Н.Энхбаяр: МАНАН бүлэглэлд дахин хувь заяагаа даатгамааргүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-2020 оны УИХ-ын сонгуульд та Баянгол дүүргээс нэр дэвшихээ мэдэгдсэн. Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Сонгууль шударга болвол бид ялна.  Өмнөх сонгуулиудын адил луйвар орвол  нөгөө хэдэн луйварчид л гарч ирнэ.  Тиймээс одоо бид өөр сонголт хийх цаг болсон.   МАНАН гэх луйварчдын бүлэглэлд хувь заяагаа даатгаж ханалаа. Одоо үзэл баримтлалдаа үнэнч хүмүүсийг сонгож байж ард иргэдийн маань амьдрал өөдөө дээшээ болно. Үүнийг ойлгох цаг болсон. Одоо ойлгохгүй бол дахиад цаг хугацаа ирэхэд оройтно. Монголын маань өр шир нэмэгдэж, ард иргэд нь ядуу зүдүү, цөөхөн хэдэн хүн хагартлаа баяжсан ийм нийгэм үүслээ.  Баяжсан хүмүүс нь оффшорт гаргаж мөнгөө нуусан, байгалийн баялгийг ховх сорж байна.  Энэ үнэн.  Залуус  орон сууцгүй, ажилгүй, хүүхдүүд нь сургуульгүй байсаар байх уу. Ийм Монгол орон байж болохгүй. Бид байгалийн баялгаа дундаа өмчлөх ёстой. Цалин амьдралд хүрэлцэхүйц байх ёстой. Залуу гэр бүл орон сууцанд орох ёстой. Сурах эрхээ эдлэх ёстой.

-Улс төрийн намууд 2020 оны сонгуульд залуучуудаа дэмжиж өрсөлдүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан. Гэвч нэр дэвшигчдийг харахад тийм байж чадсангүй.  Эвслийн хувьд?

-“Та бидний эвсэл”-ээс залуучууд голлон  дэвшсэн.  Ахмад туршлагатай хүмүүс ч байна. Тэгэхээр дан ганц залуучуудыг дэмжинэ, ахмадуудыг дэмжинэ гэж туйлширч болохгүй. Сайхан баг байх ёстой юм.  Гэтэл МАН-ынхан ЖДҮ-чдээ дэвшүүлэхгүй гэснээ дандаа ЖДҮ-чдээ дэвшүүлчихсэн. 60 тэрбумтныг дэвшүүлэхгүй гэснээ дандаа 60 тэрбумтнууд нь байж л байна.

-Сонгогчдын хувьд нэг зүйлийг их сонирхож байна. Н.Энхбаяр даргыг СЕХ-ноос батламжлах болов уу. Өнгөрсөн сонгуулиуд дээр давтагдсан зүйл давтагдах вий гэсэн болгоомжлол байх шиг байна?

-Намайг сонгуульд оруулахгүйн тулд бүх эрхийг хааж байна.  Яагаад гэвэл айж байна. Ард түмэн Н.Энхбаярыг сонгочихож магадгүй гэж бодоод байна.  Тэгэхээр надаас биш ард түмнээс айж байгаа байхгүй юу.  Айж байна гэдэг нь цаанаа “но”-той л гэсэн үг. Шударга үгнээс айж байж магадгүй. Шударга үйлдлээс айж байж магадгүй. Тийм учраас би сонгуульд оролцож, амласнаа хэрэгжүүлнэ гэдгээ хэлмээр байна.

-Эрх зүйн орчин бүрдсэн эсэх талаар тодруулахгүй юу?

-Эрх зүйн хувьд дээд зэргийн боломж байна. Гэхдээ эрх баригчид дандаа хууль бус аргаар ажилладаг. Янз бүрийн муухай аргаа хэрэглэж магадгүй гэж ард иргэд маань санаа зовж байгаа. Гудамжаар явж байхад та дэвшинэ биз дээ л гэдэг. Гар утсанд мессеж ирж байна. Энэ нөхдүүд ямар нэгэн муухай, хууль бусаар намайг дэвшүүлэхгүй бол манай багийг дэмжээрэй. Би орсонтой адилхан юм. 

-Таны хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Та хүүгээ улстөрд төр түшилцэхэд хангалттай туршлагатай болсон гэж үзэж байна уу?

-Э.Батшугар маань өндөр боловсролтой. 2016 оны сонгуульд намайг оруулаагүй. Нийгмийн захиалгаар манай эхнэр О.Цолмон нэр дэвшсэн. Гэтэл Цолмонг луйвардаад Капитал банкны нэг эмэгтэй сонгогдсон. Гэтэл тэр эмэгтэйг сонголоо гээд Монголын ард түмэн 200 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Сонголт ийм аюултай байдаг. Буруу хүнээ сонгочихоор өөрсдөө хохирчихдог.  Хүү маань Монголбанкинд ажиллаж байсан, харьцангуй туршлагатай.  Мөнгө хүүлэгчид, зээлийн хүүгээр дарамтлагчдыг байранд нь тавьж, мөнгө зээлийн бодлогыг зөв зүйтэй болгох.  Өрийн дарамтгүй амьдрах нөхцлийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг тэр сайн мэдэж байгаа.  Хүү маань бас нийгмийн захиалгаар дэвшиж байна.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан