Томас Бах: Хэрэв 2021 онд олимпыг зохион байгуулж чадахгүй бол "Токио 2020"-г бүрмөсөн цуцална

Олон улсын олимпын хороо(ОУОХ)-ны Ерөнхийлөгч Томас Бах пүрэв гаригт цар тахлын улмаас нээлтийн товоо бүтэн жилээр хойшлуулаад буй Токиогийн зуны олимпыг 2021 ондоо багтан зохион байгуулагдаж чадахгүйд хүрвэл олимпыг мөсөн цуцлах талаар мэдэгдлээ.

Токио 2020 зуны олимпын наадам ирэх долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах хуваарьтай байв. Гэвч дэлхийн хэмжээнд “COVID-19” цар тахал гарсны улмаас өнгөрөгч гуравдугаар сард ОУОХ болон Японы Засгийн газар олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг танилцуулсан. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд энхийн цагт олимпын наадмын товыг хойшлуулсан анхны тохиолдол болсон юм.

Тэгвэл Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Токио 2020 олимпын наадмыг зохион байгуулах комисс олимпыг аюулгүй зохион байгуулах чиглэлд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч Дэлхийн хэмжээнд цар тахлыг бүрэн хяналтдаа оруулж чадаагүй тохиолдолд спортын бүх тэмцээнийг зохион байгуулах боломжгүй гэж мэдэгдсэн.

Тухайн үед ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Абэ Шинзогийн байр суурьтай санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин тэрээр пүрэв гаригт “BBC” сувагт ярилцлага өгөхдөө Үнэнийг хэлэхэд олимпын наадмын комисс арга хэмжээнүүдийг зохион байгуулах 3000-5000 хүнийг байнга ажиллуулаад байж чадахгүй. Мөн олимп шиг дэлхийг хамарсан томоохон спортын арга хэмжээний товыг жил бүр өөрчлөөд байх боломжгүй. Тамирчдыг ч гэсэн тодорхойгүй нөхцөл байдалд хүлээлгээд байх боломжгүй. Ирэх онд олимпыг аюулгүй зохион байгуулах зорилгоор боломжит бүх хувилбарыг авч үзэж байгаа. Үүнд бүх тамирчдыг тусгаарлах асуудал хүртэл яригдаж байна. Хэрэв иймдээ тулбал олимпын хотхоны мөн чанарын талаар бодолцож үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд Абэ Шинзо хэрэв 2021 онд олимпыг зохион байгуулж чадахгүй бол цаана нь ямар ч нөөц төлөвлөгөө байхгүй гэдгийг надад маш тодорхой хэлсэн. Бид ирэх оны долдугаар сарын 23-нд дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал ямар байх талаарх урьдчилсан таамгийг харж байж шийдвэр гаргана. Хэрэв ирэх онд олимпыг зохион байгуулж чадахгүй бол Токио 2020 зуны олимпын наадам бүрмөсөн цуцлагдана гэжээ.  


  • Шинэ
  • Их уншсан