Уран зохиол: Дайн хийгээд Ялалтын тухай хүүхэдтэй хамт уншиж болох таван ном

Дайны тухай хүүхдэд хэрхэн ярьж таниулах вэ? Хүүгээ, эсвэл охиноо энэ үгийн утгын талаар аль болох хожуу хойно олж мэдээсэй гэж эцэг эх бүхэн хүсдэг хэдий ч өөрийн эрхгүй энэ асуулттай тулгарах болно. Ялалтын өдөр ярвигтай, амаргүй энэ сэдвийг дэвшүүлж хөндөх аятайхан далим болох бөгөөд сайн ном зохиолууд харин танд туслах болно. "Российская газета" сонин тавдугаар сарын таван шинэ номыг санал болгожээ. Өөр хоорондоо ялгаатай ч дайн дахиж хэзээ ч давтагдах ёсгүй гэсэн ганц санааг эдгээр номд өгүүлжээ.

 

"Үүл баруунаас буцаж нүүдэг", Владислав Крапивин

АСТ, 2020.

Александр Твардовский, Булат Окуджава, Василь Быков, Константин Симонов, Константин Паустовский... нарын зэрэг бидний хайрлаж хүндэлдэг зохиолчдын бүтээлээс багтааж ойд зориулсан цуврал номыг "Аугаа их Ялалтын 75 жил. Дайны тухай хүүхдэд" хэмээн хэвлэлийн газар нэрлэжээ. “Үүл баруунаас буцаж нүүдэг” хэмээх ном онцгой шинэ бүтээл. Уран бүтээлээ туурвиж эхэлсэн он жилүүдэд Владислав Крапивины бичсэн эдгээр өгүүллэг, тууж өөрийнх нь дурсамж, тэмдэглэлийн хамт  анх удаа хэвлэгдэж байгаа ажээ.

"Ялалтын баяр бахдал болон эцэг, хөвгүүд нь орон гэртээ эргэж ирээгүй айл өрхийн уй гашуутай өнгөрсөн дайны ул мөр болж үлдсэн өлсгөлөн зовлон, дутагдаж гачигдсан амьдрал холилдож сүлэлдсэн дөчин зургаан оны бүхий л дүр зураг жаран онд ухаан санаанд минь тов тод байсан билээ” – хэмээн өгүүллэгийнхээ нэгийг бичсэн цаг үеийн тухай зохиолч ийнхүү өгүүлжээ.

Энэ номын гол үйл явдал дайн байлдаан биш, бөмбөгдөлт, дайралт давшилтын тухай та олж уншихгүй. Энэ ном дайны үеийн жирийн хөвгүүд, охидын амьдралын тухай өгүүлнэ. Хичээл сургуульдаа явж, тоглож наадаж, хүүхэд зангаар дэггүйтэж, өвлийн улирлын амралтаа хүлээсэн хүүхдүүд ... Гэхдээ энэ бүхний цаана гай зовлонгийн бараан сүүдэр яаж ийгээд тусна.

"Өнөөгийн хүүхэд багачуулын амьдралд өөрийн гэсэн баяр баясгалан, хүндрэлтэй асуудал, зовлон бэрхшээл бий. Гэхдээ бидэнд тохиолдсон гай зовлон, айдас түгшүүрийн талаар ойлгож мэддэг байх нь тэдэнд ашиг тустай” – хэмээн номынхоо өмнөтгөлд зохиолч бичжээ. Эмхэтгэл номоо зохиолч ач, зээ нартаа зориулсан юм байна.

"Булцгар хацартай Лёка", Елена Коровина.

Никея, 2020.

Тоор жимстэй адилхан бумбайж булцайсан хацраараа бяцхан Артем таньдаг мэддэг бүх хүний хайрыг булааж, хацрыг нь илж, үнсэхийг бүгд түүнээс хүсч гуйдаг байлаа. Нэрийг нь “Тёма” гэж дуудах ээжийгээ дагаж хэлэхдээ бяцхан хүү “Ёка” болгож хувиргана. Ийнхүү тэрээр бусдын хувьд Лёка болсон аж. Хүүгийн дуртай зүйл нь модон иштэй мөсөн чихэр, түүнд янз бүрийн тоглоом олон, бас эгдүү хүргэсэн гэзэгтэй Иришка охин түүний найз. Гэтэл дайн эхэлж, бүх юм өөрлөгдөв. Байнга баяр баясгалантай явдаг ээж нь одоо байн байн нулимс унагаж, аав нь фронтод явж, хүүгийн өнөөх хөөрхөн булцгар хацар нь хонхойжээ...

Аугаа их Эх орны дайны хамгийн аймшигтай үеийн нэг бол Ленинградын бүслэлт. Энэ ном бол хүйтэн хөлдүү хотод ээжийнхээ халуун хайр, мөргөл залбиралын ачаар амьд мэнд үлдсэн бяцхан хүүгийн бодит түүхээр бичсэн богино тууж. Ээж нь аль хэдийн байхгүй, гэхдээ тэр ээжийнхээ халуун дулаан хайрыг Артем, одоо тэрээр санваартан, эцэг Артемий болсон ч насан туршдаа сэтгэл зүрхэндээ тээж явна.

"Эцэг Артемий талхыг байнга л өөдөс талх (хлебушек) хэмээн нэрлэнэ. “Өөдөс талх авсан уу? Чамд өөдөс талх өгөх үү, эсвэл нийслэл талх уу?” – гэж ярина. Эцэг Артемий бас цаг үргэлж даарч бээрнэ. Бүр халуун зунаар ч ялгаагүй. Түүний эхнэр, Ольга авхай, өөрийн гараар сүмийнхний өмсдөг урт ханцуйтай дулаан дотуур хувцас оёж өгнө”.

Виктория Китавинагийн гоё чамин зураг чимэглэл энэ туужийн өгүүлэмжийг улам баяжуулна. Петропавловын цайзын дээгүүр хийж байгаа Ялалтын буудлагаар уг ном өндөрлөдөг.

 

"Флон-Флон ба Мюзетт", Эльжбета.

Самокат, 2020.

Ер нь бага балчир насныханд зориулж дайны тухай өгүүлсэн ном байдаг болов уу? Байлгүй яах вэ, жишээлбэл, "Флон-Флон ба Мюзетт" байна. Энэ бяцхан номд горхины дэргэд хамт дуртайяа тоглож байгаад гэнэт дайны улмаас эсрэг тэсрэг талд хамаарах болсон хоёр бүжин туулайн тухай өгүүлдэг.

Зохиолын санаа энгийн хэрнээ гүнзгий бөгөөд хамгийн бяцхан уншигчид маань дайн ямар аймшигтай, энх тайван ямар их үнэ цэнтэй болохыг ухаарч ойлгоно. Зохиолын зарим нэг санаа томчуулын сэтгэлийг ч бас зовооно. Тухайлбал:

"Аав нь санаа алдаж: - Дайн бүрмөсөн мөхөөгүй ээ, хүү минь. Тэр хэсэг зуур унтаж нойрсож л байгаа юм. Харин түүнийг унтаж байхад нь тун болгоомжтой, сэрээхгүй байх хэрэгтэй".

Дашрамд тэмдэглэхэд номын зураг чимэглэлийг зохиогч өөрөө хийсэн аж. Эльжбета хүүхдэд зориулсан өгүүллэгийн чимэглэлийг өөрөө дандаа зурдаг бөгөөд энэ удаа ч мөн алгасаагүй. Францын зохиолч, чимэглээч 1936 оны долдугаар сарын 3 – нд Польшид төржээ. Дайны үед эцэг нь сураггүй алга болж, хүүхэд насаа тэрээр Польш, эзлэгдсэн Эльзас, Англи, дараа нь Парист амьдарч өнгөрүүлжээ. Зохиолч эмэгтэй 2018 онд бурхны орноо заларчээ.

 

"Ялалтын зэвсэг", В. Бакурский, Б. Соломонов, С. Федосеев.
 

РОСМЭН, 2020.

Буудлагын зэвсэг, гранат, гранат шидэгч, зенит, хуягласан авто машин, мин, дайрагч, сөнөөгч нисэх онгоц, танк... Ялалт байгуулахад шаардлагатай байсан бараг бүх зэр зэвсгийн жагсаалтыг энэ номд цуглуулжээ. Эдгээр зэвсэг нэг бүрийг зураг чимэглэл, архивын материалаар баяжуулсанаас гадна эдгээр домогт зэвсэг техникийг бүтээсэн зохион бүтээгчдийн талаар номын зохиогчид марталгүй анхаарсан байна.

"75 жилийн тэртээх зэр зэвсэг, цэргийн техник бол зөвхөн дайнд оролцогч, Ялалтын бэлгэ тэмдэг төдий зүйл биш ээ. Энэ бол Эх орноо хайрлан хамгаалдаг хүмүүсийн авьяас билиг, хур туршлага, уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Зөвлөлтийн зэр зэвсгийн үр нөлөө, энгийн, найдвартай чанарыг дайсан, холбоотны аль аль нь хүлээн зөвшөөрсөн билээ" – хэмээн номын өмнөтгөлд зохиогчид сануулжээ.

“Ялалтын ном” хэмээх түүх, соёлын уралдаант шалгаруулалт энэ номоор өндөрлөснийг дашрамд тэмдэглэе. Энэ номыг хөвгүүд ихээхэн сонирхож судлана, мөн багш нарт, ер нь цэрэг дайны үүх түүхийг сонирхдог бүх хүнд бас хэрэг болно.

"Аугаа их Эх орны дайны тухай 75 баримт", С. Рюмина, П. Баратов.

Clever, 2020.

Ялалтын 75 жилийн ойд тусгайлан зориулж, Аугаа их Эх орны дайны болж өнгөрсөн үйл явдлын дүр зургийг бүрэн дүүрэн, өргөн цар хэмжээтэй харуулахуйц 75 баримтыг ном бүтээгчид цуглуулжээ. Энд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс, шийдвэрлэх тулаанууд, баатар хотууд, зэвсэглэл, алдартай хөшөө баримал, тэртээх он жилийн зурагт хуудас зэрэг зүйл багтжээ.

Энэхүү энциклопедийг эзэмшигч өсвөрийн хүүхэд багачуул дайнд оролцож явсан төрөл төрөгсдийнхөө тухай өөрийн гараар бичиж, мөн тэдний гэрэл зургийн хуулбарыг байршуулж болохоор жижигхэн булан бүхий хэсгийг номын төгсгөлд оруулсан ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан