс энэ бүхэн ямар байх ёстойг эндээс харж болохоор ажээ. Жилд хэдэн сая жуулчид ирдэг. Тэдний 90 хувь нь дотоодынх нь аялагчид байдаг байна.

Тэндээсээ бид “Тансан ламын өмнөд этгээдэд зорчсон нь” киноны зураг авсан газруудаар аялж, чулуун ойг үзэж сонирхсон юм. Бас Хөх мөрний дагуу аялж, “Бар харайхын хавцал”-д очлоо. Энд том усан цахилгаан станц барих зураг төсөл хийгдээд бөөн л яриа болж байгаа юм байна. Олон зуун сая хүний эрчим хүчний хэрэглээ мэдээж өндөр байх нь тодорхой. Усан цахилгаан станц байгуулбал олон мянган айл өрхийн амьдарч буй газар усан дор орж, тэднийг өөр газар нүүлгэхээс аргагүйд хүрэх юм байна.

Гималайн нуруунаас эх авсан Хөх мөрөн “Бар харайхын хавцал”-аар огцом эргэж, зүүн хойшоо урсах юм. Хэрэв уруудаад явбал Бирм, Тайланд гээд явчих байх. Харин зүүн хойшоо урссанаар Хөх мөрний дагуух үржил шимт нутгуудад хүн ам олноор суурьшин амьдарч, олон зуун хот босч, төр ёс бий болсон түүхтэй Хятадыг ундаалагч хоёр их мөрний (Шар мөрөн, Хөх мөрөн) нэгнийх нь хөвөөн дээр бодож зогслоо.

Энэ хавцлаар урсахдаа Хөх мөрний урсгал түргэсч, шаагин шуугин урсаж байна. Энэ хавцал анчдад хөөгдсөн бар харайгаад цаад талд нь гарсан гэдэг домогтой. Манай Ховдын Дөргөнд хэдхэн хоногийн өмнө дүн өвлөөр гол нь урсаж, усны шувууд өвөлжиж байгаа “Чоно харайхын гол”-оо энд би санасан юм. “Бар харайхын хавцал”-д “Чоно харайхын гол”-оо дурсахад шүлэг төрлөө.

БАР ХАРАЙХЫН ХАВЦАЛД

ЧОНО ХАРАЙХЫН ГОЛОО ДУРСЛАА


Холын их

Хөх мөрний урсгал

Хойшоо эргэж урссан байх юм.

Түвдийн уулсаас эх авсан их усан

Төрт ёсны бас нэг эх болсон гэх юм.

Эргэж урссан голын тэр хавцлыг

Энэ нутгийнхан Бар харайхын хавцал гэх юм.

Бар харайхын хавцал гэж сонссоор атлаа би

Чоно харайхын голоо энэ газар санах юм.

Бар харайхын хавцлаар

Эргэж урсдаг голоос

Бага уу, их үү гэлгүй

Миний л гол гэж бодох юм.

Морины дэл цантах

Идэр есөөр гол нь автдаггүй

Монголын минь өвөр

Илчтэйеэ гэж бахархах юм.

Юнань муж, Лижан хот 2003 оны II сар

  • Шинэ
  • Их уншсан