"Оройгүй сүм" романы эх сурвалж байж болох зарим зүйлсийн тухай

Уг романд гарах орой нь дутуу баригдсан сүм нь Чойрын дуган юм. 1930-аад оны үед орой нь гүйцэд баригдаагүй Чойрын дуган үнэхээр Буянзалбирахын хийдэд байсан гэх. Буянзалбирахын хийдийн арван гурван дуганы нэг. Дуганын үлдэгдэл өнөө Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг, Хантайширийн нурууны өвөр бэлийн үелж буусан дөрөлж дээр бий.
 
Дуганы ордог хаалганы дэргэдээс нэгэн хятад шаахай өлгөөтэй байжээ. Дуганг долоон хятад мужаан барьсан агаад дээврээ дуусгах дөхөж байтал Даа мужаан нь дээврээс унаад мажийчихжээ. Бусад нь муу ёрын юм болов гэлцээд бушуухан буцаж, харин тэр хятад Даа мужааны шаахайг дуганын хаалганы хажууд өлгөж орхисон нь тэр гэнэ. Дом болгосон уу, ямар учраас тийн орхисныг өнөө хэн ч үл мэднэ.
 
Буянзалбирахын хийд 1750-иад оны үед анх байгуулагджээ. Хийдийн тэргүүн хамба нь 4 хувилсан хувилгаан байсан гэдэг. Эхнийх нь Тангадаас залсан Хавчиг дүр гэж байжээ. Тангадууд хавчиг толгойтой. Удаах дүр нь Тойн дүр гэж байжээ. Засагт хануудын нэгнийх нь удмаас хувилгаан тодруулсан учир Тойн гэх болжээ. Хан угсгаат хүн сахил хүртвэл Тойн болдог.
Гуравдахь дүр нь Тарган дүр гэж байжээ. Түүнийг Тарган гэх болсон нь ийм учиртай. Өмнөх Тойн дүрийн үед хийдийн жас хөрөнгө гавихгүй тул Завхан зүгийн нэг баянаас жаахан бадар гуйжээ. Гэтэл “Хадны нэг муу ядарсан гэлэнд өгдөг илүүдээ гарсан юм надад түй ч алга” гээд юм хялайлгасангүйд Тойн дүр “Уг нь хэдэн үеийн өгцөө авцаа бий юмсан. Авах юм аа ч авна даа” гэж. Тэгээд нирваан болсны хойно хойт дүрийг нь тодруулахад өнөөх баяныхаас олджээ. Хүүг 5 настайд нь Гэгээн суудалд залсанд 200 тэмээ ачаа дагалдсан гэдэг. Ингээд баян айлын тарган цатгалан хүү учир Тарган дүр гэх болжээ. Тарган дүр жанч халахдаа “За би эд хөрөнгөнөөс болж жаахан буруу юм хийчихсэн дээ. Одоо нэг ядууг тэтгэнэ” гэж. Тэгээд хойт дүрийг нь тодруулахаар шогол татсанд баруун урд Бурхан уул чигт гарчээ. Эрэлхийгээд гэгээнийхээ хэрэглэж байсан хөөрөг сэлтийг бариад тэр хавиар хэсжээ. Довууч гэдэг нэг барлаг эрийнд очоод хөөргөө гаргаад хөөрөглөхөөр жаахан хүү нь “Ац, миний хөөрөг” гээд булаалддаг гэнэ. Аягаа гаргаад уухаар "Ац, миний аяга" гээд булаалддаг гэнэ.
Тэгээд дахин магадлаад Гэгээнд тодруулжээ. Эцэг Довууч нь айлын цагаа долоож амьдардаг тунчиг ядуу барлаг. Шинэхэн гэгээнийг 7 насанд нь Хамбын суудалд залахад Довуучийнх Бурхан уулаас нүүж, Хантайширийн өмнө бэл бараадан нэгэн аманд өвөлжих болсон нь өнөө ч яг Довуучийн буудал, Довуучийн ам гэсэн нэрээ хадгалсаар байна.
Энэ сүүлчийн дүрийг Гэгээн дүр гэх. Өргөсөн нэр нь Жамьяансүрэн. Эгэлгүй номтой, эрдэм чадал нь хэтийдсэн хүн байж, 1932 онд 73-ныхаа нас сүүдэртэйдээ жанч хальжээ. Тэгэхээр 1860 он орчимд төрсөн болно. Гэгээний эрдэм чадлын тухай дэндүү олон домог, хууч бий. Гэвч энэ удаад хөндөж буй сэдэвт хамаарах ганц нэгийг нь цохолж дурдая.
Гэгээнд 9 бээжин хав байжээ. Тэр есийнх нь нэг сохор охин хав үргэлж л гэгээний өвөр дээр эрхлээд хэвтэж байх. Гэгээнтэн “Энэ Сохор Догоо хоёр төрөлдөө надад эрхлэх хувьтай аждээ” гэж суудаг байсан гэдэг.

Буянзалбирахын хийдийг Хамбын хүрээ гэж бас хэлнэ. Хамбын хүрээнд Догоо нэртэй нэг орон гэргүй сохор эмэгтэй байгаад хальжээ. Хийдийн горломд эм хүйстэн оруулдаггүй тул сохор Догоог хүрээ тойрсон борчуул ээлжлэн асарна. Гэгээнтэн Догоог асарсан зардлыг хийдийн жасаас гаргуулан борчуулд өгдөг байжээ. Тэгээд Хонин жилийн хувьсгалын өмнөхөн өнгөрсөн байна. Хөөрхий эмэгтэйн сүнс хавд шилжчихэж, тэгээд гэгээний өвөр дээр эрхэлж хэвтэх.
 
Гэгээнтнийг жанч халилаа гэх мэдээтэй хамт Гол дуганын хойт ирмэг эмтэрч унаад, нэг их гал гарч, Бурхан уулыг чиглээд нисээд явчихыг Хүрээнд байсан бүхэн харжээ. Бас Гэгээний ойр дотно байсан бүхэн долоохон хоногийн дотор бүгд цувран одоцгооход өнөөх эрхэлж хэвтдэг сохор хав нь ч мөн нүд аньжээ.
Хоёр хувьсгалын дундуур Авжий гэж нэг айхтар номтой лам Ганданд шуугиулж, түүнтэй ном хаялцаад дийлдэг хүнгүй болжээ. Гандон коор гэдэг алдар ч хүртэж. Тэр Авжий ламтан Хятад, Төвд, Энэтхэг, Орост явж, ном үзсэн, таван хэлээр ярьдаг, бурхныхаа номонд нэвтэрсэн нэгэн гэнэ. Авжий нэгтээ “За нутагтаа очиж, тэр хаданд бүгсэн хөгшин гэлэнтэй ном хаялцаж үзье байз. Гэгээнтэн, Гэгээнтэн гэх” гээд Хантайширтаа иржээ. Тэгээд Хамба гэгээнтэй ном хаялцаад, сүүлдээ бууж өгч, Гэгээнд шавь ороод, нэг мөсөн тэр Хантайширийнхаа өвөр хаданд өөрийгөө “цөлжээ”. Төө хожим Авжий “Ээ, миний гэгээнтэн чинь дөрвөн төрөлдөө авсан эрдэмтэй хүн, би ч яахав ганцхан төрөлдөө ном сурсан төдий нэгэн” гээд залбирдаг байж. Гэгээнтэн 1912 онд Ховдыг чөлөөлөх дайнд нутгийнхаа 49 эрийг авч оролцсоноос өөрөөр хаднаасаа гараагүй аж төржээ. “Хэн түүнд тийм их ном заахаар энэ бөглүү хаданд ирэв гэж. Яахын ч аргагүй хувилгаан хүн” хэмээнэ.
Гэгээнтэн, Авжий хоёр 1921 оны хувьсгал гарахад шогол татаж үзээд, “За Ардын төрийн цаг нь ирчихэж” гэлцээд Авжий нь шар шувталж, гэгээнтэнд сахилаа өргөчихөөд өөрөөсөө олон дүү залуу бүсгүй авч, харлаад хөдөөлжээ. Мөн хийдийн залуу лам нарыг өөр шигээ хар болж, эгэл мөр хөөхийг ятгадаг, “Та нарын наад хэлтгий захтай дээл чинь дэмий дэмий. Хоёрын хооронд ном сурснаас сураагүй нь дээр. Хоёрын хооронд буянд сүсэглэснээс сүсэглээгүй нь дээр. Үнэний чанарыг дутуу таниваас галзуу. Буруу ойлговоос мунхаг” гэхэд нь Хүрээний лам нар ихэд дургүйцдэг, зарим нь бүр Авжийг чаралба болчихож гэлцэн, зод тавьж, хараал хийж.
Хүрээнээс Авжийд хүн зорьж очоод, өөрт нь хүрээний лам нар хараал хийж буйг дуулган, өөрийгөө хамгаалж, ном гүрэм хийхийг сануулахад “Дутуу дундуур хөөрхийс яахав яахав, тэгэж л байг. Хөөрөгнийхөө халбагаар чихээ ухаж байгаад хэнгэргээ хагалчихгүй бол өөр яав л гэж” гээд хөдөлсөнгүй гэнэ. Үнэхээр лам нарын хатуу хараал жатга Авжийг яаж ч чадсангүй.
 
1932 оны эсэргүү бослогынхон Авжийг Шамбалын дайны тангараг тавиулахаар ирцгээхэд “Ирж буй цагийн төрийг эсэргүүцэж, нүгэл хураах нь. Та нарын асман лам нарын хийдэг Шамбалын дайн гэж юу байхав, тэхийн эврээр тэнгэр хатгах болж, түмний цусаар гараа угаах нь, ландармаанууд. Жаран шувтарч, цаг нь болохоор наад төр чинь аяндаа нурна” гэж зад загнаад буцаажээ.
Хүрээ тарж байх үеэр манай буурал ээж Магнайнх хүрээнээс хэдэн лам авчран жасаагаа уншуулдаг байжээ. Жасаагаа уншуулж байгаа айл хонь гаргана, лам нарын гарыг цайлгана, бас бус зардал гарна. Тэгээд нэгд садан салтар, хоёрт Хүрээнд Гэгээний дэргэд ойр том лам явсных нь хувьд Авжийг жасаандаа залдаг. Авжий гурван төө урт мод молгойгоо бүсэндээ хавчуулчихсан ирж, хоймор нь голлон суугаад мод толгойгоо сугалж баахан тамхи нэрж, жасаанд уригдсан лам нарыг жаал утаж аваад, гарахдаа зүүгээр тойрч, буурал ээжийн араар гарахдаа “Мамаа минь, Мамаа минь. Юмны чинь гарз даа, гарз” гэчихээд гардаг байж. Нэг бус удаа тэгсэн тул “Энэ хөгшин бүр зөнөчихжээ” гээд дахиж жасаандаа залахыг больжээ.
Авжий мэргэлнэ. Хүмүүс ирээд мэргэлүүлэхэд
- За чи цаагуураа (Хүрээгээр) хүн хараар үзүүлэв үү? гэх.
- Үзүүллээ гэхээр,
- Хэнээр? гэнэ.
- Тарган ламаар үзүүллээ гэхээр,
- Тэр яаж үзэж байна гэх.
- Шоо хаяж үзэж байна гэхээр,
- Күй тэр, зургаан талтай мод өөд нь чулуудахаар нэг талаараа унахгүй хэдэн талаараа унах вэ дээ. Хүн мунхруулаад, золигнуудыг, хуухай гэчихээд орныхоо хөндийгөөс үнсэн самбар гаргаж ирээд зураад суучихдаг. Тэгээд яг таг, онтой сартай, жилтэй хүйстэй, зүстэй, мэнгэтэй нь хэлдэг байжээ.
Цэргээс ирсэн залуучуудаас шилж байгаад нэгийг авчирч, олон дүү эхнэртэйгээ гэрлүүлээд, өөрөө баруун хаяанд нь гарч, тэр хоёроороо асруулж байгаад 1940-өөд оны сүүлээр бурхан болжээ.
За товчхондоо ийм. Хамба Гэгээнтний тухай олон хуучийг алгасав.
Одоо дээрх хуучууд Л.Түдэвийн “Оройгүй сүм” романы дүрүүдтэй холбогдож болох сэжмийг эргэцүүлье.
1. Юутай ч “Оройгүй сүм” романы гол үйл явдал өрнөдөг Буянзалбирахын хийд буюу Хамба гэгээний хийдэд орой нь дутуу баригдсан нэгэн Чойрын дуган байжээ.
2. Үйл явдлын мөр үзвэл “Оройгүй сүм” романы гол баатар Санж хийгээд Хамба гэгээний сүүлчийн дүр Жамьяансүрэн хувилгаан хоёрын амьдарч асан цаг үе ойролцоо болно. Мөн тэд адилхан ядуу барлаг айлд төрцгөөсөн. Адилхан номын оройд мацсан хүмүүс байжээ.
3. Гэгээнд гартаж, шүтээд шавь болсон Авжийтан хар болж, эгэл амьдралын мөр хөөжээ. Авжийтан Хамба гэгээнээс өөр хүрээний бүх лам нарыг ном сурсан дүр эсгэж, олныг мунхруулагчид, өөрсдөө ч учрыг нь олоогүй номоор олны өмнө хэлбэр тавигчид хэмээн шоолдог байжээ. Номын орой цоорвоос ямар ч дүрс хийгээд утга ялгал үгүй мэт болмуй. Гэтэл ялгал үгүй орчлонгийн тоосыг мунхаг нүдээр ялгах нь бузар нүглийн дээд гэж үзэх. Тэр мэтээс үүдэн хүрээний лам нар Авжийд хараал жатга ч хийж. Авжий болоод Хүрээний лам нарын хоорондын зөрчлийг анзаарваас Санж хийгээд түүнд жөтөөрхөн нүдийг нь сохлон, эзгүй Ингэн усны говьд цөлж орхих хийдийн ламбугай нарын хоорондын зөрчилтэй төстэй.
4. “Оройгүй сүм” романы Отгон бүсгүйн дүр Гэгээнд хоёр төрөлдөө эрхэлсэн сохор Догоог ч санагдуулах. Санж ламтан, Отгон хоёрын хооронд хайр сэтгэлийн амьд холбоо байсан, лам нар Отгоныг хорлон амийг нь авч оддог. Гэгээн, Сохор Догоо бүсгүй хоёрын хооронд ямар нэгэн сэтгэлийн сэжүүр байсан юм биш байгаа. Бүсгүй яагаад сохров? Бас Догоо бүсгүй яагаад хоёр төрөлдөө Гэгээнтэнд эрхлэх хувьтай билээ?
5. Л.Түдэв гуай Санж ламтны дүрийг Хамба гэгээнтэн болон Авжий хоёрийн дундаас босгож ирсэн юм биш байгаа?
Энэ мэтийг Л.Түдэв гуайгаас асууна даа гэж бодсоор явсан авч амжсангүй. Өнгөрсөн хойно нь эргэцүүлжээ, бас харуусчээ сууна. Өчигдөр Л.Түдэв гуайн хойчийн буяны 49 хоног нь болов. Дурсаж нэгийг бичнэ дээ гэж бодсон авч амжихгүй гүйсээр өнөөдөр бичиглэв. “Түдэв судлал”-д нэгэн дусал ч болов болтугай.
 
Буянзалбирахын хийдийн сүүлийн дүр Хамба гэгээн Жамьяансүрэн.
 
 
 
Буянзалбирахын хийдийн өнөөгийн дүр төрх.
 
 
Эх сурвалж: sonin.mn
Б.Наминчимэд

  • Шинэ
  • Их уншсан