Д.Бат-Эрдэнэ: Hэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Энэ талаар СЕХ-ын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнтэй ярилцлаа. 

-Нэр дэвшигчид СЕХ-д бичиг баримтаа хүргүүлж байгаа. Нэр дэвшигчдийн материалыг хэзээ шалгаж дуусах вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Үүнээс хойш ажлын тав хоногт бичиг баримтыг шалгаж нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрийг гаргана. Ингээд зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг бүртгэн нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан өгнө. 

-Нэр дэвшигчид хэдэн төрлийн бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлэх бичиг баримт өөр. Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслээс нэр дэвшигч нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа гэсэн бичиг баримтыг бүрдүүлнэ.

Харин бие даан нэр дэвшигчид нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт, албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, нэр дэвшигчийн намтар, нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт, ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагааг бүрдүүлнэ.

Ямар тохиолдолд СЕХ нэр дэвшигчдийг бүртгэхгүй вэ?

-Нэр дэвшигчдийг ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах талаар хуульд маш тодорхой заасан байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 33 дугаар зүйл дээр энэ тухай зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон, хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй гэх мэт тохиолдолд бүртгэхээс татгалзаж болно. 

-Тэгэхээр нэр дэвших боломжгүй болно гэсэн үг үү?

-Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ хүн нэр дэвших хуулийн боломжтой юу?

-Одоогоор манай дээр энэ хүний бичиг баримт ирээгүй. Хэрвээ бичиг баримт ирвэл тав хоногийн дотор хянаж, шалгаад нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг шийднэ. Түүнээс нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ямар ч бичиг баримт ирүүлээгүй байхад бүртгэнэ, бүртгэхгүй гэж урьдчилан хэлэх боломжгүй. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичгийг дээр дурдсан. Үүнд шүүх, цагдаагийн лавлагаа бий. Шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа хянаж үзээд шийдвэр гаргана.

  • Шинэ
  • Их уншсан