Замын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн үйлчилгээ чухал

Хотын иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал бол замын түгжрэл. Улаанбаатар хотын замын түгжрэлийн асуудал хэрээс хэтэрлээ. Өмнө нь ажилдаа явж, ирэхэд нэгээс хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо 3-4 цагийг түгжрэлд өнгөрөөх нь энүүхэнд боллоо. “Зууны мэдээ” сонин түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаарх нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа нийтийн тээврийн салбарын асуудлыг хөндлөө.

 

98 чиглэлд 950 орчим автобус үйлчилгээнд явж байгаа”

Түгжрэлийг шийдвэрлэхэд даруйхан шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын төв хэсэгт тээврийн хэрэгслүүд тэг зогсолт хийх эрсдэл нүүрлээд буй. Тэгвэл энэ үед нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тэгвэл ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Учир нь иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Нийтийн тээврийн тухайд хичээл сургууль эхэлж хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 29 чиглэлд 38 гаралтыг нэмэгдүүлж 98 чиглэлд 950 орчим автобус үйлчилгээнд явж байгаа гэлээ. Манай улсад нэг автобусыг 12 жил үйлчилгээнд явуулдаг бөгөөд жил бүр 120-150 автобус насжилт нь дуусаж үйлчилгээнээс гардаг  хэдий ч нийтийн тээврийн парк шинэчлэлт 2014 оноос хойш хийгдээгүй байна. Иймээс нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлтийг нэн даруй  хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ийнхүү нийтийн тээврийн автобус хаанаа ч хүрэлцэхгүй байгаа нь иргэдийг хувийн автомашинаа сонгохоос өөр аргагүйд хүргэж автозамын түгжрэлийг үүсгэх шалтгаан болж байгаа юм.

Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарч байгаа боловч өглөө, орой ажил эхлэх, тарах цагт нийтийн тээврийн ачаалал, хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

 

“Автобус, хувийн автомашинаар зорчсон аль нь ч ялгаагүй түгжирнэ”

Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатар хотод 98 чиглэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Ингэхдээ манайхтай гэрээтэй 19 ААН байгууллага бий. Ер нь сүүлийн үед түгжрэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг зайлшгүй ярихаас өөр аргагүй байна. Учир нь автобусны парк шинэчлэл сүүлийн дөрвөн жилд хийгдээгүй.

Уг нь өнгөрсөн онд 10 цахилгаан автобус, он гарснаас хойш давхар цахилгаан автобус, Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” нэртэй хоёр автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Гэтэл Монголд үйлдвэрлэсэн автобусууд нэг сар үйлчилгээнд яваад л эвдэрчихсэн. Тэгээд гурван сарын хугацаанд засагдсан. Хэдийгээр баталгаат хугацаа нь дуусаагүй ч үйлдвэрлэсэн газар нь эвдэрсэн шалтгааныг нь олж тогтоох гэж нэлээн хугацаа зарцуулсан. Монголд үйлдвэрлэсэн нэг автобус нь л хагас тэрбум төгрөгийн өртөгтэй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтээс илүүтэй түгжрэлийн асуудлыг шийдэх нь чухал. Түгжрэлийг бууруулснаар иргэд нийтийн тээврээр сонгож үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Одоогоос гурван жилийн өмнө автобусны дундаж хурд 15 км цагийн байсан бол өнөөдрийн байдлаар 0-13 км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр зарим үед автобус зам дээр зогсолтод орчихож байгаа юм. Автомашин ч ялгаагүй зам дээр түгжирч тэг зогсолт хийж байна. Тиймээс иргэдэд сонголт алга.

Автобус, хувийн автомашинаар зорчсон аль нь ч ялгаагүй түгжирнэ. Харин тусгай замын автобус BRT төслийг хэрэгжүүлэхийн сацуу  метротой байсан бол мэдээж иргэд автомашинаас илүүтэй нийтийн тээврийг сонгох байсан. Гэтэл ийм нөхцөл өнөөдөр бүрдэх боломж нь алга. Түгжрэлээс гадна нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал яригдаж байна. Парк шинэчлэлтээр 400 орчим автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна” гэлээ.

Замын түгжрэлийг бууруулахад иргэд хувийн унаагаараа бус нийтийн тээврээр үйлчлүүлэх нь хувь нэмэртэй ч нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмж, үйлчилгээ хангалтгүй байсаар байна. Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт давхардсан тоогоор 500-600 мянган хүн үйлчлүүлдэг гэх тоон мэдээлэл бий. Замын хөдөлгөөний эд ачааллын үеэр буюу өглөө, орой ажил цуглах, тарах цагаар автобусны дүүргэлт 100 хувьтай байдаг бол өдөр ачаалал багатай үеэр 60-70 хувийн дүүргэлттэй байдаг гэдгийг албаныхан хэлдэг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан