Н.Төгсцогт: Тэнцүүхэн тулалдсанаа мэдэж байсан ч шүүгчдийн санал хуваагдсаныг сонсоод гайхсан

Мэргэжлийн боксийн “IBO” холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцөгт ням гаригт мэргэжлийн боксийн замналынхаа 13 дахь тулаанаа амжилттай хийж, Барбадосын тамирчин Кобиа Брийдиг 12 үеийн тулаанд шүүгчдийн саналаар ялаад байгаа билээ.

Ингэснээр Н.Төгсцогтийн мэргэжлийн боксийн карьер нийт 13 тулааны 12-т ялалт байгуулж, нэг удаа ялагдаж, өрсөлдөгчөө 9 удаа хүнд цохилтоор буулган авсан гэх амжилтаар үргэлжлэх боллоо. Тэрээр энэхүү ялалтыг байгуулснаар мэргэжлийн боксийн хамгийн нэр хүндтэй “WBC” холбооны аваргын бүсийн төлөө дахин дайралт хийх боломж нь нээгдсэн юм. Н.Төгсцогт өнгөрөгч хоёрдугаар сард “WBC” холбооны аваргын бүсийн төлөө дэлхийн аварга Гарри Рассел Жуниортой 12 үе тулалдаж, шүүгчдийн саналаар ялагдаад байв. Хэрэв тэрээр энэ удаа Кобиа Брийдид ялагдсан бол дахин аваргын бүсийн төлөө тулалдах хүртэл дор хаяж хоёр жил гаруй хугацаа шаардлагатай болох байсан юм.     

Харин Кобиа Брийдигийн хувьд мэргэжлийн боксийн тавцанд 15 дараалж ялаад байсан ялагдалгүй цуврал нь ийнхүү Н.Төгсцогт дээр дуусаж, нийт 16 тулаанд “15-1, 5” гэх амжилттайгаар цаашдын замналаа үргэлжлүүлэхээр боллоо.

Тэгвэл мэргэжлийн боксийн ертөнцийн талаар дагнан бичдэг “Boxing Scene” веб сайт Н.Төгсцогт тулааны эхний хоёр үед өрсөлдөгчөө баруун болон зүүн гарын хүчтэй цохилтоор хоёр ч удаа газарт унагасан боловч Кобиа Брийди тулаанд эргэн ирж, тэнцүүхэн өрсөлдсөн болохыг онцолсон байна. Тулааны ялагчийг тодруулах үеэд гурван шүүгчийн санал “114-113”, “114-112”, “111-115” болж Монгол Улсын тамирчны талд хуваагдсан юм. Тулааны статистикийн хувьд, Кобиа Брийди үе бүрд дунджаар 62 цохилт шидэж байсан бол Н.Төгсцогт нэг үед дунджаар 47 цохилтоор өрсөлдөгчдөө хариу барьсан байна. Гэхдээ цохилтын оновчийн хувд Н.Төгсцогтын тулааны явцад хийсэн нийт цохилтын 51 хувь нь өрсөлдөгчдөө туссан гэдгээрээ Барбадосын тамирчныг илүүрхсэн гэжээ.  

Н.Төгсцогт тулааны дараа сэтгэгдлээ хуваалцах үеэрээ “Хүнд тулаан байлаа. Би Бридийг маш их хүндэлдэг. Тэр бол гайхалтай боксчин. Би тулаанд ялалт байгуулж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор эрт дуусгана гэж төлөвлөж байсан. Энэ тулаанд ялалт байгууллаа. Тиймээс дараагийн алхмаа хийхэд бэлэн байна. Сая тэнцүүхэн тулалдсан гэдгээ мэдэж байсан ч шүүгчдийн оноонд огт санаа зовоогүй. Хэдий шүүгчдийн санал хуваагдсан гэдгийг сонсоод гайхсан ч би тулаанд ялалт байгуулах хангалттай зүйл хийсэн гэж бодож байна” гэсэн юм.


Эх сурвалж: Boxing Scene


  • Шинэ
  • Их уншсан