ЗҮРХЭЭ ХАЙРЛАХ ЖОР: Цусаа шингэн байлгая гэвэл агаарт гар, дасгал хөдөлгөөн хий

Доктор Ж.Чинбүрэн эмч өөрийн цахим хаягаараа дамжуулан долоо хоног бүрийн бямба гаригт иргэдийн олноор өвчилдөг өвчний талаар зочин эмч урьж ярилцаж байгаа билээ. Өнгөрсөн бямба гаригт Ж.Чинбүрэн эмч /Ж.Ч/, УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын багийн ахлагч Х.Мөнгөн-Өлзий /Х.М/-г урьж “Зүрхээ хайрлах жор” сэдэвт мэдээллийг хүргэлээ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж энэхүү зөвлөгөөг эмхэтгэн хүргэж байна.

Ж.Ч: Зүрх гэдэг их сонин, зогсоо зайгүй ажилладаг, мундаг эрхтэн. Тэр битгий хэл осолд ороод тархи нь үхсэн хүний зүрх ажиллаж байдаг. Энгийнээр тайлбарлавал яг л машины мотор. Хүний биеийн цусыг шахаж, хүчил төрөгчөөр хангадаг. Цусны бүх элемент, олон бодисыг биеэр тарааж, үйл ажиллагааг зохицуулдаг. 700 сая жилийн өмнө анхны өтөнцөр амьтанд зүрх бий болсон. Хөгжлийн явцад хүний зүрх дөрвөн хөндийтэй болсон юм. Дэлхийд ч , манай улсад ч зүрхний шигдээс нэг номерын нас баралтын шалтгаан. Тэгээд хорт хавдрын өвчнүүд хоёр дахь шалтгаан болдог. Монгол Улсад зүрхний шигдээс, тархины цус харвалт, элэгний хорт хавдар, зүрхний ишемит өвчин зэрэг нь нас баралтын голлох шалтгаан болж байна.

Х.М: Зүрх, судасны өвчин нэг хоёр хоногийн дотор явагдахгүй. Бүр залуугаас эхлээд амьдралын туршид баримталсан хэв маягаас шалтгаалан бий болно. Тиймээс урьдчилан сэргийлэлтийг маш залуугаасаа эхлэх хэрэгтэй. Хүмүүс өчигдөрхөн зүгээр байсан хүн гээд ярьдаг. Яг үнэндээ зүгээр байгаагүй, амьдралынхаа туршид эрсдэлт хүчин зүйлүүдийг туулсан байна л гэсэн үг.

Ж.Ч: Монгол Улсын хэмжээнд зүрх судасны өвчлөлийн байдлыг харахад өндөр уулын бүс буюу баруун аймгууд, хангай аймгуудад их буюу 100 мянган хүнд 20 тохиолдол байна. Гэтэл зүүн аймгуудад өвчлөл харьцангуй бага. Энэ нь давсны хэрэглээтэй холбоотой. Нөгөө талаар өндөр газар амьдрахад агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага байдаг тул цус өтгөрдөг. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Алтай хот хамгийн өндөрт буюу 2000 метр өндөрт оршдог нийслэл. Харин Улаанбаатар 1300 гаруй өндөрт байдаг. 700 метрийн зөрөө гэдэг асар их. Тиймээс баруунаас Улаанбаатар хотод ирж амьдарч байгаа бол байнгын цус шингэлэх аспириныг 81 милограммаар ууж байх ёстой гэж бодож байна.

Х.М: Хотод байгаа хүмүүс өндөр байшинд яг л өндөр уулын бүсэд амьдарч байгаа юм шиг амьдарч байгаа. Манай улсад цус өтгөрөл маш их явагдаж байна гэдэг. Энэ нь бас л хүмүүсийн амьдралын хэв маягаас шалтгаална. Бид аспирины төрлийн эмийг цус шингэлнэ гэж үздэг нь буруу ойлголт. Аспирин нь цусанд байдаг эсүүдийг хооронд нь наалдахаас сэргийлдэг. Цус шингэлэх эм, бэлдмэл уухаасаа илүү агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийж, ус уух нь илүү дээр.

Ж.Ч: Хүн болгон шингэнээр бие засахдаа өнгийг нь анзаарч байх хэрэгтэй. Өтгөн шар байвал заавал шингэн зүйл нэмж ууж бай. Өдөрт уух усны хэмжээг хоёр литрээс битгий буулга.

Х.М: Зүрх судасны өвчин дотроо судасны, хэм алдагдлын гээд олон төрөл. Эдгээрээс зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг нь тэргүүлэх өвчлөлийн шалтгаан болж байна. Мөн артерийн даралт ихсэх өвчин байна. Миний даралт юунаас бол ихсэв гээд хүмүүс шалтгааныг нь их хайдаг. Гэтэл артерийн даралт ихсэх гэдэг өвчин өөрөө эрсдэл дагуулж, зүрхний шигдээс үүсэх нэг шалтгаан болдог. Мөн нэг хүнд хийгдсэн эмчилгээ нөгөө хүндээ тохирдоггүйг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

Ж.Ч: Тийм шүү. Бид нэгэндээ “Би ийм эм уугаад зүгээр болчихсон” гэж зөвлөдөг. Зүрхний өвчлөлийн үед ингэх нь буруу. Хүн болгоны өвчин өөр. Тиймээс заавал эмчийн хяналтад эм хэрэглэх ёстой.

Х.М: Хувь хүн бүр өөр байдаг шиг адилхан нэг өвчтэй боловч эмчилгээ ч өөр байдаг.

Тархинд цус харвах шинж тэмдэг

Ж.Ч: Зүрхний шигдээс, тархинд цус харвах нь нийт зүрхний өвчний 85 хувийг дангаараа эзэлдэг. Залуучууд эрт үеийн шинж тэмдгийг мэддэггүйгээс болж хэзээ эмнэлэг дуудахаа мэдэхгүй, тоохгүй байсаар цаг алдаж, хүндэрдэг. Саяхан нэг хүн гадаадад өөрийнхөө туслахтайгаа явж байгаад ийм байдал үүссэнийг туслах нь ярьж байна. Зүгээр цуг сууж байхад амны нэг тал нь муруйгаад унжсан байна. Хүн өөрөө тэрийг мэдэхгүй. Тэгээд нэг гар нь сулраад, юм ярьж чадахаа больсон байна. Тэгээд түргэн дуудаж аврагдсан байна. Тиймээс энэ шинжүүдийг заавал мэддэг байх ёстой. Зүрхний шигдээс, тархинд цус харвах гэж байгаа үед урьдчилсан шинж тэмдгүүд гардаг. Энэ үед шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Х.М: Зүрхний шигдээс, тархинд цус харвах үед цаг бол алт байдаг. Алдаж байгаа минут болгонд зүрх, тархи үхжиж байдаг. Тэгэхээр хэчнээн удна төдий чинээ аврагдах боломж багасна. Манайхан их хэнэггүй, гүргэр. Цээжээр нь өвдөхөд нь тоохгүй хоёр, гурав хоноод болохоо байхаар эмнэлэгт ханддаг. Яагаад хандаагүй юм бэ гэхээр гайгүй болчих байх гэж бодсон юм гэдэг.

Ж.Ч: Зүрхний шигдээсийн үед цээжинд хөндүүрлэнэ, унтаж байхад сэртэл өвдөнө. Зүрхний шигдээс болохын өмнө зүрхний цохилт огцом нэмэгддэг.

Х.М: Эрт үед нь эмнэлэгт хандвал зүрхний өвчинг эмчлэх боломжтой. Гэртээ хүлээгээд суувал хэн ч тусалж чадахгүй. Олон улсын судалгаанаас харахад 1000 хүн тутмын гурав нь зүрхний хэм алдагдах өвчинтэй. Хэм алдагдал олон төрлөөр илэрч болдог. Хэм алдагдал болгон өвчин биш байдаг.

Зүрх судасны өвчний талаар баримтууд

-ДЭМБ-ын судалгаагаар зүрх судасны өвчний нас баралт дэлхий дээрх нийт нас баралтын 31 хувийг дангаараа эзэлж байна. Дэлхий дээр гурван хүн нас барахад түүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас бардаг.

-2010 онд дэлхий даяар 863 тэрбум долларыг зөвхөн зүрх судасны өвчинг эмчлүүлэх, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан байна. 2030 онд энэ тоо нэг их наяд хүрнэ. 863 тэрбум доллар гэдэг Турк улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

-Манай улсад 10 мянган хүний дунд хамгийн элбэг тохиолддог өвчин нь нэгдүгээрт амьсгалын замын өвчин, хоёрдугаарт хоол боловсруулах замын өвчин, гуравдугаарт зүрх судасны өвчин ордог.

-Зүрх судасны өвчнүүдэд эрчүүд хамгийн өртөмтгий байна. Эрчүүд өөрийнхөө эрүүл мэндийг эхнэртээ даатгаад орхиж болохгүй. Өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй. Дундаж наслалт эрчүүдэд 66, эмэгтэйчүүдэд 75.9 байна.

-Артерийн судас өөхөн хуримтлалаас болж зай нь багасдаг. Үүнээс үүдэн судсанд цусан бүлэн үүснэ. Тэгээд цааш урсаж чадахгүй, үхжил явагдана.

Эх сурвалж: itoim.mn

  • Шинэ
  • Их уншсан