The Scientist: Хүний биеийн анатомийн 6 шинэ нээлт

Сүүлийн 10 жилд эрдэмтэд анатомийн салбарт хэд хэдэн нээлт хийсэн нь анагаахын шинжлэх ухааны энэ салбарыг өөр өнцгөөс цоо шинээр харахад хүргэлээ. Микроскопийн болон хийсвэрлэн төсөөлөх /визуализаци/ аргуудыг ашиглан эрдэмтэд хүний биеийн шинэ хэсгүүдийг нээснээр олны дунд тархсан зарим төөрөгдлийг залруулж байна. 
 
Хүний биеийн анатомийн шинжлэх ухаан дөнгөж “үр хөврөл”-дөө байсан XVI зууны үед цогцсонд задлан шинжилгээ хийхийг үзэхээр сониуч хүмүүс олноороо анатомийн театрт цуглардаг байжээ. Түүнээс хойших хэдэн зуун жилийн хугацаанд дотоод эрхтэнүүд, яс, булчин, мэдрэлийн ширхэгт эсүүд болон хүний биеийн бусад эд эрхтэнүүдийн байрлалыг эрдэмтэд яг таг судлан тогтоогоод байна. Тэгэхээр задлан хийхийг харах гэсэн сониуч хүмүүсийг ирүүлэхээр тийм нууцлаг зүйл өдгөө анатомийн шинжлэх ухаанд байхгүй болсон гэж санагдахаар. 
 
Далхаузи их сургуулийн профессор, анагаах ухааны түүх судлаач Пол Нойманн-ы ярьж байгаагаар, топографик анатомийн /биеийн бүтцийг макро түвшинд судалдаг/ салбар дахь шинэ нээлт гэдэг бол тун ховор үзэгдэл бөгөөд түүний ач холбогдлыг хэтрүүлэн үнэлдэг байна. Өнөө цагт анатомийн салбар дахь томоохон нээлтүүдийг эд эсийн түвшний судалгааны түвшинд хийж байгаа ажээ.
Гэсэн хэдий ч сүүлийн 10 жилд анатомийн шинжлэх ухаанд хэд хэдэн нээлт хийсэн нь уг салбарыг өөр өнцгөөс шинээр харахад хүргэж байна. Ингээд нээлтүүдийн талаарх зарим мэдээллийг хүргэе.
 
Тархин доторх тунгалагийн тогтолцоо 
 
Тархинд тунгалагийн бүтэц байдаггүй гэж олон жилийн туршид үзсээр иржээ. Тунгалагийн судсуудын сүлжээ болох тунгалагийн тогтолцоо нь биеийн эдүүдээс тунгалагийг шахан гаргаж, эд эрхтэнүүдийг цэвэрлэдэг. Тархины бүрхүүл дотор тунгалагийн судсууд байдаг тухай мэдээлэл бүр 18 дугаар зуунд анх гарч байсан боловч үүнд эргэлзэн хандсаар өдийг хүрсэн байна.
 
 
Харин 2015 онд хулганы тархины бүрхүүл дотор тунгалагийн судас байдгийг нээн илрүүлсний дараа, мөн 2012 онд хулганы тархин дахь эдийн шингэнийг эргэлтэнд оруулахад нөлөөлдөг глиал эсүүдийн харилцан холбоо бүхий сүлжээ болох глимфатик системийг нээн илрүүлсний дараа дээрх эргэлзээ тайлагджээ. Улмаар 2017 онд нейровизуализацийн арга хэрэглэн судалгаа хийснээр хүний тархины бүрхүүл дотор лимфатик судсууд байдаг гэдгийг баталсан байна.  
 
Шингэнээр дүүрсэн орон зай
 
Эсүүдийн хоорондох орон зай бол шингэнээр дүүргэгдэж, коллагенаар бүрхэгдсэн бүтцүүдийн сүлжээ юм байна гэдгийг эрдэмтэд 2018 онд нээн илрүүлээд уг сүлжээг интерстици гэж нэрлэжээ. Цөсний цорго, давсаг, хоол боловсруулах зам болон арьсны эсүүдийг нарийн судалсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийсэн нь хүний бие дотор хавдар хэрхэн үүсдэгийг илүү нарийн тодорхойлох боломжийг эрдэмтдэд олгож магадгүй.
 
 
Үүний сацуу интерстици бол хүний биеийн шинэ эрхтэн мөн гэж зарим эрдэмтэд үзэж байгаа боловч ихэнх судлаачид үүнийг үгүйсгэжээ. “Эсүүдийн хоорондох шингэнээр дүүрсэн жигд бус орон зайн тухайд эрхтэн гэдэг нэр томьёог хэрэглэхийг ихэнх биологичид хүсэхгүй байгаа юм” гэж Техасын их сургуулийн М.Д.Андерсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн патологоанатомич Анирбан Майтра ярьж байна.     
 
Чацархай нь бие даасан тусдаа эрхтэн мөн үү?
 
Хэвлийн хөндий дэх цул эрхтэнүүдийг гэдэсний арын хананд бэхлэн тогтоож байдаг том дэвүүртэй хэлбэртэй навч мэт харагдах чацархай нь тархмал олон хэсгүүдээс тогтдог хэмээн эрдэмтэд саяхныг хүртэл үздэг байсан.
 
 
Харин 2016 онд цогцсууд болон мэс засалд орсон өвчтөнүүдийг чацархайг судалж үзсэн хэсэг эрдэмтэд түүнийг “бүхэл эрхтэн мөн” гэсэн дүгнэлт хийжээ. Өмнө нь, хүний биеийн дотоод бүтцийн зураглалыг хийж байсан агуу их Леонардо да Винчи чацархайг үргэлжилсэн цул байдлаар дүрсэлжээ. Үргэлжилсэн цул байдал нь чацархай бол тусдаа бие даасан эрхтэн мөн гэдгийг батална хэмээн зарим эрдэмтэд үзэж байв. Гэвч интерстицитэй адилаар чацархай бол эрхтэн биш гэж бусад судлаачид үгүйсгэж байна. Судлаач Пол Нойманн ярихдаа “ер нь бол, эрхтэн гэдэг нэр томьёо ямар утгатай болохыг буруу ойлгож буйн жишээг бид олж харлаа” гэжээ.    
Ясан доторх цусны судасны сүлжээ
 
Хулганы ясан дотуур нэвтэрч буй хялгасан /капилляр/ судасны сүлжээг эрдэмтэд 2019 оны 1 дүгээр сард нарийвчлан дүрсэлжээ. Ийм сүлжээ байдаг болохыг урьд нь судлаачид мэддэггүй байсан юм. Ясны төгсгөлд байдаг венийн болон артерийн томоохон судаснуудыг сурах бичигт дүрслэн үзүүлсэн байдаг, харин саяхан нээсэн сувгуудын сүлжээ нь чөмгөн дотор бий болж буй цусны эсүүдийн эргэлтийн тогтолцоонд нэвтрэх явцыг хурдасгадаг байна.
 
 
Мэс засалд орсон өвчтөнүүдийн ясны зургийг авах, эрүүл хөлний ясны MRI зураг авах, эд эсүүдийн дээжийг микроскопоор харах зэрэг янз бүрийн арга хэрэглэснээр эрдэмтэд дээрхтэй ижил төстэй боловч арай бага хүрээг хамарсан хялгасан судасны сүлжээг илрүүлжээ.    
 
Хүний үр хөврөл доторх хэвлээр явагчийн булчин
 
Насанд хүрсэн хүнд байдаггүй боловч хэвлээр явагчид болон бусад амьтдад байдаг зарим булчингууд нь хүний үр хөврөлийн үе мөчнүүдэд байдаг тухай эрдэмтэд өнгөрсөн оны 10 дугаар сард мэдээлж байсан юм.
 
 
Иммуногистохимийн аргаар эд будаж шинжлэх, эд эсийг цэвэрлэх болон микроскопийн судалгааны аргуудын тусламжтайгаар 8-14 долоо хоногтой үр хөврөлийн эдээс авсан дээжин дэх доод ба дээд үе мөчнүүдийн булчингуудын гурван хэмжээст дүрслэлийг эрдэмтэд бий болгож чадсан байна. Хүн төрөхөөс өмнө алга болдог эдгээр булчингийн бүтэц нь түүхэн хувьслын явцад тодорхой үүрэггүй болсон рудимент буюу илүүдэл эрхтэн байж болох юм. Гэхдээ эрдэмтэд одоогоор 13-хан ширхэг дүрслэлийг судлаад байгаа учраас рудиментын талаарх дүгнэлтийг урьдчилсан дүгнэлт гэж үзэх хэрэгтэй.     
 
Фабелла
 
Фабелла- энэ бол өвдөгний арын шөрмөсөн дотор байрлах өчүүхэн жижиг яс юм. Өнгөрсөн оны хавар нийтлэгдсэн судалгааны дүнг үзвэл, ийм яс хүмүүст байх тохиолдол улам бүр олширсоор байна. Фабеллагийн тархалтын талаар 27 улсад явуулсан 58 судалгаанд дүн шинжилгээ хийсэн эрдэмтэд дараах дүгнэлтийг хийжээ.  Тодруулбал, 1918 онд амьдарч байсан хүмүүстэй харьцуулахад 2018 онд амьдарч буй орчин үеийн хүмүүст фабелла байх магадлал 3,5 дахин өндөр байгаа ажээ. Үүний шалтгаан юу вэ? Энэ асуулт хариултгүй хэвээр байна.
Гэхдээ орчин үед дэлхий ертөнцийн олон бүс нутагт хоол хүнсний чанар сайжирч, булчингийн масс, ясны урт өөрчлөгдөж байгаа нь фабелла бий болоход нөлөөлсөн болов уу гэж эрдэмтэд таамаглажээ.
 
Эх сурвалжууд: https://www.the-scientist.com/news-opinion/new-discoveries-in-human-anatomy--67055
https://inosmi.ru/science/20200308/246985399.html

  • Шинэ
  • Их уншсан