Илч дулаан үйлдвэрлэгчдийн завгүй өдрүүд эхэлжээ

“Эх орны хөгжлийн баталгаа эрчим хүчний тулгуур нь байна” гэж эрхэм зорилгоо тодорхойлсон “ДЦС-IV” төрийн өмчит компанийн үүдээр ороход л дэг журам, эмх цэгцтэй нь алхам тутамд мэдрэгдэнэ. “ДЦС-IV”-ийн харуул хамгаалалтын албаны ажилтанд хэрэг зоригоо хэлж, ажлын үнэмлэхээ үзүүлснээр дотогш нэвтрэх эрхийг авлаа. Улсын онцгой обьект учир ийн шалгах нь арга ч үгүй юм.
Хүйтний эрч чангарч хөхүүрийн ам цаашилж байгаа өдрүүдэд нийслэлийн айл өрх, албан байгууллагуудыг илч гэрэл, дулаанаар хангадаг “галын манаачид”-тай хэдэн цагийг хамт өнгөрүүлсэн юм. Та бидний хэрэглэдэг цахилгаан дулааныг хэрхэн үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэчнээн хүний хөлс хүч хөдөлмөр шингэж, хэрэглэгчид хананаасаа халуун ус авч, гэрэл гэгээтэй дулаан орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байдгийг сурвал-жиллаа. Монгол Улсын ууган цахилгаан станц болох “ДЦС-IV” нь 1983 онд ашиглалтад орж өдгөө 37 жилийн турш Улаанбаатарыг эрчим хүчээр тасралтгүй хангаж иржээ.
 
 
Б.Ганхуяг: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 80 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА
 
Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг тус станцын тэргүүн дэд захирал бөгөөд eрөнхий инженер Б.Ганхуягаас тодруулсан юм. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг оны эхэнд боловсруулсан. Уг ажлын хүрээнд долоон багц ажлыг төлөвлөж, үүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн болон туслах тоноглол, урсгал засвар үйлчилгээ зэрэг олон ажлыг шат дараатайгаар хийж, гүйцэтгэл 80 хувьтай явж байна. Үндсэн тоноглолын буюу зуух, турбины засварын ажил хугацааны хувьд хоцрогдолтой юм шиг харагдаж магадгүй. Арванхоёрдугаар сарын 30-нд хамгийн сүүлийн турбины угсралт монтажны ажил дуусна. Цаг хугацааны хувьд зарим ажил хоцрогдолтой байгаа нь “СОVID-19” цар тахал, хил гаалийн хорио цээртэй холбоотой. ОХУ-аас засвар үйлчилгээний мэргэжилтнүүдийг оруулж ирэх явцад саатал гарсан. Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газрын тогтоол гарснаар мэргэжилтнүүдээ оруулж ирээд, ажил ахицтай явж байна” гэлээ.
 
Монгол Улсын эрчим хүчний системийн ачааллыг нуруундаа үүрдэг “ДЦС –IV” төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71, нийслэлийн дулааны эрчим хүчний 52 хувийг хангадаг томоохон үйлдвэр юм. Тус станцын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэн чухал зүйл нүүрс нөөцлөлт. Жилдээ 3.5 сая тонн нүүрсийг Багануур болон Шивээ овоогийн уурхайгаас татаж авах төлөвлөөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар 2.6 сая тонныг татан авч нөөцлөн, цахилгаан, дулааны эрчим хүч боловсруулах үйлдвэрлэлдээ хэрэглэж байна. Одоогийн байдлаар нүүрсний 180 мянга, мазут буюу галлагааны шингэн түлшний 1500 тонн нөөцтэй байгаа аж. “Сардаа 100 тонн мазут түлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Хангалттай хүрэлцэх хэмжээтэй гэж тооцоолсон. Гуравдугаар зуухны угсралт, монтажны ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээж авахад анхаарал хандуулж ажиллаж байна. Дөрөвдүгээр зуух графикийнхаа дагуу ирэх сарын 3-нд дуусч, ажиллагаанд залгана. Энэ жилийн тухайд хүйтэн өвөл болно гэсэн төлөвтэй байна.Тиймээс Улаанбаатар хотын иргэдийн тав тухтай өвөлжих нөхцөлийг хангаж ажиллана” хэмээн ерөнхий инженер Б.Ганхуяг онцолж байлаа.
 
НЭГ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛЖ , ХОТ ЦАХИЛГААН, ДУЛААНГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
 
Манай сонины сурвалжлах багийнхан станц руу орох зөвшөөрөл авч, ахлах инженер Энхцогт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хамгаалах малгай, хантааз, нүдний шилээр хангасан юм. Энд тэндгүй эгнүүлэн тавьсан төмөр хоолой болон зуухнууд нүдэнд илт тусна. Анх удаа станц руу орж ирсэн хүний нүдээр харахад дуу чимээ, тоосжилт ихтэй санагдсан. “ДЦС-IV” ТӨХК-д 1492 ажилтан 24 цагаар хуваарийн дагуу ээлжлэн ажилладаг байна. Эрчүүдтэй эн зэрэгцэн ажилладаг эмэгтэйчүүд энэ байгууллагын ажиллагсдын 30 хувийг эзэлдэг. Тэдний нэг дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг зуухны машинч Д.Сайнзаяагаас ажил мэргэжлийнх нь үүрэг, оролцоог асуухад “12 цагийн ээлжтэй ажиллаад 20 жил болж байна. Баяр ёслол, амралтын өдөр гэлтгүй өөрт ногдсон ажлаа хариуцлагатай гүйцэтгэдэг. Нэг хүний буруутай үйлдлээс шалтгаалж, хот цахилгаан, дулаангүй болох эрсдэлтэй. Тиймээс ажилдаа хариуцлагатай хандах нь чухал.

Зуухны машинчийн үүрэг нь 140 атмосферийн даралттай 550 градусын температуртай хурц уурыг машинд тасралтгүйгээр өгдөг. Чанарын шаардлага хангасан уурыг доголдол тасралтгүй өгөх л үүрэгтэй. Уураа үйлдвэрлэхийн тулд зуух руу орж байгаа түлш, усны зарцуулалтыг хянаж, хангаж ажиллана. Нүүрс гарахад тоосон системийн үйл ажиллагааг, зуухаа тасралтгүй усаар хангахын тулд тэжээлийн усныхаа хаалт, насосын ажиллагаа, параметр зэргийг хянадаг.
 
Ээж бидний хувьд үр хүүхдэдээ анхаарал тавих хугацаа төдийлөн гардаггүй. Хүүхэд орхигдох тал бий. Аав, ээж, ах дүү нараа гуйгаад хүүхдээ харуулдаг” гэж хариулсан юм.
 
“ДЦС-IV” үндсэн долоон цехтэй. Тухайлбал, түлш дамжуулах, зуух, турбин, цахилгаан, дулааныг хянах хэмжүүр автоматик, хими, механик, хяналтын алба зэрэг цехэд ажилчид дөрвөн ээлжинд 12 цагаар ажилладаг байна. Өнгөрсөн мягмар гарагийн өдрийн ээлжинд 99 хүн ажиллаж байв. Нэг үгээр хэлбэл 99 хүн станцыг хөдөлгөж байгаа гэсэн үг. Хүн бүрийн хийх ажил харилцан адилгүй. Энэ талаар тус станцын ээлжийн инженер Х.Чулуунаас тодрууллаа.
 
-Долоон цех нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
 
-Манай станц Багануур болон Шивээ овоогийн нүүрсийг татаж авч хэрэглэдэг. Эндээс ирсэн нүүрсийг зуух руу дамжуулдаг дамжлагын, бутлалт, нөөцлөлтийн ажлыг хариуцдаг түлш дамжуулах цехийн ажилчид байдаг. Тэд зуух руу хийх нүүрсийг тасралтгүй хангаж, ажиллах үүрэгтэй. Зуухан цехийнхэн дулааны эрчим хүчийг боловсруулна. Одоогоор зургаан зууханд туслах, ахлах машинист, ээлжийн даргатай ажиллаж байна. Энэ мэтчилэн долоон цехийн ажилчид үүрэгт ажлаа хариуцлагатай хийдэг.
 
-Таны хувьд өнөөдрийн ээлжинд гарч байгаа хүмүүсээ хянаж ажиллаж байна уу?
 
-Чиглэл өгч, удирдаж, хянаж ажилладаг. Одоо үйлдвэрлэл явагдаж байна. Давхар засварын ажил хийж байгаа юм. Тэгэхээр үйлдвэрлэлийн ажлыг засварын ажилтай уялдуулах ёстой. Засвар хийхээр бол заавал зөвшөөрөл авна. Шууд дур мэдээд засвар хийвэл үйлдвэрлэл доголдоно. Бидний хамгийн гол ажил бол үйлдвэрлэл. Өнөөдрийн хувьд л гэхэд 557 МВТ-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.
 
С.Г.Назаров: МОНГОЛ ЗАСВАРЧИДТАЙ АЖИЛЛАХАД ГАЙХАЛТАЙ САЙХАН БАЙНА
 
Биднийг ийн ярилцах зуур орос, монгол ажилчид үдийн хоолоо идчихээд талбайд гарч ирж, өөрт ногдсон засварын ажлаа үргэлжлүүлж байгаа харагдав. Энэ үеэр Турбины урсгал хэсгийн ажлын удирдагч С.Г.Назаровоос монгол засварчидтай хамтарч ажиллахад бүтээмж хэр байгааг асуухад “Би эрчим хүчний салбарт 33 жил ажиллаж байна. Монгол Улсад хоёрдугаар сард ирсэн. Турбины зүгшрүүлэлтийн ажлыг хийж байна. Гуравдугаар зуухны засварын явц 38 хувьтай байгаа. Хөрш орныхоо засварчидтай хамтарч ажиллахад гайхалтай сайхан байна” гэв.
Орос засварчдын ажлын ур дүйг манай залуучууд эх орондоо нутагшуулж, тэднээс сурч мэдэх зүйл их байгаа нь дамжиггүй. “ДЦС-IV” ТӨХК-ийн Турбоагреат №1-4-ийг шинэчлэх төслийн инженер Э.Мөнхцагаас ажлын явцын талаар тодруулахад “Төслийн гэрээг 2018 оны зургаадугаар сарын 19-нд хийсэн.
 
Станцын насжилтаас шалтгаалан тухайн тоноглолуудыг ашиглах хугацаа дууссан учраас сунгах шаардлага гарсан. Сунгахын хажуугаар хүчин чадлынхаа хэмжээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Турбоагрегат 1-4 буюу нийт дөрвөн турбог шинэчилж байна. Төслийн гүйцэтгэгчээр “РОТEX”, туслан гүйцэтгэгч гурван компани ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Орос, Украйн улсын 55 инженер, техник, засвар үйлчилгээний мэргэжилтэн ажиллаж байна” гэлээ.
 
Нийслэл хотынхныг илч дулаанаар хангадаг энэ онцгой обьeктоор орж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буйг сурвалжлаад гарч ирэхэд тухайн өдрийн их үдийн алдад эднийх 558,6 МВт цахилгаан үйлдвэрлэсэн тоо мэдээ гэрэлт самбарт тодрон байлаа. Дээрх тоо өвлийн их ачааллын үед 700 МВ т цагт хүрдэг аж.
 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Шинэ
  • Их уншсан