У.Хүрэлсүх: ХӨСҮТ-ийг хотоос гаргаж, ХСҮТ-ийг шинээр барьж, эрхтэн шилжүүлэх төвтэй болох хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар Эрүүл мэндийн яамны 2020-2024 онд баримтлах бодлого, чиглэлтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.  

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2024 онд хүртэл эрүүл мэндийн салбарт хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа.

-Иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрах хувийг 70-аас дээш болгох,

-Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн улсын алба, Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г бүрдүүлэн үйл ажиллагааг тогтмолжуулсан байна.

-Осол, гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг сумын төвшинд бэхжүүлэх яаралтай тусламжийн 30 салбарыг байгуулан, яаралтай тусламжийн үндэсний тогтолцоог бүрэн цахимжуулж, хүний нөөц машин тоног төхөөрөмжөөр лавлагаа болон анхан шатны байгууллагуудыг ханган, агаарын үйлчилгээг нэвтрүүлнэ.

-Улсын хэмжээнд нэгдсэн эмнэлгийн бүсчилсэн тогтолцоог байгуулан, эмнэлгийн тусламжийн шатлал хоорондын уялдаа холбоог ханган, тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулан иргэнээ дагасан тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог бүрдүүлсэн байна.

-Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулж, үндэсний эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлж, иргэн оршин байгаа газраасаа үл шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авдаг болно.

-“Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангах, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн зохицуулалт хийх үйл ажиллагаа тогтворжуулна.

-Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчлэн, салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлнэ.

-Төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлгүүд хагас бие даасан байдалд бүрэн шилжиж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, нэг худалдан авалтын тогтолцоонд шилжинэ.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Урьдчилан сэргийлэх ажиллагаанд зарцуулсан нэг доллар, гамшиг гарсны дараах 10 доллартой тэнцдэг. Тиймээс эрт илрүүлэх шинжилгээг байнга хийх нь хүн амын эрүүл мэнд, улсын санхүүд ч тустай юм. Орон нутгийн 336 эрүүл мэндийн төвийн 238 нь дулаан хангамж, ариун цэврийн шугамд холбогдоогүй байна. Тиймээс цаашид ЭМЯ-аас дараах ажилд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Нэгд, коронавирус халдварын хөл хорио цуцлагдаж байгаа нь эрсдэл үүсэх магадлал бий болох учраас эмч, эмнэлгийн байгууллага анхаарч эм, хамгаалах хэрэгслийн нөөц, эмч, сувилагчийн томилгоог урьдчилж хийх хэрэгтэй.

Хоёрт, монгол хүн бүр эх орондоо эмчлүүлэх чиглэлд анхаарч, тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийг бэхжүүлэх ёстой. Эмч нартаа юм үзүүл. Орчин цагийн эмнэлэг, тоног төхөөрөмж ямар болсныг харуул. Мөн ХӨСҮТ-ийг хотоос гаргаж, ХСҮТ-ийг шинээр барьж, эрхтэн шилжүүлэх төвтэй болох хэрэгтэй байна.

Бид 8-12 жилийн хугацаанд бусдаас мөнгө гуйхгүй, эх орондоо бүх зүйлээ хийдэг болохоор зорьж байна. Энэ жилүүдэд эх орноо эрчим хүч, нефть, эрүүл хүнс, дэд бүтэц, агаар, авто зам, мэдээлэл технологиор хангаж, хүнд үйлдвэрүүд буюу зэс, гангийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Мөн оюун санааны соён гэгээрүүлэх ажлыг хийхэд бүх салбар зэрэг хөгжих болно.  Ингээд 2050 он гэхэд Монгол Улсын иргэд таван сая болно. Иргэдээ аз жаргалтай амьдруулах энэхүү ажлуудыг хийхээр хажуу талынхаа айлаас давс, элсэн чихэр гуйхаа болино. Тэр цагт ирээдүй болсон хүүхдүүд маань аз жаргалтай улсад сайхан амьдарч байх болно. Хөгжсөн улс болсон цагтаа бидэнд тусалж байсан хөрш орнууддаа эрчим хүч, хүнс экспортлох боломжтой болох юм” гэлээ.

  • Шинэ
  • Их уншсан