В.Путин: ОХУ-д ажлын бус өдрүүд дууссан ч тахал өвчний эсрэг тэмцэл үргэлжилнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдлын талаар хийсэн зөвөлгөөний үеэр ажлын бус өдрүүд дууссаныг мэдэгдлээ.  

Ажлын бус өдрүүд зургаан долоо хоног үргэлжилсэн болохыг В.Путин онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, эдгээр онцгой арга хэмжээ нь улс орны бүх бүс нутагт коронавирустэй тэмцэхэд илүү сайн бэлтгэх боломжийг олгожээ. Одоо эмнэлгийн тогтолцоонд хэт их ачаалал өгөх эрсдэл байхгүй болсон тул амралтын өдрийг цуцалж болно гэж тэрбээр үзэж байна. Гэсэн хэдий ч коронавирусний цар тахалтай хийж буй тэмцэл үргэлжилсээр байгаа учир хязгаарлалтын арга хэмжээнээс нэгэн зэрэг гарах боломжгүй гэдгийг Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.
В.Путин мөн ард иргэдийг дэмжих шинэ арга хэмжээнүүдээ танилцууллаа.
Ажлын бус өдрүүд ба хязгаарлалтыг цуцлах тухайд
 
Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор амралт болгосон өдрүүд тавдугаар сарын 11-нд дуусгавар боллоо. Өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хязгаарлалтын дэглэмээс үе шаттайгаар гарах боломжийг олгоно гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Түүнчлэн хязгаарлалтын арга хэмжээнээс нэгэн зэрэг гарах боломжгүй тул бүх нөхцөл, ариун цэврийн шаардлагыг чанд сахин мөрдөх шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.
 
Тавдугаар сарын 12-ноос эхлэн эрүүл ахуйн ерөнхий шаардлага төдийгүй бүс нутгуудад авсан урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээнүүд хэвээр хэрэгжих ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэв.
Эдийн засгийн суурь салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүд боломжтой бол тавдугаар сарын 12-нд ажлаа үргэлжлүүлнэ. Үйл ажиллагаа нь хараахан сэргээгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хувьд цалин хөлсийг нь олгох ёстой. Үүний зэрэгцээ олон нийтийн арга хэмжээг хориглосон хэвээр байна.
ОХУ-ын бүс нутаг бүр коронавирусний халдвар авсан хүмүүст тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг В.Путин тэмдэглэв. Түүний хэлснээр, "өвчний хүндрэлийг эмчлэх зориулалттай тоноглогдсон тусгай орны тоог 29 мянгаас 130 мянга болгож нэмэгдүүлж, одоо маш хэрэгтэй байгаа хиймэл амьсгалын аппарат гэх зэрэг тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлжээ.
 
ОХУ-ын бүс нутгуудын захирагч нар хязгаарлалтын арга хэмжээг сулруулах эсвэл чангатгах талаар өөрсдөө шийдвэр  гаргах боломжтой.   
В.Путин мөн корнавирусний шинжилгээг үр дүнтэй хийхийг шаардсан байна. Шинжилгээний тоог тавдугаар сарын дунд үе гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 300 мянга болгоно гэдгийг онцлон дурдлаа.
 
Хөдөлмөрийн зах зээлийг хадгалах тухайд
 
ОХУ-ын Ерөнхийлөгч иргэд болон эдийн засгийг дэмжих шинэ багц шийдвэр гаргасан байна. В.Путин оросуудад шууд тусламж хэрэгтэй байгааг тэмдэглэв.
Тэрбээр хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулах талаар үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахыг Засгийн газартаа даалгасан байна. Путиний мэдээлснээр, тус улсад албан ёсоор бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1 сая 400 мянгад хүрчээ.
 
Оросын Ерөнхийлөгч мөн зургадугаар сарын 1-нээс цар тахлын улмаас хохирсон аж ахуйн нэгжүүд, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв зээлдэгч ажлын байрыг 90 хувийн түвшинд хадгалж чадвал төр өөрөө ийм зээлийг төлнө.
 
Хуурамч ажлын байр бий болгох луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газар зээлийн шинэ хөтөлбөрт хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавих ёстой байна. Үүнээс гадна, Оросын Ерөнхийлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хоёрдугаар улирлын бүх татвар, даатгалын шимтгэлээс чөлөөлөхийг санал болгов. Түүний тооцоолсноор 1.5 сая гаруй компани энэ боломжийг ашиглах боломжтой. Түүнчлэн В.Путин албан ёсоор бүртгэлтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг бүх хүмүүст 2019 онд төлсөн орлогын албан татварыг буцааж өгөхийг санал болгов.
Тэрбээр мөн жижиг аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлдэг төрийн бичил санхүүгийн байгууллагуудыг 12 тэрбум рублиэр хөрөнгөжүүлэх санал гаргав.
 
Гэр бүлүүдэд олгох тусламж
 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, 27 сая хүүхэд өсгөж буй гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна. Тэрбээр хүүхэд асрах тэтгэмжийн хэмжээг 3375 рублиэс 6751 рубль болгон хоёр дахин нэмэгдүүлэх санал гаргав. Зургадугаар сарын 1-нээс эхлэн 3-16 насны хүүхэдтэй айлд хүүхэд тус бүрт 10 мянган рублийн нэг удаагийн тэтгэмж олгоно.
В.Путин мөн ахмад настнуудад хандан  “өөрийгөө тусгаарлах дэглэмийг” сахин мөрдөхийг уриалжээ. Энэ бол амь настай холбоотой асуудал гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ.
Оросын Ерөнхийлөгч мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хувийн арга хэмжээгээ чангатгахыг иргэдээсээ хүсэв.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан