А.Амбасэлмаа: Шинээр батлагдсан 37 хүний тав нь хүүхэд байгаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Монгол Улсад батлагдсан тохиолдлуудын талаар тодруулга мэдээлэл өглөө.

-Өчигдөр ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн 200 орчим иргэдийн 37-оос нь коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүсийн нас хүйс, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хилийн боомтоор орж ирсэн хүмүүсээс хурдан шинжилгээ авч, халдвар авсан хүмүүсийг ялгаж авах ажил хийгдэж байна. Тавдугаар сарын 14-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсийг Төв аймгийн харьяа гурван сувилалд хуваан байршуулсан. Мөн Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нийтдээ 200 гаруй хүнийг байршуулсан. Шинээр илэрсэн хүмүүсийн 80 гаруй хувь нь оюутнууд байгаа. Насны хувьд 17-25 насны оюутан залуус байна. Оюутнуудын хажуугаар өөр иргэд  байгаа. Үүнд 8-15 настай хүүхдүүд халдвар авсан байна. Мөн 33-57 хүртэлх насны дөрөв, таван хүн халдвар авсан. Эдгээр хүмүүсийг эхний ээлжид коронавирусийн халдвар авсныг нь тогтоолоо. Одоо ХӨСҮТ-д тусгаарлана. Илэрсэн хүмүүсийн биеийн байдал бүгд хөнгөн, балархай, шинж тэмдэг бүрэн илрэхээс нь өмнө тогтоосон. Тиймээс иргэд зөв ойлгох хэрэгтэй. Бид ДЭМБ-ыг баримталж байгаа чиг шугамын дагуу эрт илрүүлэх, эрт тусгаарлах, хавьтлыг тодорхойлох гэсэн чиг шугамаа барьж ажиллаж байна. Хэдий шинж тэмдэг илрэхгүй байгаа ч ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагчийн ажиглалтаас харахад 8, 9, 10, 11 дэх хоног дээрээ уушгинд хатгаа өгөх, шинж тэмдэг нэмэгдэх эрсдэл бий. Тиймээс эрт илрүүлж, барьж авсан нь өвчлөлийг эдгээхэд ач холбогдолтой.

-Батлагдсан тохиолдлууд дунд өмнө нь гадаад хүүхэд л өвдөж байснаас монгол хүүхэд өвдөж байгаагүй шүү дээ. Одоо хамгийн бага нь 8, том нь 15 настай  гэсэн таван хүүхэд халдвар авсан байна. Ер нь бүх хүмүүсийг хаана тусгаарлаж эмчлэх вэ?

-Өмнө гадаад хоёр хүүхэд халдвар авч, энд эмчлэгдсэн. Халдвар гарсан бүс нутагт аав ээж, ах эгчтэйгээ явж байгаад олон эрсдэлтэй хүмүүстэй харьцсан хүүхдүүд өвчилсөн байна. Бид батлагдсан тохиолдлуудаа халдварт өвчин судлалын төвдөө тусгаарлана. Ажиглах байранд байгаа ойрын хавьтлуудыг ялгаж, мөн ХӨСҮТ-д авчирч тусгаарлана. ХӨСҮТ-д 250 ор бэлдсэн. Эртнээс бэлэн байдлаа хангаж ажилласан. Өнөөдрийг хүртэл импортлогдож орж ирсэн тохиолдол 135  боллоо. Нэгдүгээр сарын 6-нд гаднын улсад энэ өвчлөлийн тохиолдол бүртгэгдэхээс эхлээд бид бэлэн байдлаа хангаж ажилласан. Өнөөдрийг хүртэл 200 хүртэл хүнийг тусгаарлах эмчлэх орноос гадна тэнд ажиллах эмч мэргэжилтнээ бэлтгэсэн нь чухал.

ОХУ-аас шинжилгээнд хамрагдаагүй хүмүүс ирсэн. Шинжилгээ хийхлгэх ч аргагүй нөхцөлд байсан байна. ОХУ-д хөнгөн балархай, шинж тэмдэггүй хүнийг эмнэлэгт хүлээн авахгүй байгаа. Оюутнууд маань хүнд нөхцөл байдлаас наашаа эх орондоо ирсэн.  Бидний үр хүүхдээс ялгаа юу байх вэ, энэ хүнд үед эх оронд нь авчрах УОК-ын шийдвэр зөв, цаг үеэ олсон. Эмч нар тандалт судалгаа хийгээд уулзахад хүүхдүүд маань “Манай тэр халдвар авсан байх магадлалтай, эрсэлтэй газар байсан” гээд хэлээд үзэхэд яг л илэрч байсан. Хүүхдүүд эх орондоо тэмүүллээрээ ирсэн. Бид ч хүлээн авч, эмчлэх үүргээ биелүүлэх ёстой.

-Ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ?

-Өвчтөнийг хүлээн авахдаа Зоонозын өвчин судлалын багтайгаа хамтран ажиллаж байгаа. Зоонозоос ариутгал халдваргүйжүүлэлтийг 5-6 баг байнга ариутгал хийж, цаг наргүй ажиллаж байна. Халдвар авсан хүний өрөө тасалгаа, хэрэглэж байсан эд зүйлсийг ариутгана. Ариутгана гэдэг нь халдваргүйжүүлэлтийн бодис вурис хоёрыг контакттай байлгаж, вирусийг устгана гэсэн үг. Тиймээс ариутгал хийж, тодорхой хугацаанд хүн оруулахгүй.

-Цаашдаа тусгай үүргийн онгоц ирвэл дотооддоо эрсдэлээ даах уу?

-Ер нь маш олон тохиолдол зөөвөрлөгдөн орж ирлээ. Эмнэлгийн ч ачаалал нэмэгдэж байна. Тусгай үүргийн онгоцоор ард иргэдээ авалгүй л яах вэ. Гэхдээ одоо нэлээд зайтай авахгүй бол дотоодын ачаалал нэмэгдэж байна. Аль болох дотооддоо халдвар тараахгүйн төлөө ажиллах ёстой учраас зайтай авах нь зүйтэй.  

  • Шинэ
  • Их уншсан