“Эрх чөлөөнөөс дайжихуй”-гаас онцлох 5 ишлэл

Эрих Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй” гэдэг ном Норовын Пүрэвдагвын орчуулгаар монгол уншигчдад хүрээд удаж байгаа бүтээл. Энэрэнгүй үзлээрээ нэрд гарсан алдарт эрдэмтэн, неофрейдист, сэтгэл судлаач Эрих Пинчас Фромм (1900-1980)-ын энэхүү ном (Escape From Freedom)-нд бие хүний эрх чөлөө гэгч юу болох, яагаад, юуны учир хүмүүн эрх чөлөөнөөс дайждагийн шалтгааны тухай өгүүлэх болно. Тэрчлэн ардчилсан хүмүүнлэг нийгэмд л биехүн тал бүрээр, чөлөөтэй хөгжих боломжтойг нотлосон олон баримт энэ номд буй. 

 “Эрх чөлөөнөөс дайжихуй” хэмээх энэ ном 1941 онд анх нийтийн хүртээл болсоноосоо хойш АНУ, ХБНГУ-д англи, герман хэлээр маш олон удаа бараг жил алгасахгүй давтан хэвлэгдэж байгаа ном. Нийгмийн сэтгэлзүй хэмээх Шинжлэх ухааны шанг татсан бүтээл гэж дэлхийн нийгэм судлаачид үнэлдэг бүтээл. Монголд хоёр дахь удаагаа 2018 онд хэвлэгдсэн ч уншигчдын хувьд эрэлттэй номын нэг хэвээр байгаа билээ.

“Эрх чөлөөнөөс дайжихуй”-аас онцлох 5 ишлэлийг толилуулж байна.

  1. Эрих Фромм:...эрх чөлөөнөөс толгойтой болгон дайжих болсны учир шалтгааныг таньж мэдвэл нийгэмд болж буй сөрөг үзэгдлийг засаж залруулахад тустай болов уу гэсэндээ энэхүү номыг зориглон бичсэн билээ.
  2. Эрих Фромм:...хүн сэтгэлийн түгшүүртээ хөтлөгдөн эрх чөлөөгөө элдэв дарангуйлагчдад найр тавин өгч эсвэл алдаж, гэдэс цатгалан, мөр бүтэн хэдий ч эрх чөлөөгүй, төрийн машины эрэг шураг болон хувирахдаа тун амархан ажээ.
  3. Эрих Фромм:...Эрх чөлөөний төлөө хүмүүсийн хийж байгаа тэмцлийг мушгин гуйвуулж, нухчин дарж болох боловч дахин дахин сэргэдэг жамтай ажээ. Хүлээвэл мянга мянган жил ч шаардагдаж мэднэ. Юутай ч эгзэгтэй үед учрыг арай гүнзгий ойлгож, арай бодитой хандаж чадвал хүн төрөлхтний мөхөл сэхлийн асуудал ч нааштай шийдэгдэх болно.
  4. Эрих Фромм: Ашгийн төлөө зүтгэж олсноороо дахин хөрөнгө оруулж, дахин ашиг олж, өссөн ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийх гэх мэтээр үргэлжилж байна. Мэдээж тансаг амьдрал, чамин сайханд мөнгө цацаж, ашгаа савируулдаг баячууд ямар ч цаг үед байдаг. Гэхдээ л капитализмын сонгодог төлөөлөгчид мөнгөө үрж биш, ажиллаж л цагийг нөхцөөдөг юм.
  5. Эрих Фромм: Лютер, Кальвин тэрчлэн Кант, Фрейд нар аминч үзэл, өөрийгөө хайрлах хоёрыг ижил ухагдахуун хэмээн үзэж байсан. Бусдыг хайрлавал сайн үйл, өөрийгөө хайрлавал нүгэл, өөрөөр хэлбэл бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах хоёр бие биенийгээ үгүйсгэсэн ухагдахуун болоод байгаа юм.

Зуны амралтын унших номын жагсаалтдаа “Эрх чөлөөнөөс дайжихуй”-г оруулахаар шийдсэн бол Интер номын дэлгүүрийг зориорой.

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан