Хүүхэд хамгаалах ажлын хүрээнд Монголд 15 тэрбум төгрөгийн тусламж АНУ-аас үзүүлнэ

ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзийтэй  тус яаманд  хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.

-ХЗДХЯ-нд олон жил ажиллаж байгаа, туршлагатай хүмүүсийн нэг гэдгийг салбарынхан тань ярьдаг. Хэчнээн жил энд ажиллаж байна вэ? 

-Миний бие 1998 оноос хойш 22 дахь жилдээ ХЗДХЯ-нд ажиллаж байна. 2016 оноос хойш Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллах болсон.  Ажлын туршлагын хувьд өмнө нь хуулийн төсөл боловсруулах, мөн мониторингийн чиглэлээр ажиллаж байлаа. Миний ажиллаж байгаа салбар өөрөө маш олон харьяа агентлаг, байгууллага хариуцдаг, өргөн  хүрээтэй, их онцлогтой шүү дээ.

-Танай яамнаас томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Одоо ямар төслүүд хэрэгжүүлж байгаа бол?

-ХЗДХЯ-нд яг одоо хэрэгжиж буй үндсэн дөрвөн төсөл бий.  Төслүүдийг олон улсын байгуулагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. Тухайлбал,  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ Ханнс зайделийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, БНСУ-ын КОИКА зэрэг байгууллага маш өргөн хүрээнд, олон жилийн турш дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархаж явдаг.

Манайхтай олон жил хамтран ажиллаж буй төслийн талаар эхлээд ярья. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ нь 1995 оноос хойш манай яамтай хамтран ажиллаж байна. Төслүүд олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй чиг үүрэг, онцлогоос хамааран өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй иргэн, эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүх засаглалыг бэхжүүлэх, хууль хяналтын байгууллагын алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр  үр дүнтэй хамтран ажиллаж ирлээ.

Тус нийгэмлэгтэй хамтран 2017-2020 онд “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийг өдгөө хамтран хэрэгжүүлж байна. 2017 оноос хойш Өмчтэй холбоотой багц хуулийн төсөл боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд, тухайлбал, зарим хууль болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дээр хамтран ажилласан. Зарим ажлууд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

-Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгээд байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөөч.

-Шүүхийн тухай хуулийн  төслийг боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Манай яамнаас Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран шүүхийн тухай хуулийн үр нөлөөний тандалт судалгааны ажил хийсэн байна.

Тус нийгэмлэгтэй шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр бас хамтран ажилладаг.  Энэ ажлын хүрээнд ШЕЗ, төсөлтэй хамтран ажилтнуудыг сургах чиглэлээр хамтран тодорхой ажлууд хийж байна.

-Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй маш олон жил хамтран ажиллажээ. Олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдол юу вэ?

-Энэ асуудал маш чухал. Тус байгууллагатай олон жил хамтран ажиллаж байна. Иргэн, эдийн засгийн чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөлд үр дагаврын үнэлгээ, тандан судалгаа хийх, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгах зэрэг асуудлаар туршлага хуримтлуулж байна. Жил бүр тодорхой төлөвлөгөөний дагуу салбар салбараа төлөвлөөд ажиллана. Жишээлбэл, эхний ээлжинд санхүү, эдийн засаг, байгаль орчин, уул уурхай, дараа нь барилга хот байгуулалтын чиглэл зэрэг салбараар нь хувааж, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлал, харилцаа холбооны чиглэлээр нийт 98 багц хуулийн төсөл боловсруулж, үүнээс Харилцаа холбооны тухай хуулиудыг УИХ баталсан. Бусад хуулийн төслийн хувьд УИХ-д өргөн мэдүүлэх ажил хэрэгжиж байна.

ХОЛБОГДСОН ХЭРЭГ НЬ ЯМАР ШАТАНД ЯВЖ БУЙГ E-JUSTICE СИСТЕМЭЭС МЭДЭХ БОЛОМЖТОЙ

-Иргэд, хуулийн байгууллагын ажлыг хөнгөвчилсөн “E-JUSTICE” гэх цахим системийг ажиллуулж эхлэх гэж байга талаар сонссон. Ач холбогдлынх нь талаар уншигчдад мэдээлэл өгөөч. 

-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн нэг томоохон ажил бол хууль шүүхийн байгууллагуудын нэгдсэн сан “E-JUSTICE” сүлжээний төсөл юм. Монголын шүүх, хуулийн байгууллагын хөгжил, техник, технологийн дэвшил, бүтээмж,  хариуцлага, үр нөлөөтэй байдгийг харуулах нэгэн чухал ажил болсон. Азид үлгэр жишээ болсон төсөл гэж хэлж болно.

Энэ мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан хялбаршуулах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо юм.

Дэлхийн аль ч улс оронд,  тэр дундаа хууль сахиулах, шүүхийн байгууллагуудыг цахимжуулах системийн талаар заавал ярьдаг. Дэлхийн  улс орнуудын аль ч дүүргийн шүүх байгууллагад очиход тухайн байгууллагын цахимжсан талаар заавал танилцуулдаг. Шүүх, хуулийн байгууллага өөрсдийгөө хүчнийх гэхээ больсон, үйлчилгээний байгууллага гэж үзэж буй учраас үйлчилгээгээ хүртээмжтэй, үр нөлөөтэй, хариуцлагатай хэрэгжүүлж байна гэдгээр нь үндсэн үйл ажиллагааг нь хэмждэг болсон.

Энэ хоёр зүйлийг манайх шүүх, хуулийн байгууллагуудын  мэдээллийн нэгдсэн санд оруулснаар том алхам хийлээ гэсэн үг.  Тухайлбал, иргэн /сэжигтэн, яллагдагч, хохирогч, ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан хүн  системд хандаж, хэрэг маргаан ямар шатанд явж байгаа, яаж шийдэгдэж буйг мэдэх боломж бүрдэх юм.

Энэ системийг одоо прокурорын байгууллага хариуцаж байгаа. Үүнийг цаашид сайжруулах, ялангуяа хүний нөөц, санхүүгийн талаар дахин ярилцах, нэгдсэн сангаа арай өөр түвшинд гаргах, үр дүнгээ дээшлүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай.

-Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагаа хариуцдаг хүний хувьд танаас асуух нь зүйтэй байх. Манай улс гадаадын орнуудтай  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон гэрээ байгуулдаг. Тэдгээр гэрээнээс амжилттай хэрэгжсэн нь ч, маргаантай нь ч бий. Монгол Улсад ашигтай хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн байгуулах хэрэгтэй юм бол?

-Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан их гардаг. Олон улсын арбитрийн шүүхэд дуудагдах явдал буурахгүй байна. Тиймээс манай яамнаас  /GIZ/-д  санал гаргаж, олон улсын гэрээний эрх зүйн сургалтыг 2017 оноос эхлэн төсөлтэй хамтран зохион байгуулж байна.  Энэ чиглэлийн гэрээнүүдийг анхнаасаа зөв байгуулж, төрийн оролцоо, бидний хүлээх үүрэг хариуцлага юу вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Бидний мэдлэг, туршлага зарим талаар дутагдалтай байдаг учраас энэ чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулах сургалтууд зохион байгуулж байна. Цаашид ч энэ сургалтуудаа үргэлжлүүлнэ.

ЗГХЭГ, ХЗДХЯ, СЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ҮТЕГ, ҮХГ зэрэг байгууллагаас 25 хүн бүрдүүлж, цуврал сургалт явуулж байна.

Санхүүгийн гэрээ байгуулахад юунд анхаарах, бизнес болон компанийн үнэлгээний асуудал, олон улсын татварын эрх зүй, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрийн чиглэлээр цуврал сургалт хийж байгаа юм. Үүндээ гадаад болон дотоодын зөвлөхүүдийг урьж оролцуулдаг. Манай дотоодын зөвлөхүүд дунд ажлын туршлагатай, мундаг залуус олон. Энэ чиглэлээр мэргэшсэн, хувийн хэвшилд ажиллаж буй хуульч, судлаачид тодорхой хэмжээний туршлага эзэмшжээ. Түүнийгээ төрийн албан хаагчдад зааж сурган, хамтран ажилласнаар нэлээд үр дүнд хүрч байна. Онол гэхээсээ илүүтэй практикт, тодорхой кейс дээр ажиллах нь илүү үр дүнтэй юм билээ.

Энэ жилийн хувьд 2-3 сургалт зохион байгуулахаар байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж болзошгүй байна.

-ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай ямар чиглэлээр хамтран ажилладаг вэ?

- ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай 1995 оноос хамтран ажиллаж байгаа. Энэ сан тодорхой хуулийн төслүүдэд зөвлөгөө өгөх, хуульчдын сургалт, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар олон жил  хамтран ажилласан туршлагатай. Иргэдэд зориулж ойлгомжтой, энгийн, хүртээмжтэй байдлаар нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэдэг байсныг та бүхэн мэдэх байх. Энэ ажил одоо ч гэсэн явагдаж байгаа.

Тус сантай өнөөгийн байдлаар Арилжааны хуулийн төсөлд хамтран ажиллаж байна. Арилжааны гэрээ хэлцлийг Иргэний хуулиар зохицуулдаг хэдий ч Арилжааны тухай тусдаа бие даасан хуультай байх эсэх талаар судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус улсаас эрдэмтэн, судлаачид  ирээд энэ чиглэлээр хамтран ажиллаж судалгааны ажил хийж байна.

Засгийн газраас бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2018 онд баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ Ханнс Зайделийн сантай хамтран ажиллаж байна. Орон нутгийн иргэдэд зориулж эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтууд зохион байгуулж, ном, гарын авлагууд хэвлүүлсэн. Сургагч багш нарыг ч  бэлдэж байгаа.

Дараагийн төсөл бол Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” төсөл. Уг төсөл нь төр, ард түмэн, хэвлэл мэдээллийн болон  иргэний нийгмийн байгууллагууд иргэний оролцоо санаачилгыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад иргэдийн оролцооны талаарх заалт их байдаг. Тэдгээр заалтыг түүвэрлэн авч, үнэлгээ судалгаа хийж, өөрчлөх шаардлагатай зарим хуулийн төслийг боловсруулсан. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах чиглэлээр техникийн туслалцааны дэмжлэг авахаар төлөвлөж байна.

Мөн Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах дэд бүтцээ сайжруулах чиглэлээр хөдөө орон нутагт гурав, Улаанбаатар хотод хоёр газарт түр хамгаалах байр байгуулах юм. Энэ төсөл тус банкны буцалтгүй тусламжаар  2019 оноос эхэлсэн, 2022 оны арванхоёрдугаар сард дуусах юм. Одоогоор хамгаалах байрнуудын төслийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах зорилгоор эмэгтэйчүүдийг чадавхижуулах, мэргэжлийн ур чадвар олгох, жижиг тэтгэлэг олгох замаар амжьжиргааг нь дэмжих,

үндэсний хэмжээнд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүд болон хамтарсан багуудын дунд бичил тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөл хэрэгжих орон нутагт төрийн албан хаагчдыг чадавхижуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүний зэрэгцээ хохирогчдын сэтгэл зүйн виктимологийн судалгаа, гэр бүлийн хүчирхийллийн /ГБХ/-ийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа, нөлөөлж буй хүчин зүйлийн дүн шинжилгээ хийх криминологи судалгаа хийгдэнэ.

-Олон төсөл амжилттай хэрэгжүүлж дууссан байх аа?

-Манай яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд (ГХУСАЗЗАА) НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилттэй “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2016-2020 онд хэрэгжүүлж дуусаж байна. Төслийн хүрээнд хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн заримыг шинээр барьсан. ШШҮХ, НЦУГ-ын Түр хамгаалах байр, орон нутагт Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нэг цэгийн үйлчилгээний төв шинээр байгууллаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллага, нийгмийн ажилтнуудад сургалтууд зохион байгуулсан гэх зэрэг олон ажил хийсэн чухал төсөл байв.

Хүүхэд хамгаалах ажлын хүрээнд Монголд 15 тэрбум төгрөгийн тусламж АНУ-аас үзүүлнэ

-Миний санаж байгаагаар хамгийн сүүлд Монгол Улс, АНУ-ын хооронд хүүхэд хамгааллын түншлэлийн багц гэрээнд гарын үсэг зурсан шүү дээ. Энэ төслийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү.

-Тийм ээ. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсад таван сая ам.доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийн тусламж олгох хүүхэд хамгааллын түншлэлийн багц гэрээнд дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын талтай манай яам, ХНХЯ, Улсын Ерөнхий прокурорын газар гарын үсэг зуран хэрэгжүүлэхээр болсон.

Энэ түншлэлийн гэрээ нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Хүүхдийн эсрэг, хүн худалдаалах гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэхэд ач холбогдолтой. Тухайлбал, хүүхдийн бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдийг хамгаалалтад авах зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. Гол нь энэ төсөлд ТББ-уудтай хамтран ажиллана. Энэ талаар ТББ-ууд сонирхож байвал АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд мэдээлэл нь бий. Буцалтгүй тусламжаар хэрэгжих ач холбогдолтой гэрээ юм.

-Буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн маш олон төсөл байдаг. Тэгвэл гадаадын зээл буюу хөнгөлөлттэй  зээлээр ямар төслүүд хэрэгжиж байна вэ?

-Энэ хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. 2017-2018 онд Австралийн долоон сая еврогийн хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж, тоног төхөөрөмж шинээр авах, эмч мэргэжилтнүүдийг сургасан. Эмнэлэг маань төслийн үр шимийг хүртэж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, үйлчилгээтэй, үйл ажиллагаа нь жигдрээд байгаа шүү дээ. Тус эмнэлэгт ХЗДХЯ болон харьяа агентлагийнхнаас гадна шүүх, прокурор, онцгой байдал, тагнуул, гаалийн ажилтнууд болон Чингэлтэй дүүргийн 150 мянган гаруй иргэн үйлчлүүлдэг. Мөн манай салбарын ахмадууд тусламж үйлчилгээ авдаг зэргээр маш өргөн хүрээг хамруулан ажиллаж байна.

2011 оноос хэрэгжиж байгаа Эрх зүйн шинэтгэлийн багц төсөл гэж бий. БНСУ-ын Экзим банкны санхүүжилттэй 44 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжиж буй юм. Төсөл дөрвөн дэд төслөөс бүрдсэн. Нэгдүгээрт, ДХИС-ийн хичээлийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалтад зориулсан хоёр сая ам.долларын төслийг хэлж болно. Уг төслийг хэрэгжүүлж дууссан. Одоогоор бүх тоног төхөөрөмжөө оруулж ирэн суурилуулж дуусаж байна. Ингэснээр тус сургуульд сурч буй суралцагч, сонсогч нар олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинд тав тухтай суралцах болсон.

Хоёрдугаарт, Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техникийн хангалтыг шийдвэрлэсэн. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, төсөл эхэлсэн. Одоо зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулаад байна.

Гуравдугаарт, Монголын Улсын шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төслийг нэрлэнэ. Энэ төслийн хувьд төлөвлөлтийн ажлуудаа боловсруулсан. ТЭЗҮ-ийг эцэслэн шийдвэрлэх шатандаа орсон. Коронавирусийн халдварын улмаас ажил удааширч байгаа хэдий ч онлайнаар  хурлаа хийж, ТЭЗҮ эцэслэх гэж байна. Энэ оны 3 дугаар улиралд багтааж зээлийн хэлэлцээрийг байгуулна.

Дөрөвдүгээрт, ШШГЕГ-ын электрон гав бүхий цахим хяналтын тогтолцоо төслийг хэрэгжүүлж байгаа. 2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх болон үүнтэй электрон гав хэрэглэх асуудлыг судалж байна. Энэ төслийн ТЭЗҮ-ийг нь шийдсэн. Одоо  зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ажил хүлээгдэж байна. Энэ ондоо багтаан гарын үсэг зурах болов уу.

ШШҮХ, УБЕГ-т БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар ШШҮХ-д хоёр төсөл хэрэгжиж байна гэсэн үг.

-Олон улсын байгууллагууд манайд төсөл хэрэгжүүлэхдээ арай өөр өнцгөөс хардаг болсон шиг санагддаг.

-Тийм ээ. Санал нэг байна. Жишээ нь, Японы ЖАИКА байгууллага манайд маш олон чиглэлээр төсөл хэрэгжүүлж байсан. Одоо тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүд харьцангуй бага. Учир нь, өнөөдөр Монгол Улс ядуу орон биш. Хөгжиж байгаа орны категорид орсон тул тусламж авах бус, иж бүрэн тэгш эрхтэй түншлэл хэрэгжүүлж байна гэсэн үүднээс харж байгаа. Олон улсын бусад байгууллага ч өнөөдөр Монгол Улсыг арай өөр түвшинд авч үзэх болсон. Зээл тусламжийн бодлого ч хумигдах талтай. Гэхдээ бидний өмнөх ололт амжилтуудыг маш сайн үнэлдэг.

Ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа болон дууссан төслүүдийн хамтын ажиллагаанд бидний зүгээс сэтгэл хангалуун байдаг. Төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь хоёр улсын Засгийн газар, олон улсын байгууллага харилцан яриа хэлэлцээ хийж, зарим нь УИХ-аар дамжин шийдвэрлэдэг шат дараалсан дамжлагатай ажил. Төслийн хэрэгжилтийг Сангийн яам, төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага, мөн аудитын байгууллага хянана. Ер нь маш олон хяналтын дунд л төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгждэг гэж ойлгож болно.

-Удаан хугацаанд энэ чиглэлээр ажилласан хүний хувьд олон улсын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд өдгөө бид юунд анхаарах ёстой вэ?

-Тодорхой хугацаанд төсөл хэрэгжүүлээд амжилттай боллоо гэж үзэхэд цаашлаад төр, засгийн зүгээс тэр олсон, хамтран бүтээсэн амжилтаа авч явах, үр дүнгээ улам сайжруулан хүртэх ёстой. Үүнд хаана хаанаа анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь, буцалтгүй тусламжаар хамгаалах байр барилаа гэхэд цаашид хэрэгжүүлэх урсгал зардлыг төсөвтөө тухай бүр суулгаж, дараа дараагийн ажлуудыг үргэлжлүүлэх нь чухал.

Төслийн хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж сурах ёстой. Нэг үеэ бодвол эдүгээ энэ асуудал их сайжирсан. Өмнө нь төсөл гэхээр хэдэн компьютероо сайжруулах ч юм уу, жижиг ажлууд ярьдаг, хийдэг байж. Одоо энэ хандлага эрс өөрчлөгдсөн.

Төсөл хэрэгжих, хууль батлах нь нэг асуудал. Түүнийг амжилттай үргэлжлүүлэх, хэрэгжүүлэх нь чухал.

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр дүн өнөөдөр ямар байгаа бол?

-Иргэдийн оролцоотойгоор сумын хөгжлийн төлөвлөгөө, ойн болон түүний дагалт баялагийг ашиглах, хог, хаягдлын менежментийн зохицуулалт талаасаа орон нутгийн удирдлагын түвшинд хэрэгжиж байгаа. Иргэдийн өөрсдийнх нь мэдлэг, мэдээлэл нь ч сайжирч байна. Хүмүүсийн өөрсдийнх нь санаачилгаар сүүлийн жилүүдэд 100 гаруй арга хэмжээ хэрэгжүүлсэн гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэдийн 18 хувь нь мэддэг байсан бол 2018 онд энэ тоо 41 хувь болж өссөн. Иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах талаар шийдвэр гаргах түвшинд оролцоо нь маш их дээшилсэн, өндөр ач холбогдолтой төсөл болжээ.

Цаашид ХЗДХЯ олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн илүү тодорхой болно гэж тооцож байгаа. 2020-2023 онд тодорхой салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу.

Баярлалаа.

  • Шинэ
  • Их уншсан