Л.Мөнхтүшиг: ОХУ хилээ нээгээгүй байхад нээсэн гээд зарим иргэд замдаа гарсан байна

ГХЯ-аас БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагаа, гадаадад гацсан иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

-ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар: ГХЯ-аас өнгөрсөн хугацаанд хоёр асуудалд ажиллалаа. Нэгдүгээрт, коронавирусийн үед эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх тал дээр ажиллаж байна. Мөн эдийн засгийн тэргүүлэх төслүүдийн гадаадад сурталчлах, ТЭЗҮ боловсруулах, гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хоёрдугаарт, хилийн чанадаас иргэдээ авчрахаар ажиллаж байна. Өнгөрсөн тав хоногийн хугацаад гадаад улсад суугаа Элчин сайд түр хамаарагчтай уулзлаа. Мөн гадаадын улс орнуудын Засгийн газарт хандаж Монгол Улсын Засгийн газраас манай улсын иргэдэд тусламж үзүүлэх хүсэлтийг тавьсан байна.

-Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг: ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны залгамжаа хадгалж тус улсуудтай хэрэгжүүлж буй ажлуудаа үргэлжлүүлж байна. Дэлхий дахинаа үүссэн цар тахалтай холбогдуулан өмнөх шигээ ажиллах боломж муу байгаа ч хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа хадгалж, худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ онд ГХЯ хоорондын уулзалтыг аль болох уламжлалт хэлбэрээр, болохгүй бол цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон.  Ойрын хугацаанд хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн байдлаа сэргээх нь хамгийн чухал зорилго болоод байна. БНХАУ-тай эдийн засаг, худалдаагаа сэргээхэд “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж эхэллээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн зургадугаар сард 2500 гаруй иргэнээ татан авч байсан бол энэ сард 50 хувиар илүү татан авалт хийлээ. Гадаадад байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийг эх орондоо ирэх хүслийг буруугаар ашиглах, буруу мэдээлэл түгээж байна. ОХУ агаарын хилээ нээж байгаа учраас тус улсаар дамжаад Монгол руу ирж байна гэсэн мэдээллийг тарааж, үүний дагуу цөөнгүй хүн холбогдож, зарим нь бүр замдаа гарчихсан байна.

ОХУ нь Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс гэсэн гурван хилээ нээсэн, Монгол Улс багтаагүй. ГХЯ өнгөрсөн хугацаанд хилээ хэсэгчлэн нээсэн улсууд ямар нөхцөлөөр оруулж байгаа талаар мэдээлж байгаа. Өнөөдрийн байдлаар урд, хойд хоёр хөрш гадаад улсын иргэдийн нэвтрүүлэхгүй хэвээрээ байгаа гэдгийг сануулъя.

“Ногоон гарц” журам нь тээврийн жолооч, инженер, техникийн ажилчид хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын ЭСЯ “Ногоон гарц” түр журамд хамрагдаж буй иргэдээс бусад иргэдийг нэвтрүүлэх боломжгүйг хэлсэн.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Чехээс ирсэн охиныг хэрхэн нэвтрүүлсэн бэ?

-ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Чехээс ирсэн охиныг нэвтрүүлэхэд үнэхээр Чехээс ирсэн эсэхийг тодруулах хэрэгтэй болсон. ОХУ-ын хилээ нээсэн улсуудад Чех байхгүй. Үүнийг бид тодруулж байна. Хил хааснаас хойш Монгол Улсын иргэн татан авахад зөвхөн зохион байгуулалттай, урьдчилан хил нээхээр ярилцаад татан авч байгаа. Чехээс ирсэн гэх охин одоогоор ачаа тээврийн машинаар ирсэн гэдэг өгүүлэмжтэй байна. Урьдчилан ГХЯ-д мэдэгдээгүй. ГХЯ хил нээх эрхтэй газар биш. Хэрвээ ирж байхдаа хэлсэн бол холбогдох байгууллагуудтай холбогдон зохицуулах байсан. Чехээс ирсэн гэх охин яг ямар маршрутаар ирснийг хэн ч мэдэхгүй байна. Сэрэмжлүүлэхэд, хэрвээ ямар нэгэн байдлаар манай улсын хэрэгжүүлж байгаа хилийн горимыг зөрчвөл манай улсын хуулиар хоёр хүртэлх жил хорих ял байдаг гэдгийг ОХУ тал анхааруулсан. Хил зөрчигчийн асуудлыг хуулиараа Тагнуулын ерөнхий газар хариуцах учраас үүнд ГХЯ ямар нэгэн тайлбар хийх боломжгүй.

-БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган хонийг яаж гаргах вэ?

-Тодорхой хуваарьтайгаар хэсэгчлэн гаргана. Бэлгийн хонь учраас амьдаар нь гаргана гэж төлөвлөж байна. Цар тахалтай холбоотойгоор хойшилж байгаа ч эхний ээжлийг есдүгээр гаргахаар төлөвлөн, Хятадын талтай ярилцаж байна

-БНХАУ-аас бүтээн байгуулалтад ажиллах хэчнээн ажилтан ирэх вэ?

-Өмнөх онуудаас харьцангуй цөөн байна. Томоохон бүтээн байгуулалтад ажиллах буюу Төв цэвэрлэх байгууламж, Дарханы зам, боомт сайжруулах төсөл дээр ажиллах 170 хятад иргэнийг татан аваад байна. ААН-үүдээс гадаадаас ажиллах хүч авах хүсэлтээ өгч байна. ААН-үүдэд зөвлөхөд хамгийн түрүүнд салбарын яамдаа хандах хэрэгтэй. Салбар яам УОК-т хандаж зөвшөөрөл авснаар манайх руу хандах юм.

-ШХАБ-д элсэх, эсэх талаар судалж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?

ШХАБ-д элсэх эсэх талаар судалж байна. Элсэх асуудал яригдаагүй. Аливаа ОУ-ын байгууллагад элсэх эсэх асуудал дээр нарийн судалгаа хийдэг. Тэр шатандаа л явж байна.

-Он гарснаар хэр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн бэ?

-Оны эхний байдлаар 601 сая ам.доллар хөрөнгө оруулалт орж ирлээ. Өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлт юм.

 Эх сурвалж: itoim.mn

  • Шинэ
  • Их уншсан