Зөвшөөрөлгүй ажиллаж байсан 10 ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлд өнөөдрийн байдлаар 239 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. “Шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахсан, үнээ нэмсэн, чанар муутай шатахуун шахсан” зэрэг  шатахуун түгээгч компаниудтай холбоотой иргэдийн гомдол мэдээлэл тасардаггүй. Тэгвэл НМХГ-аас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц,   автомашиныг хийгээр цэнэглэх  гурван станцын үйл ажиллагааг өчигдөр зогсоожээ.  НМХГ–ын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээгч компаниудад явуулсан хяналт шалгалтаар М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн хоёр ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн гурван ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчил шалгалтаар илэрсэн. Энэ жил зөрчил гаргасан гурван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авлаа. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан ШТС–уудад тухай бүрт нь хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хяналт шалгалтаар жил бүр зөвшөөрөлгүй, дураар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрдэг” гэж ярьсан юм. Прокурорын хяналт дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байна.  Мөн 26 аж ахуй нэгжид зөрчлөө арилгах сануулга өгчээ. 

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан