Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форумыг анх удаа зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан “Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал” сэдэвт цахим форумыг “Blue sky” зочид буудалд анх удаа зохион байгууллаа. Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, түншлэл, “Create 2030” хэлэлцүүлэг гэсэн хэсгээс бүрдсэн цахим форумд оролцсон Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Асуудал байгаа юу гэвэл хаа хаанаа байгаа. Үүнийг хэлэлцээд ирэх жилүүдэд яаж явах болон магадгүй хуучин хөтөлбөрөө нэг ч гэсэн алхмаар  ахиулъя гэсэн зорилгоор энэ форумыг зохион байгуулж байна. Ер нь соёлын үйлдвэрлэлийг магадгүй мэргэжлийн түвшний хүмүүс, төрийг болон нийслэлийг удирдаж яваа хүмүүс бүгд нэг ойлголттой болох хэрэгтэй. Өнөөдөр захын нэг хүүхэд гудамжинд соёлын үйлдвэрлэлийг бүтээж байна. Бид үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж энэ бол мөнгө, бизнес юм гэдгийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. Соёл, урлагийн салбарт зүтгэж байгаа, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болгон бүтээж байгаа хүн бүрийн хичээл зүтгэл, ойлголт чухал гэж харж байна. Харин соёлын аялал жуулчлалын хувьд Улаанбаатар хот Монгол Улсын соёл, аялал жуулчлалын төв юм бол байшин барилга гээд бүх юмны өнгө, дизайныг анхнаасаа төлөвлөх нь энэ салбарт хамаатай гэж үзэж байна. Тиймээс өнөөдрийн энэ форумыг зохион байгуулж байна” гэв.

Цахим форумын “Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, түншлэл” сэдэвтэй эхний хэсэгт Бүтээлч үйлдвэрлэл, инновацийн  төвийн захирал, доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс “Соёлын үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, СЭЗИС-ийн ахлах багш, доктор Ч.Энхболд “Соёлын үйлдвэрлэл ба Ковид 19” болон Нийслэлийн соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа

 “Нийслэлээс соёлын үйлдвэрлэлийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн тэдний тавьсан илтгэлийн талаар хэлэлцүүлэг боллоо. Харин Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Б.Мөнхбадрал модератораар ажилласан “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал, түншлэл нэртэй цахим форумын II хэсэгт СУИС-ийн дэд профессор, доктор Ч.Мөнхжаргал “Улаанбаатар хотын өнөөгийн байдал, чиг хандлага, Аялал жуулчлалын судалгаа, инновацийн төв ТББ-ын захирал С.Мөнхнасан, Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төвийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Гансүх нар хамтарч “Соёлын аялал жуулчлал ба гар урлал, бэлэг дурсгалын сэдэв сонголт” сэдвээр илтгэл танилцууллаа. Үүний дараа орон нутгаас цахимаар оролцож байгаа болон ирсэн хүмүүсээс илтгэлүүдтэй холбоотой асуулт тавьж, санал бодлоо солилцлоо.

Бүтээлч үйлдвэрлэл, инновацийн төвийн захирал, доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс “Анх удаа зохион байгуулсан Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал” цахим форумын гол онцлог энэ хоёр том салбар цаашид хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын имижийг дэлхийд таниулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход соёл өөрөө ямар үүрэг оролцоотой оролцох ёстой юм. Бид юу хийх ёстойг энэ форумаар гаргаж тавихыг зорьж байна. Мөн цаашид бид юу хийх ёстой юм вэ гэсэн асуудал бий. Одоо дэлхий дахинд үндсэндээ хөгжлийн хэд хэдэн хандлага явж байна. Нэг нь бол тогтвортой хөгжил гэсэн ойлголт, дараа нь инновацитай холбон авч үздэг аж үйлдвэрийн IV  хувьсгал, цар тахлын дараа бид ямар менежментээр ажиллах вэ гэсэн гурван цогц асуудлын хүрээнд дэлхийн засгийн газруудаас тодорхой шинэ бодлого, загваруудыг санал болгож байна. Бидний хувьд энэ коронавирусын эсвэл  эдийн  засгийн энэ үед бид яг юу хийх ёстой юм бэ. Нөгөө уул уурхайгаасаа хараат байдлаар явах ёстой юу. Эсвэл  илүү бүтээлч залуучуудын оюун санаанаас бий болсон шинэ мэдлэг, инноваци, бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах тэр зөв бодлогыг хамтдаа яаж бий болгох, оролцогч талууд инновацийн түншлэлийн хүрээнд юу хийж болох талаар санал дэвшүүлснээр форумаас тодорхой зөвлөмжүүд гарна. Ингэснээр бид ойрын дөрвөн жилийн хугацаанд ч гэдэг юм уу, цаашид юу хийхийг зорьж байгаа болон юун дээр илүү анхаарах ёстой юм. Түүнээс гадна урт хугацааныхаа асуудлыг ямар түвшинд авч үзэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд суурилсан бодлогыг яаж харах юм. Хоёрдугаарт,  бодлого боловсруулах үйл явцад оролцогч талуудын манлайлал буюу идэвхтэй байдлыг яаж бүрдүүлж зөв системтэй бодлогыг яаж авч явах вэ гэдэг асуудлын хариулт зөвлөмжөөр гарч ирэх байх гэж бодож байна” хэмээн өөрийнхөө санаа бодлыг хуваалцлаа.

Ийнхүү Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын талаар хэлэлцсэн анхны цахим форум Монголын соёлын  аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Б. Мөнхбадрал “Алсын хараа-2050 дахь соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын агуулга” сэдэвт “Create 2030” хэлэлцүүлгээр өндөрлөсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

  • Шинэ
  • Их уншсан