Номунханы хэрэг: Монголд болсон Япон, Зөвлөлтийн тулалдаан

Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд Номунханы тулалдаан хэмээн үлдсэн үйл явдлын тухай Ясужи Нагайн нийтлэл “Асахи Шимбун” сонинд гарчээ. Нийтлэлд “ЗХУ, Японы тулалдаан болсон газар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 1200 километрийн зайд оршдог. Газарзүйн ач холбогдол бүхий байршилтай уг нутагт автомашинаар хүрэхийн тулд гурван хоног зарцуулна. Энд Япон болон Манжуурын арми ЗХУ, Монголын дайчдын эсрэг 1939 оны наймдугаар сард тулалдсаныг Номунханы хэрэг явдал гэдэг.

Япон улс Номунханд харамсалтай ялагдал хүлээсэн. Өдгөө БНХАУ-тай хил залгаа оршдог тул Номунханы орчимд агаарын судалгаа хийхийг хориглодог. Гэхдээ 2019 оны тавдугаар сард Японы судлаачид нисгэгчгүй онгоц ашиглан гэрэл зураг авчээ. Энэ үеэр Улаан армийн хангамжаа хадгалдаг байсан, тус бүр нь 10 метр диаметр бүхий 1430 орчим дугуй нүх илрүүлсэн юм.

Халх голын дагуу хойноос өмнөд чиглэлд долоон километр үргэлжлэх шатрын хөлөг шиг эгнүүлсэн 200 орчим нүх ухсаныг геодезийн хиймэл дагуулаас авсан харааны зургуудаар баталгаажуулжээ. Нүхийг зүүн зүгт байрлах Японы Эзэн хааны армиас нуувч болгох зорилгоор ашиглаж байсан бололтой. Монгол Улсын Засгийн газартай хамтран 2009 оноос хойш дайны үеийн дурсгалыг судалсан Хисая Оказаки /судалгааны багийн ахлагч асан/ Зөвлөлтийн арми эдгээр том нүхийг хүнд их буу байрлуулахад ашигласан гэж үздэг. 57 настай Оказаки Халх гол, Номунханд олон жил судалгаа хийсэн эрдэмтэн. Тэрбээр “Хоёр улсын хилийн шугам тул судалгаа хийхэд хязгаарлагдмал байдаг” гэсэн юм. Мөн агаараас авсан гэрэл зурагт Зөвлөлтийн армийн “М-36” гэгддэг дуулга харагдаж байна. Наян жилийн өмнөх уг дуулгыг сум нэвт гарчээ. Зөвлөлтийн арми техник хэрэгсэл, хангамжийн хувьд асар их давуу талтай байсан нь манай эзэн хааны армийг ялахад дөхөм болжээ. Энэ тулалдааны үеэр хоёр талын 16 мянган цэрэг амь үрэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд түүхчид Номунханд болсон байлдааныг дэлхийн хоёрдугаар дайны эхлэх цэг болсон гэж тодорхойлох болжээ” гэсэн байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Шинэ
  • Их уншсан