А.Саруул: Энэ жил үнэхээр нийгмийн тэсрэлт хийсэн сонгуулийг хүлээж байна

Хэлэх дуртай үг: Эзэн хичээвэл заяа хичээдэг
 
УИХ-д бие даан нэр дэвшиж буй улс төр судлаач А.Саруултай ярилцлаа.
 
 
-Та олон жилийн өмнөөс шударга бус зүйл, төрийн шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал цуглаан хийсээр ирсэн.  Иргэн хүн ингэж тэмцээд хэр үр дүн гардаг вэ. Үе үеийн төрийн түшээд анхаарч сонсох нь хэр байсан бэ?
 
-Олон жил тэмцэхдээ нэг зүйлийг анзаарсан. Ганц дайчин ганцаарддаггүй юм байна лээ. Яагаад гэвэл тухайн асуудлыг нийгэмд таниулж ойлгуулахад заавал  олуулаа байх шаардлагагүй, асуудлын гол цэгийг хөндөж, гарсан үр дагаврыг баримттай дэлгэхэд учрыг ойлгосон хүмүүс аяндаа дэмжээд ирдэг. Асуудлыг дарга түшмэдүүд хэр сонсдог вэ гэж үү?
Тэд мэдээжээр хамгийн анхааралтай сонсдог, учир нь яг тухайн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг, эсвэл өөрийнх нь хариуцсан асуудал учраас мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Сонсоогүй царай гаргадаг л байхгүй юу.
Тэмцэл бүр үр дүнтэй. Заавал шүүхээр шийдэгдэж байж үр дүнд хүрлээ гэхгүй. Тухайн гэм хэрэг шүүхийн өмнө очоогүй хэрнээ өчнөөн олон хохирогчтой, өчнөөн их төсөв хөрөнгө хулгайлсан нь илэрхий учраас түүний цааш өсөх зам аяндаа хумигдаад ирдэг. Нийгэмд ёс зүйн үнэлэмж бий болоход илэрхий гэмт хэргүүдийн талаар мэдээлэл түгээх нь өөрөө ач холбогдолтой. Гүтгэж гүжирдсэн, хүний нэр төрд хуурамчаар халдсан хэргүүдийг хэлсэнгүй. Тийм муухай хүмүүсийг ч нийгэм өнөөдөр сайн ялгаж салгадаг болж.  Тийм баатруудыг ч нийтээрээ илчилдэг болж. Муу муухайгийн эсрэг явахад ганц хүн ганцаарддаггүй юм шүү.
 
 
-Та нэг хэсэг АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ажиллаж байсан.  Олон нийтийн зөвлөлийн үүрэг их ч нөлөөлөл бага байгаа нь анзаарагддаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш нөлөөлөл тогтоох боломжийг хааж байгаа хүмүүсийн үйлдэл гэж харж байна?
 
-ОНЗ-ийн гишүүн хэвээрээ. ОНЗ гол нь албан тушаалтны үйлдсэн авилгын гэмт хэргийн талаар АТГ-т ирүүлсэн өргөдөл гомдлыг хаана, ямар шатанд яваа талаар тодруулах, шаардах эрхтэй. Тэрнээс мөрдөн шалгах процесст оролцох зэрэг хамгийн чухал хаалга ОНЗ-ийн өмнө хаалттай шүү дээ. АТГ, прокурор, шүүхийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төвшинд олж авдаг, илүү эрх дархгүй, цалин хөлсгүй сайн дурын байгууллага. АТГ-аас иргэдийн гаргасан гомдолд хариу хэлдэггүй сураг тасардаг талаар маш их гомдол ирдэг. АТГ өөрөө ерөнхийдөө ОНЗ-ийн өмнө хаалттай хэвээрээ байгаа. АТГ гэмт эхргүүдийг шалгаад прокурорт шилжүүлдэг, прокурор нь АТГ рүү буцаадаг.. Өнөөх л асуудал хэвээрээ. Та үнэхээр голыг олж хэллээ, үнэхээр манайд хуулийн засаглал хараат хэвээрээ л байна.
 
-Сонгуулийн дараа санал луйвардсан, мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн гэх мэдэлээл ил болдог ч тэгсхийгээд л намжчих юм. Сонгуулийг шударга ямар нэгэн эргэлзээ маргаангүй явуулах ямар арга зам байдаг юм бол. Дэлхийн бусад орны бодитой жишээнээс та хэлж өгөөч?
 
 -Яг тэгээд байна. СЕХ сонгуулийн хууль илэрхий зөрчөөд байхад тоодоггүй, Гомдол гаргаад ч хэрэгсдэггүйг удаа дараа харж байна. Намууд сурталчилгаагаа аль хэдэн сарын өмнөөс эхэлснийг харсан хэрнээ таг л байна. Шударга явуулдаг улсуудын жишээ гэвэл өөрийнхөө сурсан ХБНГУ-ыг нэрлэе.
Сонгуульд нэр дэвшигчид манай улс төрчид шиг тэрбумыг цацдаггүй. Минйи таньдаг нэр дэвшигч зэрэг явагддаг орон нутгийн, бундестагийн ба ЕХ-ны гурван сонгуульд хувиасаа ердөө л 320 евро зарцуулсныг би харсан. Сонгууль нь намыг жагсаалтаар, нэр дэвшигчдийг шууд сонгодгоос шалтгаалж, нам нь  таван хувийн босго давсан бол нэр дэвшигч нь сонгогддог. Иймээс нэг их улайраад хуураад гүйх шаардлагагүй. Тайван сайхан сонгууль явагддаг. Энд яагаад шударга явж байна вэ гэвэл:
 
1. Улс төргүйгээр ч сайхан амьдрах боломжтой. Бизнессээ хийгээд л явахад хангалттай сайхан нийгэм. Монголд бол улс төрөөс бүх зүйл дэндүү хараат.
2 Германд саналаа дугуйлж гарч ирэнгүүтээ сонгогч нэгэн түүвэр судалгаанд хамрагддаг. Санал өгсөн танхимын гадаа үүдэнд төв телевизийн хараат бус судалгааны төлөөлөгчийн хажуудаа тавьсан хайрцагт сонгогч яг адилхан саналын хуудас бөглөж хийнэ. Сонгогчдын тодорхой хувийн саналыг зуруулж аваад телевиз рүү очиж саналыг тоолно. Сонгуулийн хэсгийн хороо хаагдахаас цагийн өмнө тухайн түүвэр судалгааны дүнг телевизүүд цацаж эхэлдэг.
Энэхүү дүнг зарласны дараа сонгуулийн хэсгийн хороодын жинхэнэ дүнг шууд дамжуулж эхэлдэг. Санал тоолж дуусмагц СЕХ руу шууд утасдаж тайлагнадаг хуультай. Ингэж тулгаж шалгахад сайндаа 0.1 хувийн л зөрүү гардаг байна.
3. Сонгуулийн тойргийн хүн амын тооны зөрүү 15%-д хүрэхэд сонгуулийн тойргуудыг шинээр хуваарилдаг. Бундестаг буюу ХБНГУ-ын парламент нь ард түмнийхээ төлөөлөл байхын тулд манайх шиг шударга бусаар тйоргоо хуваарилдаггүй.
4. ХБНГУ-ын сонгуулийн ажиглагч нар үнэхээр л ажиглах эрхтэй. Өрөөний голд тавьсан ширээн дээр саналыг тоолж байгааг ажиглан хажуугаас нь ажиглаж суудаг юм билээ. 5. Сонгуулиа шударга явуулах нь өөрөө маш сайхан хэрэг. Хуурч яадаг байна. Манай сонгуулийн лувйрын талаар ярихад тэд огт итгэдэггүй. Тийм төвшинд л ухамсарлаж явдаг хүмүүс дээ.
 
 
-Та хар машинаар тоолох нь шударга байж чадна гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ?
 
-Саналын хуудсыг гараар тоолдог байхад ямар аймшигтай байсныг хүмүүс мартчихсан болтой. Бэлэн бөглөсөн саналын хуудсуудыг алимны хайрцгаар зөөж авчраад, санал тоолж эхлэхийн өмнө хаа сайгүй гэрэл тасарч, бэлэн бөглөсөн хуудсуудаа хайрцагт хийдэг байсныг мартсан болтой. Саналын хайрцаг давхар ёроолтой, доор нь бөглөсөн хуудсууд хийчихдэг байв. Маш мухай бүдүүлэг луйврууд хийдэг байсан. 
 
"Хар машин"-ныг манайхан буруу ашигладаг. Жишээ нь төв сервер гэж байхгүй. Уг нь нэгдсэн нэг төвтэй бол хэн нэг хүн хэд хэдэн газар санал өгөх боломжгүй л байхгүй юу. 2016 онд нэг том дарга өглөө нь Зуунмодод, үдээс хойш Хан-Уул дүүрэгт санал өгчихсөн тууж явсан нь илэрсэн. Уг нь тэр хүн хотод ирж хурууны хээгээ уншуулахад л "Та санал өгсөн байна" гэсэн аваарын дохио дугарах ёстой байхгүй юу. Бас тодорхой луйварддаг хэсгүүд дээр хакердаж үймүүлэх хүмүүүсээ бэлдсэн байгаа гэж сонслоо. Гараар тоолох нь үнэндээ илүү аймшигтай л гэж хэлмээр байна.
 
-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?
 
- Энэ жил үнэхээр нийгмийн тэсрэлт хийсэн сонгуулийг хүлээж байна. Манай улсад жишээ нь Щвейцари улс шиг иргэд нь намуудын адил санал хураалт явуулан шийдвэр гаргах эрхтэй байдагсан бол, намуудын гаргасан шийдвэрийг санал хураалтаар цуцалдаг, эсвэл засаж залруулдаг, тодорхой асуудлыг ард түмнинээсээ асуухгүйгээр шийдэх эрхгүй байдагсан бол яалаа гэж энэ олон бие даагчид шийдзвэр гаргах төвшинд очихоор шулуудах вэ дээ. Дан ганц намууд л шийдвэр гаргах туйлын дархан эрхтэй, гэхдээ тэр намууд нь үнэндээ хувийн эрх ашиг, эрх мэдлийг хамгаалах ашиг сонирхлын бүлэг байгаа учраас улсаа ингэтлээ дампууруулсан гэмт хэрэггнүүдээс иргэд эх орноо, үр хүүхдүүдээ аврахаар шийдсэн нийгмийн хавтгайрсан бухимдлын үр дүн.  Энэ бол тэсрэлт хийхийг шаардсан сонгууль.
 
 
 
-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?
 
-Бие даагчдыг сонгогчид "ганцаараа хэн ч биш, хий суудал бөглөсөн, эрх мэдэлд дуртай хэдэн юм" хэмээн өмнөх ганц хоёр ганцаарчилсан тоглолт хийдэг нөхөдтэй зүйрлүүлж бодоод байгаа. Гэтэл намууд ч бодлого гаргаад байгаа юм алга байгааг бид бүгд харж байна. Энэ удаагийн нэр дэвшигчид бүгдээрээ нэг нэгнээ танихгүй, ганц нэгээрээ гүйлдэж яваад гэнэт улс төрд орохоор шийдсэн хүмүүс биш.  Тийм хүмүүс байгаа л байх. Харин миний таних олон хүн бие дааж дэвшихээр шийдсэн байна лээ. Бид санал бодлоо солилцож, сошиал сүлжээнд нэг нэгнээ мэддэг, үзэл бодол нийлсэн, гол нь нэлээд олон жил тодорхой сэдвээ судалсан, тодорхой чиглэлээр ажилласан тийм хүмүүс байгаа. Зарим тохиолдолд бүр хамтран ажиллаж байсан хүмүүс ч байна. Иймээс намын атганд базуулж, өөрийн бодлоо уралдуулах чадваргүй, намынхаа буянаар эрх мэдэлд хүрсэн учраас улсын төсвөөс намдаа хувь хүртээж, өөртөө төсөл хөтөлбөрүүдээс 10 хувийг зулгааж суудаг намын бүлгээс хувь илүү гэж бодож байна. Хулгай, луйвар, өр ширэнд баригдсан этгээдүүд ч бие даагч гээд дэвшиж яваа гэж дууллаа. Сонгогчид ялгаж салгах ухаан суусан шүү. Басаж доромжлох ёс зүйгүй битгий байгаарай тэд.
 
-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

  • Шинэ
  • Их уншсан