П.Бүрэнтөгс: Надад допингийн шинжилгээний хариу ирсэн талаар мэдэгдээгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариу лхагва гаригт БНСУ-аас ирсэн байна. 

Тэгвэл энэ жилийн Улсын их баяр наадамд үзүүрлэсэн болон шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрсэн  гэх мэдээлэл гараад байгаа юм. Гэхдээ одоогоор албан ёсны мэдээллийг холбогдох байгууллагууд өгөөгүй байна. 
Журамд заасны дагуу допинг хэрэглэсэн тамирчдын нэрийг зарлах эрх зөвхөн Баяр наадмыг зохион байгуулах комисст бий. Тиймээс удахгүй энэ талаар албан ёсны мэдэгдэл хийх нь гарцаагүй.    

Харин энэ жилийн наадамд түрүүлсэн Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр “Үзүүр түрүүний бөхөөс допинг илэрсэн гэсэн учир нь олдохгүй буруу ташаа мэдээлэл тархаад байна. Учрыг нь олоогүй байж худал мэдээлэл тархаагаад байгаа хүмүүсийг хувьдаа гайхаж байна. Одоогоор Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариу ирсэн талаар надад ямар нэгэн хариу хэлээгүй. Ийм юмыг надаас түрүүлээд сайтууд мэдчихдэг юм болов уу гээд гайхаад сууж байна. Хариу ирсэн бол удахгүй надад мэдэгдэх байх. Тэр үед би та бүхэнд мэдэгдэх болно. Надад нууж хаах юм байхгүй. Тийм болохоор та бүхэн худал мэдээлэлд битгий итгээрэй” гэсэн юм.

  • Шинэ
  • Их уншсан