"ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ТОГТОЛЦООНД ТББ-УУДЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ" уулзалт боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийн эрхийн форум ТББ”-аас санаачлан хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын төлөөлөлтэй хамтран ажиллах арга замын асуудлаар санал солилцох уулзалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар,  дэд дарга Б. Халиун, Хүүхдийн эрхийн форумын тэргүүн Д.Баяржаргал, Газрын эзэн Баянзүрх нөхөрлөлийн захирал Б.Нямжав болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр Хүүхдийн эрхийн форумын тэргүүн Д.Баяржаргал “Хүүхдийн төлөө хамтын ажиллагаа ба төрийн бус байгууллага”, Газрын эзэн Баянзүрх нөхөрлөлийн захирал Б.Нямжав “Хүүхдийн эрхийг хангахад төрийн системд орж нэгдэж дэмжиж ажиллах нь” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Илтгэгчдийн дэвшүүлсэн санал, мэдээлэлд үндэслэн  ТББ-ын төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийлж, тэдний дийлэнх нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний чанар , хүртээмж , үр дүнг дээшлүүлэхийн төлөө талуудын хамтын ажиллагааг чухал гэж үзэж,  цаашид хамтран ажиллах хэлбэр, чиглэлийг боловсруулж тодорхойлох ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

Ажлын хэсэг ойрын үед үндэсний төрийн бус байгууллагуудыг дэмжих, төрийн бус байгууллагууд төрийн зохих төвшний байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр оролцогч бүх талуудын байр суурийг нэгтгэн  санал, шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр ажиллах юм байна. Мөн 22 байгууллагын 40 шахам төлөөлөл оролцсон анхны уулзалт боллоо.

  • Шинэ
  • Их уншсан