Э.Амартүвшин: Дөрвөн жилийн дараа мөрөөдлөө биелүүлж "Ла Скала"-д дууллаа

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурийн урлагаар гаргаж буй дуучдын нэг, Гавьяат жүжигчин, соёлын элч Э.Амартүвшин Италийн Милан хотын алдарт  “Ла Скала” театрт дуулжээ. Дэлхийн сонгодог урлагт 242 жилийн түүхтэй тус театрын тайзнаас таван жилийн өмнө Монголын урлагийнхан бүтээлээ хүргэж байсан бол өнгөрсөн жил дуурийн дуучин Ч.Бадрал чадвараа гайхуулсан юм. Энэ удаа Э.Амартүвшин гавьяат Дж.Вердийн “Айда” дуурийн Амонасрогийн дүрээр сонгодог урлагийн эх орон гэгдэх Италийн үзэгчидтэй уулзаж, өндөр үнэлгээ авчээ.
 
Тэрбээр тоглолтын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулахдаа “Дуурийн дуучдын мөрөөдөл болсон агуу театрын тайзнаа дуулах өдөр ирдэг юм байна. “Аида” дуурийн эхний тоглолт маань амжилттай сайхан боллоо. Дөрвөн жилийн өмнө анх дотор нь орж үзэж явахдаа хэзээ нэгэн цагт ирж дуулна даа гэж битүүхэн залбирч байлаа. Энэ хүслээ өнөөдөр биелүүллээ.
Үнэхээр сэтгэл өндөр байна. Энэ их урлагийн замаар замнаж, өдийг хүртэл явж ирэхэд маань тусалж дэм түшиг болсон хүн бүхэнд баярлалаа” хэмээжээ.

Э.Амартүвшин гавьяат энэ сарын 23-нд Германыг зорих бөгөөд Берлин хотын төв театрт “Тоска” дуурийн Скарпиогийн дүрийг бүтээх юм. Түүний хувьд Италийн Наполи хотын Сан Карлогийн нэрэмжит их театр, Палермо хотын их театр “Teatro Massimo”, Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona”, Дж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр “Teatro Regio di Parma”, Францын нийслэл Парис хотын “Champs Elysees" театр, Леон хотын “Maurice Ravel"-ийн нэрэмжит аудиториум, ХБНГУ-ын Киль хот болон Испанийн Валенсиа хотын дуурийн театр зэрэг дэлхийн сонгодог урлагийн түүхэн дэх бүхий л том театрын тайзнаа гол болон туслах дүрд тоглосон байна.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Шинэ
  • Их уншсан