Аравдугаар сараас ажилтан, ажил олгогч нар НДШ-ийг 5 хувиар төлнө

Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамнаас боловсруулсан 2020 оны төсөвт тодотгол хийх төслийг хэлэлцсэн байна. Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах үүднээс дэмжлэгийн чанартай арга хэмжээг зургаан сарын хугацаатай авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, сар бүрийн хүүхдийн мөнгөний тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох, ажилтан болон ажил олгогчийн төлдөг НДШ-ийг тэглэх зэрэг арга хэмжээг авсан. Эдгээр арга хэмжээний үйлчлэлийн хугацаа аравдугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа. Тэгвэл 2020 оны төсөвт тодотгол хийхдээ эдгээр дэмжлэгийн арга хэмжээг 2020 он дуустал үргэлжүүлэх төсвийг суулгахаар болсон байна. Ингэхдээ хүүхэд бүрт 2020 он дуустал сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Харин ажилтан болон ажил олгогчийн төлдөг НДШ-ийг тус бүр таван хувь байхаар тогтжээ. 

2020 оны төсвийн тодотголд  алдагдлыг 3.8 их наяд буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр оруулж иржээ. Төрийн байгууллагуудын төсөвт зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 524 тэрбум төгрөгөөр тус тус танахаар оруулж ирсэн бөгөөд тендер зарлагдаагүй, гэрээ хийгээгүй газруудын хөрөнгө оруулалтыг шууд зогсоохоор болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов. 

Төсвийн тодотголыг наймдугаар сарын 17-нд эхлэх Ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах юм. 

 

  • Шинэ
  • Их уншсан