УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЛҮНДЭЭЖАНЦАН БИЧИЖ БАЙНА: Гал ус хоёр

Би гал, ус хоёрыг шүтдэг учраас энэхүү эсээхэнээ ийнхүү нэрлэв. Аливаа эсрэг тэсрэгийг гал, ус мэт харш гэж нэрлэх нь буй. Мөхөс миний бодоход тийм бус санагддаг. Галыг уснаас гаргаж авч болно, бас галаар усыг уур болгон хөөргөж, илч дулаан гаргадаг билээ. Айлын хийморь, сүр сүлд галандаа байдаг, ус амьдралыг тэтгэгч эрдэнэ билээ.

Миний бие хувь тохиолоор гэх үү, төөргөөр гэх үү амьдралынхаа ид залуу насыг бараг бүхэлд нь хоёр том зохиолчтой, тодруулж хэлбэл хоёр том яруу найрагчтай хуучнаар нэг ажлын газрынхан, нөхөрсгөөр хэлдэгчлэн нэг ангийнхан болж, хамт өнгөрөөх хувь ногдсон байх юм. Энэ ч учраас эл хоёр нөхөр маань бадрангуй дүрэлзсэн галтай, чандмань эрдэнэ устай зүйрлэгдсэн миний сэтгэлд буудаг. Эд бол Боржгины Бавуугийн Лхагвасүрэн, Дарьгангын Очирбатын Дашбалбар нар. Өнгөрсөн онд Бавуугийн Лхагвасүрэн соёлын гавъяат зүгэлтэн цол, О. Дашбалбар төрийн шагнал хүртэв. Аргагүй шүү дээ. Парламентын гишүүн байсан болоод одоо байгаа төрийн түшээд ийнхүү шагнуулахаас яахав. Түр хүлээзнэ. Энэ бол хошигнол.

Энэ хоёр том найрагчийг ийнхүү шагнал хүртэхэд даанч, хэн ч гайхаагүй бөгөөд болох ёстой юм ёсоороо л болсон мэт телевиз, радиогоор үзэж, сонссон болгон болж дээ хэмээн дорхон дорхондоо баяр хүргэцгээсэн билээ.

Тэд дүрэлзсэн гал шиг галтай найрагчид. Ус мөрнөөр жиших аваас Монголдоо тэд Орхон, Хэрлэн шиг цартай том найрагчид. Харин энэ хоёр шүлгэндээ өөрсдийгөө голцуу чулуу гэж нэрлэн, унасан газар шороотой хүйн холбоотойгоо магтан дуулсан байдаг. Эдний шүлэг уншигчдын цээжинд тарнийн шад шиг хадаастай ч гэсэн зарим мөрийг нь дахин давтсу.

Бавуугийн Лхагвасүрэн нэгэнтээ:

Өөрийгөө элээж

Өрөөлийг ирлэж дуусах

Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий хэмээн аль 1979 онд тэрбээр өөрийгөө танилцуулсан.

Мөн онд О. Дашбалбар:

“Миний төрөл садан хөв хөх чулууд минь

Мэдээ орсон цагаас би та нараас салаагүй

Хөрст дэлхийд алхаж явахад минь

Хөл дороос тулсан хатуу цэцэгс минь” хэмээн дуулсан.

“Санаа алдахад

Эхийн сүү тагнайд амтагдаж

Салхины үзүүр залгихад

Агь хоолойд аргасан

Боржгины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

“Тэнгэрийн хэвтэр” буурал тал минь”

Бавуу ах (Лхагвасүрэн гуайг би овгоор нь ингэж нэрлээд заншчихсан юм) Боржгины бор талыг ийнхүү утгын гүн, үгийн урнаар бас магтан дуулсан байдаг.

Хүн мэддэг юмаа л ярьж, бичих нь зүйтэй байх. Миний хувьд үнэнээ хэлэхэд энэ хоёр хүний шүлэг, яруу найргийн нарийн ширийнийг төгс төгөлдөр ойлгож, сайн мэдэхгүй. Үнэхээр ухааны цар дутдагаа хүлээн зөвшөөрнө. Лхагвасүрэнгийн шүлгүүд хийгээд түүний тухай хүмүүсийн бичсэнийг уншаад байхад найман бор хүүхэдтэй, Баасан гэдэг гэргийтэй, Зоос гэдэг нохойтой, Дэнжийн мянгад нутагтай, урт үстэй, бавгар сахалтай Бавуугийн Лхагвасүрэн гэдэг найрагч 70-аад оны сүүлчээр эрчтэй гарч ирээд 80-аад оны эхэн гэхэд Монголын яруу найрагт шинэчлэл хийсэн гэж ойлгогдоод байгаа юм.

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн хэнийгээ харанхуй нүх рүү бүү түлх

Энэ бол О. Дашбалбарын гүн ухаан юм гэж хэн нэгэн хэлсэн нь санагдана. Энэ бол сайхан сэтгэлтэй нүүдэлчин ард түмний минь гүн ухаан юм. Уулын гол горхи шиг оволзож цовхчсон хэрнээ “Гол ус намуухан урсана” гэж бодлогошронгуй хэлдэг найрагч бол О. Дашбалбар. Тэгснээ бялхаж цалгисан их онгод, авъяасаар үерлэн дараа дараагаар шүлгийг урсгаж өгнө. Тэр нь Монголын яруу найраг гэдэг их далайн том давалгаанд хүч өгч цалгиж байдаг.

ХХ зууны монголын яруу найргийн үе үеийн төлөөлөгчид болох Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн хоёр, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж хоёр гэдэг шиг энэ зууны эцэс үеийн яруу найргийн хоёр гол төлөөлөгч нь Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нар мөн.

Энэ хоёр найрагч надад нэг нэгийгээ муу хэлж байхыг сонсоогүй юм байна. Энэ хоёр нэгнийгээ магтаж байхыг бас санахгүй юм. Тэгэхлээр бие биеэ хүлээн зөвшөөрдөг эсэх нь бас тодорхой бус. Магадгүй дотроо хүлээн зөвшөөрсөн ч гаднаа мэдэгддэггүй байж болох.

Дээрх найрагчидтай парламентад тохой залган сууж, өч төчнөөн хууль, тогтоол хэлэлцэн батлалцаж явсан, залуу зандан, ид гарч ирж байхад нь шүлэг зохиолыг нь өөрсдийнх нь амнаас анхлан шахуу сонсч явсан, уран бүтээлийнхээ онгод хийморь, зовлон жаргал, сэтгэлийн эмзэглэлээ уудлан ярилцаж, хүний хувьд үерхэж, ах дүү шиг явсан гэхэд үеийн хөгшчүүд болоод хойч үеийн залуучууд энэ нөхөр том яруу найрагчдын нэр барьж мөн худлаа залж байна даа гэж бодож болох л доо. Хоёр найрагчийнх аль аль нь өнөр өтгөн, халуу дүүгсэн гэр бүлүүд. Өөрсдийнх нь зурсан зураг тэднийхэнд хүндтэй байр эзэлнэ. Гэрийн жавар арилтал сайхан дуулна. Яруу найрагчдад авъяас яахаараа ингээд нэг дороо цуглачихдаг байнааа.

Лхагвасүрэн ах нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-ын нэгэн их сургуулийн соёлын доктор болсон. Мань хүн түүндээ сэтгэл их хангалуун байсныг мэдэх юм. Гэтэл Балбар ноднин Чингис хааны академийн гишүүн гээд бас нэг гэрэгэ ханандаа хадчихааад нэлээд хэд хоног түүн рүүгээ харж, Улаасн сахиусандаа залбирдаг шигээ түүнд хүндэтгэл үзүүлсэн юм байх.


Эл хоёр найрагч хоёулаа архаг тамхичид. Нэг нь амны нөгөө нь хамрын. Аль аль нь тамхиа харамладаггүй, интернационалч зан чанартай. Бавуу ахтай шатар тоглохдоо амных нь тамхийг хувааж татдаг. Ялангуяа мань хүн хожчихсон бол өөрөө тамхиа өмнөөс сарвайгаад л дайлаад байх нь тэр. Балбартай улс төрийн халуун маргааны үед ч, тайван ярилцаж суухдаа ч хамрын тамхинаас нь хувааж бишгүй татлаа.

Би мөн бөх зүрхтэй хүнээ. Очиж, очиж Лхагвасүрэн, Дашбалбар нарын тухай бичих гэж, тэгэхдээ бүр нэг дор бичнээ гэдэг. Намайг Лхагвасүрэнтэй хамт бичээд өгөөч гэж гуйсан биш, бишгүй нэг бичүүлэхээрээ боллоо гэж Балбар “зайран” цухалдах, Лүндээ хамт сууж байгаа юм болохоор Балбарыг магтаад, надтай хамт бичиж намайг жижгэрүүлээд байхдаа яадаг юм гэж нөгөө нь унтууцаж мэдэхээр хүмүүс.

Энэ хоёр зохиолчийн зохиол бүтээл нь зөвхөн өөрсдийнх нь өмч хөрөнгө төдий бус Монгол Улсын, монголын ард түмний оуюны их өв сан, өмч хөрөнгө юм. Энэ ч учраас үүнийг бүтээсэн энэ хоёр найрагчийн үед амьдарч, тэдэнтэй ойр дотно байснаараа бахархахаас яахав. Алла Пугачёвагийн тухай онигоонд байдаг шиг ач зээгийн маань хүүхдүүд миний дээд өвөг Өвөрхангайн Боржигон Данзангийн Лүндээжанцан гэж хүн байсан. Тэр өвөг маань Бавуугийн Лхагвасүрэн, Очирбатын Дашбалбар нартай зэгсэн сайн найзууд байсан юм гэнэ лээ. Манайд гарын үсэгтэй номнууд нь хадгалагдаж байдаг, шинжээчид тэдний бичиг мөн гэж хөдөлбөргүй нотлосон баримт нь бас байгаа гэж ярих нь дамжиггүй.

1998.12.05

*Үнэн сонин дугаар 2, 1999.11.7-8

  • Шинэ
  • Их уншсан