Газар нутаг бол төрийн оршин тогтнох үндэс мөн

Саяхан батлагдсан шинэ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ая амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж хуульчилжээ. Энэхүү зүйлийн доторх  “төрийн нийтийн өмч” гэсэн огт ойлгомжгүй томьёолол ихээхэн анхаарал зүй ёсоор татаж байна.
 
“Төрийн нийтийн өмч” гэдэг юу гэсэн утгатай үгс юм бол доо? Монгол хэлний зүй тогтолыг зөрчсөн, байж боломгүй ийм хачин хэллэг ямар нэгэн муу заль мэхийг далдлах гэсэн аятай этгээд хүйтэн сонсогдоно. Тиймээс ч энэ томьёоллыг бүрдүүлж байгаа гурван үгийн нэг нь яах аргагүй илүүдчихжээ.
Чухам аль нь гэдгийг олж тогтоох гэсэн ердийн иргэнд бүх талын ихээхэн бэрхшээл тохиолдох бололтой. Хэрвээ “нийтийн” гэдэг үг илүүдсэн бол техник алдаа гэж үзэх болохоор, хэрвээ “төрийн" гэдэг үг илүүдсэн бол түмэн олны толгойг эргүүлэхэд чиглэсэн ноцтой хууран мэхлэлт, бусармаг заль мэх, бүр тодруулбал харийнханд газраа худалдах арга заль, тэдэнтэй хуйвалдах хуйвалдаанаа нууж далдлах гэснээс хуулийн алтан дүрмийг зөрчиж, бүдэг бүрхэг томьёолол хэрэглэсэн болж таарна. Уул нь хуулинд бүдэг томьёолол байж болдоггүй хатуу цаазтай сан. Сайтар ухаж бодож үзвээс “нийтийн өмч”, “ний+гэмийн өмч”, “социалист өмч” гэх мэтийн нэр томьёо уг утгаараа нэг л томьёолол төдийгүй бүгд л “эзэнгүй” гэсэн утгатай үгс билээ. Ийм хууль бус томьёоллыг улс орны бүх хуулийн эх үндэс болсон Үндсэн хуулинд мэдэн будилсан байдлаар оруулж, Монголын ариун дагшин газар, түүний хэвлийн баялгийг ард түмний ар хударгаар харийнханд баруун зүүнгүй худалдах боломжийг дарга ангийнханд тавьж өгч буй заль илт үнэртэж, үзэгдэж байна. Дарга ангийнхан хэдэн жилийн өмнө газрын асуудал дээр ард түмэнд ялагдсан санаархлаа дахин шургуулахдаа “Монгод Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг..." гэх мэтийн үгсийг зальт үгнийхээ өмнө оруулан бичиж, ард иргэдийн толгой эргүүлэн мэхлэх гэж болхи оролджээ. Тиймээс ч монголоор зөв ярьж, сэтгэдэг хүмүүст эрс этгээд сонсогдох “...төрийн нийтийн...” гэх мэтийн хэллэг зохиож оруулаад булхайгаа өөрсдөө илчилж өгч “хөгөө хөлдөө чирэх” аядсан гэлтэй болжээ. Ингэж Монгол газар шороог хэсэг хэсгээр нь харийнханд худалдах гэсэн жудаг муутай далд санаархал энэ зүйл ангиас илт цухалзах ажээ.
 
Өрнөдийн Улс төр судлаач эрдэмтэд (нэн ялангуяа олон улсын харилцаа судлаачид) арваадхан жилийн өмнөөс “Монголын газар нутгийг хятадууд худалдаад авчих” магадлалтай гэж анхааруулан бичдэг болчихоод байгаа. Энэ суурийг үндсэндээ тавьж өгч хуульчлан бэлдэж өгөх гэж оролдон аядсан ажээ. Тиймээс жинхэнэ монгол хүн хотынх, хөдөөгийнх гэлгүй сонор соргог байж, өнөөгийн Үндсэн хуулинд ёс бусаар шингэн орсон 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх гэсэн бусармаг оролдлого бүхнийг таслан зогсооход нэгдмэл санаа, хүчин зүтгэл нэгэнтээ байх ёстой болж ирлээ. Болгарчууд газар нутгаа харийнханд хэсэг хэсгээр нь худалдсаар нутаг дэвсгэрийнхээ эзэн нь биш болж, өдгөө харь эзэнтэй болсон нутаг дээр сэтгэлийн түгшүүртэй аж төрөн сууж байгаа гашуун түүхийг монголчууд бид хэрхэвч мартаж огоорох ёсонгүй. Манайд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд газрын баялгийг олборлохдоо дэндүү дураараа аашилж байгаа төдийгүй олборлосон эрдсээ угааж цэвэрлэх үйл ажиллагаандаа хачин муухай зэрлэг технологи хэрэглэж байгаа нь гайхалтай. Жишээлбэл, Өмнөговийн Оюу толгой дахь Английн Рио Тинто компани, Дорнод аймаг дахь Хятадын Шинь шинь зэрэг компаниуд хөрсний дор 200-300 метрийн гүнд газрын чулуулаг давхаргын ан цавд тогтсон өндөр даралттай усыг олборлосон эрдэс бодисоо угаахад ашиглаж байгаа нь дэлхий дээр хаана ч гараагүй зэрлэг технологи юм. Энэ бол байж болшгүй, геологийн түүхэнд огт байхгүй хориотой технологи мөн. Тодруулж хэлэхэд, манай улсын эзэнгүй юм шиг байдлыг ашиглаж харийнхан хориотой аргыг хэрэглэж, дураараа дургин эзэнгүйчилж байгаа нь энэ билээ. Манайд бизнес явуулж байгаа харийнхан “намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэдэг зарчмаар ажиллаж, ямар нэгэн эсэргүүцэл гарвал авлигалчин дарга нараар нь аргалуулна гэх аашийг сайн эзэмшиж авсныг энэ жишээ тод харуулж өгч байна.
Газрын гүний ус болон нефть бол угтаа газрын хэвлийн зөөлөвчүүд бөгөөд  дэлхийн гүнээс ирж буй чичиргээг зөөллөж, газар хөдлөх гай гамшгийг зайлуулж  өгч байдаг шингэн давхарга юм. Тиймээс тэдгээрийг учир утгагүй оролдох, нэн ялангуяа газрын гүний усыг хамаагүй оролдох явдал байгалийн гамшгийг цаг бусаар дуудаж, улс орондоо гай чирсэн ухвар мөчид хэрэг болдог. Учир нь газрын гүний ус дахиж хэзээ ч нөхөгддөггүй. Зөөлөвчгүй болсон газар шороо дахин дахин хөдөлж, нутгийн хүн амыг мөнхийн аюул дор байлгадаг болох нь ойлгомжтой. Үүнийг урьд нь газар хөдлөлт гэж чухам юу байсныг огт мэддэггүй байсан Өмнөговьд газрын хөрсний усыг зэрлэгээр ашиглаж эхэлснээс хойш хүчтэй газар хөдлөлт шил шилээ даран гардаг болсон явдал нотлон харуулж байна. Манай Дорнод аймгийн хөрсний дор дэлхийн гурван далайтай холбоо бүхий гүний усны хагалбартай оршиж байдаг бөгөөд түүнийг полиметал олборлодог Хятадын ... компани ашиглахдаа оргилсон усыг цохиж эрдсээ угаадаг. Цохиж угаах үед бохирдсон усны зарим хэсэг эргэж хөрсний усанд шингэн орж бохирдуулдаг. Энэ бол хүн төрөлхтөнд том гай чирч буй хэрэг юм. Дэлхийн усны 1 хувь л хүн ууж болох ус байдаг гэдгийг бодолцох аваас энэ үйлдэл дэлхийн хэмжээний том хохирол тарьж байгаа нь хэтэрхий ойлгомжтой харагдах ажээ.
 
Монголын төр ёсны түүхийг мянга мянган жилээр сөхөж үзэхэд газар нутаг ямагт төрийн өмч байсаар ирсэн. Тиймээс ч 2300 жилийн өмнө Хүмүүн улсын их эзэн Моодон сэнгүн "Газар нутаг бол төрийн оршин тогтох үндэс” хэмээх төрийн гүн бодлогот томьёоллыг томьёолон гаргаж ирсэн билээ. Энэ бол Монголын үе үеийн эрх баригчдад түүчээлэн илгээсэн улс төрийн сэнхрүүлэгч ухаан шингээсэн захиас байсан юм.
Монголд газар ямагт төрийн өмч байсан нь дэлхийд хосгүй эрчимт бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалж авч үлдэх зорилготой шууд холбоотой байсан. Монголчууд буянт малынхаа ачаар мянга мянган жилийг гол харлуулсан хахир өлсгөлөн гэж юу байдгийг мэдрэлгүй туулж, ардаа хийсээр ирсэн. Харин өдгөө малын бэлчээр харийнхны гарт орж хумигдваас монголчууд бид үндсэн хоолноосоо хагацаж салах эмгэнэлтэй тулгарч магад болжээ. Социализмын үед бид цагаан идээнээсээ хагацсаан. Даяаршлын үед бид эм мэт чанартай эмчилгээний махнаасаа хагацах шинжтэй болж ирлээ.
Манай аж ахуй бэлчээрийн мал аж ахуй үнэндээ бол хамгийн эрчимтэй мал аж ахуй юм. Биеийн хөдөлмөрөөс оюуны хөдөлмөрийг илүү ихээр шаарддаг гэж хэлж бодохоор аж ахуй билээ. Харин өрнөдийн мал аж ахуй үнэн хэрэгдээрээ тэдний ярьж, рекламддагаас огт өөр буюу эрчимт буc өртөг өндөртэй буюу хөрөнгө оруулалт маш их шаарддаг тэр ч бүү хэл хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хор хөнөөлт аж ахуй юм.
Өрнөдийн мал аж ахуй хүн амаа яагаад ч махаар хангаж дийлэхгүй болохоороо малаа химийн эрчимт тэжээлээр тэжээх, генийн өөрчлөлтөд оруулж мах мариаг нь ихэсгэх аргачлалд шилжиж осолтой, аюул зэтгэртэй арга хэрэглэхээс өөр гарцгүй болсон. Энэ бол аргаа барахдаа хүний эрүүл мэндэд ухвар мөчдөөр халдаж, “золигт гаргасан” ёсон бус алхам хийсэн хэрэг болно.
Өрнөдийнхөн генийн өөрчлөлттэй хоол хүнс, түүний дотор малын мах хэрэглэж байгаагаас хорт хавдарт үлэмж ихээр өртөж байна. Жишээ нь, Английн хүн амын 40 хувь нь өнөөгийн судалгаагаар хорт хавдартай байна гэсэн шинжилгээ гарсан. Энэ үзүүлэлт 20 жилийн дараа 60 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан дүн шинжилгээ бас илэрхий болоод байгаа.
 
Бэлчээрийн мал аж ахуй туйлын эрчимтэй аж ахуй гэдгийг нотолж өгөх бас нэгэн жишээ нь өрнөдийн маягийн мал аж ахуй шиг асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүй хямд төсөр атлаа үр өгөөж үлэмж өгдөг аж ахуй юм. Манай мал тэдний мал шиг байшин барилга бариулан тухалдаггүй, химийн аргаар гаргаж авсан үнэ ихтэй тэжээл хэрэглэдэггүй, өөрөө өөрийгөө бэлчээрийн хүнсээр хангачихдаг, тэжээвэр гэмээнэ зэрлэг юм шиг, зэрлэг гэмээнэ тэжээвэр юм шиг ээлтэй мал билээ. Хэрэвзээ байгалийн гай гамшиг тохиолдвол аюул хурсан газраас өөрийн хөлөөр зугтан гарч чадна. Гэтэл байшин барилгад сууж, генийн өөрчлөлтөд автаж, гүйж харайх чадвараа алдсан суурин малууд оромж байрандаа зогсоогоороо мөөрөлдсөөр барилгаа нурахад дарагдаж үхэж үрэгдэнэ. Ингэж байгалийн хүчирхэг гамшиг дайрсны дараа өрнөдийн маягийн мал аж ахуйг сэргээж авахад хичнээн их хөрөнгө оруулах хэрэг гарах бол гэх төсөөлөл бууж байна даа. Асар их гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэтэл манай мал аж ахуй байгалийн гашгийн дараа эзэн, мал хоёр бие биеэ олоход л дахин сэргэнэ.
 
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд агаар, ус, ой, бэлчээр, мал тав Монголд нэн чухал аа. Дэлхийн ногоон бүрхүүл болсон ой модгүй болговол амьсгалах агааргүй болно. Байгалиа сүйдэлбэл уух усгүй болно. Бэлчээрийг үгүй хийвэл идэх хоолгүй болно. Тиймээс эд бүгдэд маань далдуур заналхийлж, нуугдмал аюул даллаж, Үндсэн хуулинд ёс бусаар шингэн орсон 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг цуцлан устгаж, Үндсэн хуулиас хасуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болж байна. Энэ бол бидний мөрөнд дээр дарга ангийнхны гайгаар бууж ирж, Монгол төрийн өмнө иргэн бүр аргагүйн эрхэнд хүлээн авч үүрэх ёстой болсон өнөөгийн үүрэг, утга төгөлдөр ирээдүйн төлөөх тэмцлийн зорилго боллоо. “Сайн хүмүүс дуугүй байгаад байвал муу хүмүүс чөтгөр мэт давардаг” гэдэг үгийг түмэн олон хэзээ ч мартах ёсгүй.Үүнтэй адил ойлголт болох “Сайн Засгийн газар гэж байдаггүй. Ард олон шахаж тэмцэж байж Засгийн газрыг сайнаар ажиллуулдаг" гэсэн улс төрийн зарчим өрнөдийн нийгмийн сэтгэлгээнд баттай суурилж, газар авсан ойлголт болсон байдгийг энд дурдах юун.
Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан