МАН ахмадуудаа ангуучлах цагаар

Ардын нам 100 жилийн босгон дээрээ үр могойнууддаа залгиулан бүтээсэн түүх, нийгэм дэх баялгаа үгүй хийх нөхцөл байдалд ороод байна. Ахмадуудаа зайлуулж шинэлэг залуу нам болох юм байх. Гэвч үнэндээ үе үеийн  хэлхээ, уламжлал шинэчлэл гэдгийг жинхэнэ утгаар нь харуулах боломж МАН-д  л байгаа. 

Олон жил ачааны хүндийг үүрч өнөөдрийн энэ байр сууринд тэднийг авчирсан ахмадуудаа зайчлан өөрсдөө бүхний эзэн суухаар яаравчилж байгаа сурагтай. Бодит байдал дээр Ардын намд, цаашилбал улс орны ирээдүйд аюул тарих гол хүч хууччуулд нь биш шинэ үеийнхэнд нь оршиж байгаад хамаг учир байгаа юм. Системийн гажуудал болсон намын доторх “улаан хамгаалагчдын байгууллага” нь яван явсаар энэ цагт ирээд Ардын намыг өөрийг нь залгих үр могой болон хувирч байна. Зөвхөн үзэл суртлын нийгэмд л тохирон системдээ үйлчилж, намын залгамж халааг бэлдэж байсан бүтэц чөлөөт нийгэмд хамгийн их гай зовлонг авчрах карьерист сүрэг болон үржинэ гэдгийг өнөөгийн 60, 70 настнууд тухайн үед  даанч төсөөлөөгүй биз.  Тэдэнд анхнаасаа эрх мэдэлд хүрэх хязгааргүй их шунал байсан болохоос биш ямар ч үзэл санаа, ёс зүй гээч юм байгаагүй. Тиймээс ардчиллын хийгээд хүмүүнлэг ёсны үнэр ч үгүй тэр аймшигт сүрэг эрх мэдэлд яаж ийгээд хүрэх, эрх мэдэлд хүрснийхээ дараа өөрсдийн дураар нийгмийн баялгийг олзлон авч болох юм гэсэн ганцхан эрх ашгаар нэгдмэл цул болон өргөжсөөр өнөөг хүрсэн билээ. Хэдэн арван мянгаар тоологдох тэрхүү сүрэг өнөөдөр нийгэмд эхнээсээ цоройн гарч ирэн олз ашгийн төлөө хэрхэн уулгалан дайрч байгааг өнөөдөр бид харж байна.

Энэ бол зөвхөн эхлэл нь юм. Энэ жишгээр гоё дүр төрх, түүх, зохион бүлэглэн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж эрх мэдлийг авах гэсэн бүхэл бүтэн үеийнхэн өнөөдөр Монголын улс төрийн орчинд бий боллоо. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд өмнөх жилүүдтэй зүйрлэхээргүй олноороо хүч түрэн орж ирэх гэж буй энэ сүрэг нийгэмд ямар гай зовлон тарихыг төсөөлөхөд ч бэрх. Монгол төрийн түүхэнд урьд хожид дуулдаж байгаагүй төрийн албан хаагчдын үйлдсэн хүн амь, хүчин, хулгай дээрмийн хэргүүд үнэндээ хэнд хаяглагдаж байгааг олон түмэн харж л байгаа. Энэ бол гүтгэлэг биш бодит байдал юм. Монголчууд бид ямар үр тарина түүнийгээ хураана гэж хэдэн зуун жил ярьж ирсэн улс. 90-ээд оны эхэн үед гэмгүй мөрөөрөө сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөх гэсэн хүсэлтэй байсан залуу үеэ зориудаар улс төрийн зорилгоор хуарагнуулан цуглуулж, өөрсдийнхөө явцуу эрх ашигт үйлчлүүлж ирсэн буруу үйлийнх нь үр өнөөдөр ийнхүү хорт идээгээ савируулж эхэллээ. Өлсгөлөн үр могой эхийгээ идэж буй эмгэнэлт дуулийг их найрагч Б.Лхагвасүрэн гуай зүгээр ч нэг бичээгүй биз. Хойч үеэ буруу замаар будаа тээлгэн өсгөхийн гай зовлонг ёр билгийн аргаар дүрслэн үзүүлсэн гэж л бодогдоно. Ардын намын үр могойнуудын өлсгөлөн дүр төрхийг өнөөдөр бодитойгоор харж байна.

Эрх мэдэлд шунасан тэд нийгэмд үе насны зөрчил гээч юмыг бодитойгоор илэрхийлж эхэллээ. Ахмад үеэ л бушуухан зайлуулчихвал өөрсдийнх нь ноёрхлын цаг ирнэ гэж итгэсэн тэд нэн тэргүүнд нам доторх ахмад үеэ илэрхий адлан хар хороо гээж, төр түших ид насандаа ирж буй ахмад үеэ тэд 50 гарав уу, үгүй юу л хөгшин хөвөөгөөр нь дуудан гоочилж байна. Уг нь дэлхийн практикт 50, 60 насныхан л голдуу парламентад суусан харагддаг. Хууль тогтоох байгууллагад амьдралын туршлага нийгмээ зөв чиглүүлэхэд ямар чухал үүрэгтэй гэдэг нь хүн төрөлхтний туулж ирсэн замналаар батлагдсан зүйл. Гэтэл манайд эсрэгээрээ оюутны ширээнээсээ гарав уу үгүй юу дарга болно, төр түшнэ гэсэн нөхдүүд хэл, амаа гозогнуулдаг нь хэвийн зүйл болжээ. Энэ буруу жишиг, гажуудлын гай зовлонг бид нийгмээрээ л амсах болно. Уг нь манай нийгэм зөв хандлагатай байсан бол залуу үеэ эрх мэдлийн төлөө улангассан өлсгөлөн могой болгон өсгөхийн оронд сурах насандаа сурч, ажиллах насандаа ажиллах хүсэл эрмэлзлээр төлөвшүүлэх байсан юм.

Гэвч анхнаасаа мордохын хазгай болжээ. МАН энэ аюулаас гарах ганцхан зам нь намчингуудынхаа шахаанд оролгүй нийгэмд өөрийн гэсэн ажил мэргэжлийн болон нэр хүндийн капитал үүсгэсэн ид үеийнхнээр эгнээгээ тэлэн, эрүүл саруул хэсгүүд рүү үйл ажиллагаа, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлэх стратеги боловсруулах л байгаа юм. Үр могойнуудын шахалт, арга заль өнөөдөр төгсрөлийг олж нийгмийн бүх эд эсэд шургасан. Их ч хүчтэй, их ч хортой. У.Хүрэлсүхийг ямар ч шахалтад автахгүйгээр цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байх эрэмбэ дарааллыг тогтоож чадах эсэхийг одоо харах цаг болжээ. Гэвч намчирхсан, намын үе давхарга үүсгэсэн гажуудал нь монгол улсын эх ашгийн эсрэг системчлэгдсэн учраас засагдаж залрагдана гэдэг юу л бол? У.Хүрэлсүх Монголын төлөөх суприм лидер үү, эрх ашгийн төлөөх хулхи хувьсгалч уу гэдгийг харах цаг боллоо.

  • Шинэ
  • Их уншсан