Английн алдарт гэрэл зурагчин хип хопчдыг онцолжээ

Английн алдартай  гэрэл зурагчин Алекс де Мора өнгөрсөн аравдугаар сард Монголын хип хоп урлагийн өнөө цагийн төлөөллүүдийг баримтжуулахаар "Straight Outta Ulaanbaatar" хэмээх гэрэл зургаас бүтсэн ном болон баримтат киног бүтээжээ. Үүнийгээ тэрээр саяхан олон нийтэд мэдээлж, уран бүтээлийнхээ сонин хачныг дуулгасан байна. Тэрээр энэ кино бүтээлдээ Монголын хип хоп урсгалын үүсэл, хөгжлийн тухай сонирхолтой мэдээллүүдийг онцолсон байна. Тухайлбал, “Орчин үеийн залуусын үргэлж сонирхсоор байдаг хөгжмийн гол урсгалуудын нэг болох хип хоп урсгал нь Монголд коммунизмын он жилүүд дууссаны дараа буюу 1990-ээд оноос эхлэн эрчимтэй дэлгэрчээ. Харин АНУ-ын хип хоп дуунууд манай улсын телевизийн сувгуудаар эгшиглэх болсноос хойш  монгол залуус “2 Pac”, “The Notorious B.I.G”, “Snoop Dogg”, “Wu-Tang” зэрэг уран бүтээлчдээс урам зориг, үлгэр жишээ аван өөрсдийн бүтээлээ туурвих сэдлээ олсон байна хэмээн өгүүлжээ. 

РеппЕр Big Gee ерөнхийлөгчөөс ч илүү олон “like”-тай

Гэрэл зурагчин Алекс де Морагийн  хийсэн баримтат кино реппер “Big Gee”-гийн дүрс, өгүүллээр эхлэдэг аж. Энэ тухай “It's Nice That” сайтад "Уг баримтат кинонд үе үе гарч ирж буй хүн бол Монголын хамгийн алдартай реппер Big Gee. 
Тэрээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдал" аянаас эхлээд “KFC” түргэн хоолны сүлжээ рестораны рекламд тоглох гээд уран бүтээлч дүр төрхөө хамгийн зөв зүйлд ашигладаг нэгэн юм. Түүнийг энэхүү баримтат кинонд бусад уран бүтээлчдээс илүү олон давтамжтайгаар гаргахгүй л бол алдас болохоор байлаа.  Реппер Big Gee фэйсбүүк хуудсан дээрээ улсынхаа ерөнхийлөгчөөс ч илүү олон like-тай гээд бод доо. Түүнийг хүн бүр таньдаг. Түүний ийн алдар нэрд хүрсэн нь гэр хороололд өсөж торнин, дийлэнх иргэдийнхээ үзэж туулсан саад бэрхшээлүүдийн тухай реп хийдэгтэй нь холбоотой мэт санагдав" хэмээн бичсэн байв. Мөн түүний бүтээсэн энэ кинонд реппэр Big Gee-гээс гадна “D-Lob”, “Fla”, “Хатагтай М”, “Зөгий”, “Maberrant”, “Boom T”, “AMG”, “Mop G” нар дүрслэгдэнэ.  


Алдартнуудын зурагчин Алекс де Морагийн шинэ бүтээл

Харин гэрэл зургийн номд дээрх уран бүтээлчдээс гадна Цэцэ, Вандебо, Вольфизм, Чин хүсэл, Гэзэг Баачка, “Ice Top”, А Cool гээд олон уран бүтээлч залуусын тухай өгүүлсэн байна. Энэ ном ганцхан хип хопчдыг онцлохоос гадна Монголын өвөрмөц соёл, залуусын хэв маяг, эрх чөлөөт байдлыг харуулахыг зорьжээ. Гэрэл зургийн ном A4 хэмжээтэй 104 хуудастай аж. 
Мөн тун цөөхөн хувь хэвлэгдсэн буюу ердөө 250 хувь хэвлэгдэн гарсан нь энэхүү бүтээл хэдэн арван жилийн дараа түүхийн үнэт өв болж ч мэднэ хэмээн урлаг судлаачид дүгнэж байна. Английн алдартай  гэрэл зурагчин Алекс де Мора нь алдартнуудын гэрэл зурагчин гэдгээрээ олонд илүү танигдсан хүн юм. Тэрээр спорт, урлаг, загварын ертөнцөд нэр алдраа шуугиулсан одод, алдарт хип хопчин Пуша Т, АНУ-ын реппер Биг Шон, Дензел Карри, АНУ-ын дуучин, ая зохиогч, бүжигчин Кейлани, дэлхийн хөлбөмбөгийн шилдэг довтлогч Неймар зэрэг олон алдартнуудын хөргийг гэрэл зурагт мөнхөлж байсан алдарт зурагчин юм. 
Монголын хип хопчдын гэрэл зургийг www.itsnicethat.com-оос үзэж болох ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Шинэ
  • Их уншсан