Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж байна

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Төв корпусын газар шорооны ажил 95 хувьтай, үндсэн тоног төхөөрөмжийн суурь хийх  ажил үргэлжилж,  бетон цутгалтын зарим ажил хийгдэж буй юм. Газар шорооны ажлыг дулааны улиралд дуусгаж, барилга  угсралтын ажлаа эхлүүлэх аж. Энэхүү барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэт Лайт” компани ажиллаж байна.

Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай энэхүү өргөтгөлийг 2021 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар  төлөвлөж байгаа талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх  мэдээлсэн. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээг жилд 35 сая тоннд  хүргэж нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.

Эх сурвалж: erdenettoday.mn

  • Шинэ
  • Их уншсан