Шинэ орон сууцны үнэ 8.06 хувиар өсч, хуучин байрны үнэ буурчээ

Иргэдийн тав тухтай амьдрал, гэр бүлийн амин чухал хэрэгцээ болсон барилга, орон сууцны хэрэгцээ эрэлттэй хэвээр байна. Нийслэлийн хэмжээнд орон сууцны дундаж үнэ ямар байгааг үл хөдлөх хөрөнгийн үнийн судалгаа хийдэг “Тэнхлэг зууч” компаниас тодруулсан юм.

2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.4 сая төгрөгт хүрч өмнөх улирлаас 0.68 хувиар өссөн байна. Харин дээрх үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 8.06 хувиар тус тус өссөн байгааг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаний гаргасан сүүлийн найман сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар тогтоосон байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 482 төслийн 66 мянга гаруй айлын орон сууц баригдаж байгаа юм. Үүнээс 15 мянга гаруй орон сууц нь ашиглалтад орж, зах зээл дээр бэлэн байна. Харин энэ оны гуравдугаар улиралд 9903 айлын орон сууц, дөрөвдүгээр улиралд 8187 айлын орон сууц тус тус ашиглалтад орох  тооцоо гарчээ.  Түүнчлэн 2021 онд 5204 айлын орон сууц шинээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм.


Шинэ орон сууцны дундаж үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өдөр байгааг судалгаагаар гаргасан байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууц хамгийн бага үнэтэй худалдаалж байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Чингэлтэй дүүрэгт орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 3.5 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 67.50 хувиар өссөн байна. Тус дүүрэгт шинэ орон сууцны төслүүд цөөн хэрэгждэг тул үнэ өсөлттэй байдаг аж. Тус дүүрэгт хэрэгжиж буй “Avenue residence” бизнес зэрэглэлийн төсөл нь 1-р улиралд 1м2 талбайн худалдах дундаж үнээ 4,7 сая төгрөг болгон өсгөсөн байна. Харин хамгийн бага үнэтэй байга Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 1.7 сая төгрөг байгаа юм. Орон сууцны үнийн өсөлт нь зах зээлд эрэлт их байгаатай холбоотой юм.

Бусад дүүргийн хувьд шинэ орон сууцны дундаж үнэ:

-Баянгол дүүрэгт орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 2 сая

-Сүхбаатар дүүрэгт орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 3 сая

-Баянзүрх дүүрэгт орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 2.2 сая

-Хан-Уул дүүрэгт орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 3.1 сая

-Алслагдмал бүсүүдэд орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 1.4 сая төгрөгийн ханштайгаар зарагдаж байна.

Харин 2000 оноос хойш баригдсан хуучин орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзвэл СБД, ХУД,ЧД-үүдэд хамгийн өндөр үнэтэй, Сонгонхайрхан дүүрэгт 1м.кв талбайн үнэ хамгийн хямд байна. Хоёр өрөө байрны м.кв-ын үнэ хамгийн багадаа 1.4 сая төгрөг, хамгийн ихдээ хоёр сая төгрөгийн үнэтэй байна.


 Дээрх судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4600 орчим орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

 Эх сурвалж: itoim.mn

  • Шинэ
  • Их уншсан