Монгол руу аялах ЕСӨН шалтгааныг нэрлэжээ

Дэлхийн нийтээр цар тахал дэгдэж, олон улс хилээ хааж, хөл хорио тогтоосон. Хүн төрөлхтөн удахгүй аюулт цар тахлыг даван гарч, хэвийн амьдралдаа шилжих нь гарцаагүй. Энэ жилийн хувьд тахлын улмаас гадаад аялал жуулчлал зогсонги байдалд буй. Харин цар тахлын намжсаны дараа олон хүн дэлхийгээр аялах төлөвлөгөө гаргаж байгаа. Дэлхийн аялал жуулчлалын томоохон байгууллагууд ч халдварт өвчин намжсаны дараа аялах боломжтой орнуудыг нэрлэж байна. Тэдгээр орнуудын дунд Монгол Улсыг вирусийн тархалтыг дотооддоо зургаан сарын хугацаанд тархаагүй, хүн ам багатай, байгалийн үзэсгэлэнтэй байгальтай гэдгээр нь онцолж байна. Дэлхийн алдарт "Vogue" сэтгүүл хэдхэн жилийн өмнө Монголд аялах есөн шалтгааныг нэрлэж байв. Үүнийг эмхэтгэн хүргэж байна.

Говь

Дэлхийн хамгийн том элсэн цөлүүдийн нэг Монголын өмнөд хэсгээр, Хятадын хойд хэсгээр оршдог. Энэ аяллын явцад замаараа Монголын үзэсгэлэнт байгалийн сайхныг бүгдийг нь харна. Хойд Африк болон Ойрхи Дорнодын цөл шиг Монголын говиор тэмээ, Jeep машинаар, явганаар аялж, судлах боломжтой. Түүнчлэн 180 км үргэлжилдэг Хонгорын элсэд очиж, баруун хойноос зүүн урагш үргэлжилсэн өргөн уудам элсэн манхныг харна. Түүнчлэн говийн уулархаг бүст оршдог, палеонтологийн ховор олдворуудын өлгий Баянзагаар аялж болно.

Түүх

Дэлхийн баялаг түүхтэй улсын нэг бол Монгол. Тус улс Чингис хааны манлайллаас эхлээд коммунист, засаглалын арвин их түүхтэй. Ази, Европын ихэнх нутгийг эзэлж байсан Чингис хааны нэр, зургийг өнөөдөр зочид буудал, архи гээд олон зүйлээс харж болно. Түүнчлэн Чингис хааны 130 фут өндөртэй морьтой хөшөө, музейг нийслэлээс холгүйхэн үзэх боломжтой. Үүнээс гадна Монголын коммунист засаглалын үед ЗХУ-ын тусламжаар баригдаж байсан барилга, музей болон орчин үеийн барилга, байгууламжуудын хослолыг эндээс харж болно.

Адал явдал

Монголыг зорих жуулчдын олонхи нь хөх тэнгэр, үзэсгэлэнтэй байгаль руу хошуурцгаадаг. Цэнгэг уст Өгий нуураас сүр жавхлантай Орхоны хүрхрээ рүү аялж болно. Энэ маршрутын аяллыг Улаанбаатар хотоос Богд уулаар дамжин морин аяллаар зохион байгуулдаг газрууд бий. Түүнчлэн Алтайн нуруугаар дамжин Монголын баруун хязгаар руу аялах маршрут ч байдаг. Энд казах ард түмний аж байдалтай танилцах боломжтой. Энэ аялалд хавар гарах нь хамгийн тохиромжтой байдаг.

Үнэгүй амралт

Зуны улиралд Монголд очоод байгальд үнэгүй амрах боломжтой. Танаас өөр хэн ч байхгүй хээр тал эсвэл голын эрэг дээр очоод майхан бариад байгалийн сайхныг мэдрэн хэд ч хонож болно. Хамгийн гол нь дулаан хөнжил, майхнаа бэлдэх шаардлагатай.

Өвөрмөц хоол

Монголчууд юу иддэг бол гэсэн бодол жуулчдын толгойд шууд буудаг. Нийслэл Улаанбаатарт KFC гэх мэт олон улсын сүлжээ хоолны газраас эхлүүлээд Энэтхэг, Хятад зэрэг олон орны хоолыг идэх боломжтой. Харин жинхэнэ Монгол хоолыг нийслэл хотоос гараад хөдөө идэж болно. Орон нутгийн иргэд үхрийн сүү, хонины сүү, бяслаг болон хонины махаар хийсэн бууз, хуушуур, банш зэргийг санал болгоно. Зарим газарт тэмээ, сарлаг, ямаа, адууны мах гээд уургийн агууламж өндөртэй хоол хийж өгдөг. Түүнчлэн Хятад хоолны нөлөө бага зэрэг орсон жигнэсэн мах, цуйван зэрэг хоолыг ихэвчлэн иддэг. Тэр ч байтугай гоймонтой хоол хийж өгч ч магадгүй. Гэхдээ та нийслэлээс гараад жимс, хүнсний ногоо төдийлөн идэж чадахгүй. Хөдөө орон нутгийн хүмүүс ихэнхдээ мал, амьтны уураг ихтэй бүтээгдэхүүнийг идэж хүйтэн өвөлдөө бэлддэг юм.

Өргөн уудам нутаг

Дэлхийн хамгийн бага хүн амын нягтшилтай улсын нэг нь Монгол юм. Энэ улсад онгон байгаль, байгалийн үзэсгэлэн цөм бүрдсэн байдаг. Хааяахан тааралдах хонин сүрэг, айлаас өөрөөр тааралдаж, бөөгнөрөх зүйлгүй эцэс төгсгөл нь харагдахгүй өргөн уудам тал нутагт байна гээд төсөөл дөө. Ийм орчныг Монголоос олж харах боломжтой. Говь цөлийн элсэн манхан, илүү улс орны газар нутгийн талаас илүүг нь бүрдүүлдэг хээр тал, Алтайн нуруу, шигүү ой, нуур ус гээд байгалийн үзэсгэлэнт газар цөм бий.

Жуулчлал бага

Хатуу ширүүн өвөл, алслагдсан байдал зэргээс шалтгаалж Монголд жуулчлал бага байдаг. Хамгийн их жуулчид Орос, Хятад, Балбаас очдог. Гэхдээ Улаанбаатар руу явах хэд хэдэн нислэгтэй болсон энэ үед үүргэвчтэй аялал зохион байгуулдаг жуулчлалын газрууд ч элбэг болсон.

Тайван дөлгөөн

Монголын буддын шашны төв Эрдэнэзуу хийд, Чингис хааны байгуулж, Монголын нийслэл болгох зарлиг буулгаж, Өгөөдэй хааны үед баригдаж байсан Хархорум хотод аялах боломжтой. Түүнчлэн нийслэл хотод бурхан багшийн цэцэрлэг буюу Гандантэгчэнлин хийдтэй танилцаж болно. Энэ мэтчилэн очиход тайван дөлгөөн, сүнслэг мэдрэмжийг олох боломжтой сүм хийдүүд Монголд олон бий.

Наадам

Улс орны түүх, соёлтой нэвт танилцах хамгийн тохиромжтой цаг бол Наадам буюу долдугаар сард болдог үндэсний баяр юм. Соёлын олон тоглолт, бөх, морин уралдаан, сур харваанаас эхлүүлээд үндэсний тодотголтой хоол хүнсийг энэ баяраар идэж, монголчууд үндэсний хувцсаа өмссөн байхыг харж болно. Монголын соёлын хамгийн чухал, уламжлалт зан заншлыг энэ баяраар үзэх боломжтой.

  • Шинэ
  • Их уншсан