Ц.Сантаа: УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж, эмзэглэж байна

"Хонх"-ын С.Цогтсайханы охин Ц.Сантаа УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хонхны дуу"-г дуулсантай холбоотой тайлбар хийжээ.
 
Тэрээр: " Дуучин С.Жавхлан "Хонхны дуу"-г зөвшөөрөлгүй дуулсан тухай  тайлбар хийе. 
Аавын минь зохиосон, дуулсан дуунуудыг уран бүтээлчид коверлож дуулж, олны хүртээл тэр дундаа залууст хүргээд явж байвал Цогтсайханы гэр бүл баярлана. С.Цогтсайханы бүтээлийг мөнхрүүлэх, олонд түгээх зорилгоор үүсгэн байгуулагдаж буй сангийн маань ч үйл ажиллагааны нэг чиглэл нь дуунуудыг түгээх, олонд хүргэх байх болно. Бидэнтэй хамтран ажиллах уран бүтээлчдэд бүх зүйл нээлттэй. Бид баяртайгаар хамтран ажиллахад бэлэн байна. 
Нөгөө талаар сангийн үйл ажиллагааныхаа хүрээнд бас хууль бус үйлдэл, оюуны хулгайтай  тэмцэх болно. 
 
Надтай болон гэр бүлтэй маань олон уран бүтээлчид холбогдож зөвшөөрөл авдаг. Гадуур коверлогдоод байгаа аавын минь дуунуудын 90% нь биднээс зөвшөөрөл авсан байдаг юм шүү (Харамсалтай нь зөвшөөрөл аваагүй 10%-д Жавхлан, Хишигдалай гэх мэт дуучид багтаж байна). Би энэ уран бүтээлчдээс нэг төгрөг ч авдаггүй. Харин ч эсрэгээрээ зарим хамтлаг дуучид дууг нь дуулаад клип хийлгэе гэхэд нь Цогтсайханы гэр бүл санхүүжилтийг нь шийдэж өгч байсан. 
 
Монголын алдарт дуучин С.Жавхлан аавын минь зохиож, дуулсан "Хонхны дуу"-г дуулсанд баярлаж байна. Гэвч бидний түүнээс хүссэн ганц зүйл бол зарчим, ёс зүй, этик - зөвшөөрөл авах байлаа. Жавхлан өөрөө уран бүтээлч хүн, оюуны өмч гэж юу байдаг талаар маш сайн ойлголттойгоос гадна, бүхэл бүтэн Монгол Улсын хууль батлах дээд байгууллагын гишүүн, УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж, эмзэглэж байна. Зарчмын асуудал хөндсөн болохоос шүүхдэлцээд өгье, мөнгө нэхэмжлээд өгье гэдэг зүйл огт яриагүй." гэжээ.
Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан