Twitter: Хэрэглэгчид уншаагүй мэдээллээ шэйрлэдгийг хязгаарлана

Цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Твиттер компани хэрэглэгчид огт уншаагүй мэдээллээ “retweet” хийж бусадтай хуваалцах явдлыг зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Компани өөрсдийн платформд хийсэн судалгааг үндэслэн энэхүү алхам нь твиттерийг илүү мэдээлэлтэй хэлэлцүүлгүүд өрнөдөг талбар болгон сайжруулах талаар онцолсон байна. Твиттер албан ёсны мэдэгдэлдээ андройд төхөөрөмжөөс уг платформд ханддаг зарим хэрэглэгчдэд уг шинэчлэлийг туршиж эхэлсэн. Одоогоор хэрэглэгчид өмнө нь огт нээж үзээгүй линкийг “retweet” хийх үед доторх агуулгыг нь эхлээд уншиж үзэхийг сануулах цонх нээгддэг болсон. Цаашид бүх хэрэглэгчдэд энэхүү шинэчлэл нэвтэрнэ гэжээ. 

Колумбын их сургууль болон “Microsoft” компанийн 2016 онд хийгдсэн судалгаагаар твиттер дээр “retweet” хийгдэж буй нийт холбоосын 59 хувийг платформд тухайн мэдээг хуваалцсан хэрэглэгч огт уншдаггүй гэх үр дүн гарсан байна.Мөн онд фейсбүүкт хийгдсэн судалгаагаар тус платформын хэрэглэгчдийн 70 хувь нь тухайн мэдээ, нийтлэлийн зөвхөн гарчгийг нь уншиж, доторхи агуулгатай нь танилцалгүй “Share” хийдэг болохыг тогтоожээ.

Эх сурвалж: The Guardian

  • Шинэ
  • Их уншсан