Далайн гаралтай хүнсэнд бичил хуванцрын жижиг хэсгүүд илэрч байна

Сам хорхой, хясаа, хавч зэрэг далайн гаралтай хүнс, ялангуяа сардин загасны бие дотор бичил хуванцрын өчүүхэн жижиг хэсгүүд тодорхой хэмжээгээр агуулагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Энэ тухай Австралийн Квинслендийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн ба судалгааны ажлын тайланг шинжлэх ухааны "Environmental Science & Technology" сэтгүүлд нийтэлсэн байна. 

“Өргөн хэрэглэгддэг хиймэл полимер болох поливинилхлорид нь бүх дээж дотор байсныг бид илрүүлсэн. Хамгийн өргөн тархсан полимерүүдийн нэг болох полиэтилен ч тодорхой хэмжээгээр агуулагдаж байсан” гэж судалгааны төслийг санаачлагчдын нэг болох Франсиска Рибейро ярилаа. 
 
Цэвэрлэх байгууламжууд болон хогийн цэгүүдэд дэлхий даяар жилдээ 300 сая тонн хуванцар хог хаягдал хуримтлагддаг байна. Хөрсөн дэх нянгууд хуванцрын ихэнхийг нь задалж чаддаггүй учраас уг хог хаягдал хэдэн арав, хэдэн зуун жилийн турш хэвээрээ байдаг аж. Улмаар их хэмжээний хог далай руу хаягдсанаар “Номхон далайн хогон толбо”-той төстэй асар том бөөгнөрлийг үүсгэдэг.  
 
Хуванцрыг далайн амьтад иддэг учраас тэдгээрийг хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс жилдээ хуванцрын 40-60 мянган жижиг хэсгүүдийг залгидаг гэдгийг хоёр жилийн өмнө Канадын эрдэмтдийн хийсэн судалгаанд дурджээ.
Ф.Рибейро-гийн удирдсан Австрали, Их Британийн судлаачдын баг далайн амьтдын биед нэвтэрч буй полистирол, полиэтилен, поливинилхлорид, полипропилен, полиметилметакрилат зэрэг полимерүүдийн жижиг хэсгүүдийг илрүүлэх аргыг боловсруулсан байна.
Судалгааны явцад, кальмар наймаалжинд 0,04 мг, хясаанд 0,07 мг хуванцар илэрсэн бол сардин загасанд 2,9 мг байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Далайн нялцгай биетнүүд ба загасны биед голдуу полиэтилен илэрч байсан бол хясаанд поливинилхлорид голдуу хуримтлагдсан байжээ.   
 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан