АХБ: Монголын эдийн засгийн агшилт 2020 онд гүнзгийрэх, 2021 онд алгуур сэргэх хүлээттэй байна

Азийн хөгжлийн банкнаас 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн шинэчилсэн төлөвийг танилцууллаа. Төлөвийг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран, суурин төлөөлөгчийн орлогч,  Деклан Магий, ахлах эдийн засагч С.Болд нар цахимаар танилцууллаа. 

Азийн эдийн засаг алгуур бөгөөд L хэлбэртэй  байна, V хэлбэрийн буюу эрс сайжрах төлөв ажиглагдахгүй байна

-Ноён Рамачандран "Азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг 2020 онд 0.7 хувиар ашгих таамгийг дэвшүүлсэн. Энэ нь 1960-аад оноос хойших ДНБ-ий анхны том хэмжээний агшилт юм. Мөн бүс нутгийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлж байсан таамгаас бүгд буурч байна. Бүс нутаг, тэр дундаа Зүүн Азийн эдийн засгийн прогноз 2021 онд 6.8-7 хувьд байхаар тооцоолсон. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 3.2 хувьтай гарсан бөгөөд энэ нь нэгдүгээр улирлын 6.8 хувийн агшилтаас эрс сайжирсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 2020 онд Хятадын эдийн засаг өнгөрсөн оныхоос үлэмж хэмжээгээр саарч, 1.8 хувь байхаар байна. Харин 2021 оны эдийн засгийн өсөлтийг 7.7 хувьд хүрэхээр төсөөлсөн байна. 

Инфляцын нөхцөл байдлыг харвал, бүс нутгийн төвшинд 3.2 хувь байна гэсэн таамгаа 2.9 хувь болгож тодотгосон. Учир нь, эрэлт нийт хэмжээгээр буурч байгаа учраас нийлүүлэлтийн талаас үүсэх нөлөөлөл их байхаар харагдаж байна. Бүс нутгийн инфляц 2021 онд 2.3 хувь болж буурна. Азийн хөгжиж байгаа орнуудын урсгал дансны алдагдал тогтвортой төвшинд буюу ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэх төвшинд хадгалагдана гэж таамаглаад байна. 

Дээрх таамаг, үзүүлэлтүүд цаашдаа буурах хэд хэдэн эрсдэл байгаа пм. Цар тахлын тархалт эрчимжиж, зарим улсад анхны давлагаа үүсэх, заримд нь хоёр дахь, гурав дахь давлагаа үүсэх эрсдэл байна. Мөн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдвэл хөл хорио чангарч, урт хугацаанд үргэлжилж, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлнө. Үүнээс үүдэн өрийн тогтвортой байдлын эрсдэл, санхүүгийн салбарын эмзэг байдал улам нэмэгдэнэ. Үүний хажуугаар геополитикийн сөргөлдөөн нь эрсдэлийг улам даамжруулах магадлалтай байна" гэлээ. 

-Ахлах эдийн засагч С.Болд: 2020 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг туйлын хүнд үеийг давж гарсан. Эхний хагас жилд эдийн засаг бодит дүнгээрээ 9.7 хувиар агшсан. Нийлүүлэлт талаасаа зөвхөн хөдөө аж ахуйн салбар л эдийн засгийн өсөлтөд нэмэртэй, бусад секторууд зогсонги байдалд орсон. Нийт хэрэглээ эдийн засгийг өсгөх чиглэлд байгаа бол хөрөнгө оруулалт болон цэвэр экспорт буурсан нь эдийн засаг бууруулахад голлон нөлөөллөө. Гадаад эдийн засгийн сөрөг нөлөө дотоодын эдийн засагт маш гүнзгий нөлөөлсний үр дүнд аж үйлдвэрлэл огцом буурлаа. Жилийн өмнөх үетэй харьцуулахад уул уурхай салбар 30 хувиар, боловсруулах үйлдвэр 16 хувиар агшаад байна. Үүнийг дагаад бодит салбар дээр ирж байгаа ачаалал санхүүгийн системийн эрсдэл болж, нөгөө талд ажлын байрны цомхотгол хийхэд хүргэж байна. 

Оны эхний хагас жилийн байдлаар бараа үйлчилгээний импорт 30 гаруй хувиар буурсны нөлөөгөөр урсгал дансны алдагдал эрс нэмэгдсэн. Үүнийг санхүүжүүлдэг санхүүгийн дансны ашиг ДНБ-ий 7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буурсан. Өөрөөр хэлбэл, ГШХО болон бусад сувгаар Монголд орж ирдэг валютын урсгал ковидын нөлөөгөөр агшмал байдалтай болсон. Ингэснээр төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилд 680 сая ам.долларын алдагдалтай гарсан. Жилийн өмнөхтэй харьцуулбал, 1.5 тэрбум ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал нь өөрөө валютын нөөцийн бууралт гэсэн үг. Хагас жилд валютын нөөц 18 хувиар буурсан байна. Улсын төсөв орлогын тасалдлаас гадна зарлага, санхүүжилтийн дарамт, ачаалал ихэсч  байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. 

Банкны салбар агшилт үргэлжлэхээр байна. Нийт системийн хэмжээнд өсөлтөд бус, үр ашгийг нэмэгдүүлэх, зардлаа танах, зохистой харьцаагаа хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Хоёрдугаар сараас хойш зээл тасалдсан хэв маяг үргэлжилсээр байна. Банкны салбар дээр чанаргүй, муу зээлийн хэмжээ нийт зээлийн 15 хувийг эзэлж байгаа. Бодит хямралын нөлөөг оруулж тусгавал банк санхүүгийн байгууллага дээрх активын чанаргүйдэл өндөр байгааг сануулъя.

Дээр дурдсан хямралын нөлөөлөл, шок нь ажлын байран дээр гарч байна. Боловсруулах, тээвэр аж үйлдвэр, агуулах, үйлчилгээний салбарыг хамруулаад харвал нийт ажиллагсдын тоо оны эхний хагаст 28 мянгаар цөөрсөн.  Дөрөвхөн салбарт ажлын байр 28 мянгаар цөөрнө гэдэг нь ийм хэмжээний ажлын байрыг алдсан гэсэн үг. Цаашдаа хямралын нөлөө ямар байх вэ, хэчнээн хүн ажлын байргүй болох гэдгийг тооцох нь туйлын чухал. 

Ковид эдийн засгийн олон салбарт гинжин байдлаар нөлөөлж байна. Ерөнхийдөө гадаад сектор дээр ирж байгаа дарамт нь урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн эрэлт буюу цэвэр экспортыг огцом муутгаж байна. Дээр нь хөрөнгө оруулалт зогссон. Эрэлт талаасаа Засгийн газрын хэрэглээ болон хувийн хэрэглээ л эдийн засгийг идэвхжүүлж байна. 

Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засаг оны эцэст хасах 2.6 хувиар агшихаар төсөөллийг хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хасах 1.9 хувиар буурна гэж тооцож байсан юм. Хоёрдугаар хагас жилд эхний хагас жилээс нөхцөл байдлын хувьд сайжирна гэж харж байна. Учир нь, экспорт долдугаар сараас алгуурхан сэргэж  байна. Мөн зэс, алтны үнийн өсөлт өмнөх төсөөллөөс давж байгаа. Хоёрт, алт тушаалт нэмэгдэж байна. Гуравт, төмрийн хүдэр болон нүүрсний экспорт сэргэж байгаа үзэгдэл нь аж үйлдвэрлэл, уул уурхайн салбарыг үйл ажиллагааг дагаж бусад салбарын дам нөлөө сэргэнэ гэж үзээд хасах 2.6 гэдэг прогнозыг гаргасан. 

Хоёрт, улсын төсвийн тэлэх бодлого он дуустал үргэлжлэх төлөвийг харгалзан үзсэн. Мөн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хилийн хориг, зарим хязгаарлалтууд он дуустал үргэлжилнэ гэж тооцсон байгаа. 

 2020 оны эдийн засгийн суурьд агшилт ажиглагдаж байгаа ч 2021 онд бүс нутгийн эдийн засаг массаараа өсөх төлөвтэй байна.  2021 онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсөхөөр төсөөлсөн. Инфляцын хувьд нэлээд нам төвшинд хадгалагдаж байгаад ирэх жилээс Төв банкны зорилтод  төвшинд хүрнэ" гэлээ. 

 

  • Шинэ
  • Их уншсан