Таны ажлын орчин ямар вэ?

Бид долоо хоногт 40 цаг, түүнээс ч илүү олон цагаар ажилладаг гэж тооцвол амьдралынхаа тэн хагасыг ажил дээрээ өнгөрөөдөг. Тиймээс та бидний ажлын орчин, оффис бидний хоёр дахь гэр болдог. Тэгвэл таны ажлын орчин ямар вэ?

Юуны өмнө ажлын байр тохитой бас эрүүл байх ёстой. Хэрэглэж буй тавилга, эд хогшил бүгд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх хэрэгтэй гэдгийг байгууллагын менежрүүд, мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв таны ажлын орчин эрүүл, бас тохь тухтай бол та 2011 оноос хойш тасралтгүй  зохион байгуулагдаж буй “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах уралдаанд мэдээллээ өгч болох юм байна. Энэ уралдааныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж  байгаа аж. Ингээд бид албан байгууллагуудаас, эмч нараас ажлын орчин ямар байх ёстой вэ гэдгийг асууж сонирхсон юм.

 

Ажлын байранд гэрэлтүүлэг чухал

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч Х.Чинзаяа:

-Бидний төдийлөн анзаардаггүй зүйлүүдийн нэг бол ажлын байрны гэрэлтүүлэг. Яагаад гэвэл, ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлдэг. Бидний харах чадвар хүрээлэн буй орчны гэрэлтүүлэгтэй холбоотой бөгөөд мэдээллийнхээ 85 хувийг харах мэдрэхүйгээрээ хүлээж авдаг. Ажлын байрны гэрэлтүүлэг нь буруу төлөвлөлттэй, стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэг, тухгүй байдлыг үүсгэдэг. Мөн ажлын бүтээмжийг бууруулах, үйлдвэрлэлийн ослын шалтгаан болох зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Иймд үйлдвэрлэлийн ажлын байрны гэрэлтүүлгийг анхнаас нь зөв төлөвлөх, гэрлийн төрлийг сонгох, суурилуулах, гэрэлтүүлгийн хэмжээг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Ажлын байрны  гэрэлтүүлэг, гэрлийн өнгийг тодорхойлох нь ажилчдын сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс үзэхэд гэрэлтүүлгийн хэмжээ ААНБ-уудын нийт ажлын байрны 7.5 хувьд хангалтгүй байна. Тиймээс ажлын байран дахь гэрэлтүүлгээс шалтгаалсан үйлдвэрлэлийн осол, нүдний эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Оффисын дотоод орчин тохьтой байх ёстой

“BSB” электрон барааны борлуулагч Б.Бүрэнжаргал:

-Юуны өмнө ажлын байр тохитой бас эрүүл байх ёстой. Тиймээс сайн чанарын тавилга худалдан авах хэрэгтэй.  Хэтэрхий хямд үнэтэй тавилга нь үнэртэй, хавтан нь нимгэн, ирмэг наалт нь чанар муутай байдаг учраас үйлдвэрийн цавууны бага зэрэг үнэрийг байнга ялгаруулж байдаг. Мөн ажилчиддаа сайн ажиллах нөхцөл байдлыг нь сайжруулж, ажиллах урам зоригийг нь өгөхийн тулд бага боловч хэрэгтэй зүйлсээр нь хангаж өгөх ёстой. Наад зах нь компьютераас нүд хамгаалах дэлгэц, оффисын зориулалтын ширээ, сандал зэргээр хангах ёстой. Мөн өрөөний температур болон агааржуулагчийг сайн суурилуулж ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Тухайн оффис ямар зориулалттай вэ гэдгээс хамаараад оффисын өнгө, тавилганыхаа өнгийг бас зөв  сонгох хэрэгтэй.  Оффист дуу чимээ ихтэй байх нь ажилчид ядрах нэг шалтгаан болдог бөгөөд мөн анхаарал сарниулдаг. Тэгэхээр хувилагч машин, принтер зэрэг дуу чимээ гаргадаг зүйлсийг ажлын өрөөнүүдээс аль болох хол зайдуу эсвэл өөр өрөөнд байлгах хэрэгтэй. Эрүүл тохь тухтай орчныг бүрдүүлье гэвэл энэ мэтчилэн  олон зүйлд анхаарах хэрэгтэй.

 

Үйлдвэрийн газрууд  ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлд анхаарах хэрэгтэй

“Планет Интернэйшнл ХХК”-ийн  Маркетингийн менежер Т.Сугар:

- Манай байгууллага нь  2009 оноос эхлэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо “Компасс” аялалын дэлгүүрээрээ дамжуулан дэлхийн шилдэг брэндүүд болон хамгийн чанартай хөдөлмөр хамгааллын хувцас болон аялалын хувцас, хэрэгслийг монголчууддаа нийлүүлдэг. Бидний хувьд, зун цагийн бүтээн байгуулалт, барилга уул уурхайн ажил ид өрнөж эхэлсэн энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад голлох чухал үүрэг гүйцэтгэдэг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлдээ түлхүү анхаарах хэрэгтэй гэж боддог. Энэ нь ажилчдыг  эрсдэлээс хамгаалахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлийн нэг нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл байдаг. Эдгээрийг хэрэглэснээр ажлын явцад аваар осол, болзошгүй эрсдэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс ажлын орчинд эдгээрийг зөв хэрэглэх ялангуяа чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгаас чухал.

 

Ажилчдын эрүүл мэнд хамгийн чухал

ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч А.Цэнгэлмаа:

-Дуу шуугиан нь ажлын байранд хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндэд аюултай хүчин зүйл. Дэлхийн хэмжээнд сонсгол алдалттай насанд хүрсэн хүмүүсийн 16 хувь ажлын байрны шуугианаас үүдэлтэй байдаг. Манай улсын хувьд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад байгаа 3037 тохиолдлын 3.7 хувь буюу 113 нь сонсгол алдагдах эмгэг эзэлж байна. Зөвхөн үйлдвэр төдийгүй албан тасалгаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ч шуугианы нөлөөлөлд өртөх бөгөөд шуугианаас ангид ажлын байр ховор. Үйлдвэрлэлийн салбарт техник, тоног төхөөрөмжийн хувьсгал нэвтэрснээр шуугианы асуудал нэмэгдсэн бөгөөд газар тариалан, уул уурхай, эрчим хүч, барилга зам тээвэр, боловсруулах үйлдвэр зэрэг шуугиан өндөртэй ажлын байрууд ихээр бий болсон. Тиймээс ажил олгогчид аливаа өвчнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, асар их бүтээн байгуулалтыг хийх боломжтой гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан