Г.Амартүвшин: Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа учраас төрийн албан хаагчдыг цөөлөх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгоно гэж байсан хэзээ олгох вэ. Энэ жил ган, зудын байдлаас болоод малчид хүндрэлтэй өвөлжих нь. Төсөвт өвөлжилтийн хүндрэлд зориулсан төсөв тусгасан уу. Ипотекийн зээл түрээсийн орон сууц зөвхөн Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтэд хэрэгжээд явах юм уу. Төвлөрсөн суурин газар түрээсийн орон сууц, ипотекийн зээлийг хэрэгжүүлэх үү. Ямар арга хэмжээ авах вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс ирэх жил эрүүл мэндийн шинэчлэлийг эхлүүлье гэж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон эрүүл мэндийн чиглэлийн бүх үйл ажиллагааг ирэх жил эхлүүлэхээр төсөвт суулгасан. Мөн боловсролын салбарын шинэчлэл. 2021 оны тавдугаар сарын 1-нээс үнэт цаасыг эзэмшүүлнэ. Дараа нь үнэт цаашаа мөнгөжүүлэх заалтыг оруулж ирсэн. Эрдэнэс Монгол компани үнэт цаасыг мөнгөжүүлнэ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 150 мянган айлын хөтөлбөрийн хүрээнд орон нутагт 50 мянган айлын орон сууц барина гэж төлөвлөсөн. Гэхдээ орон сууц барихын тулд аймгийн шугам сүлжээ хийгдэх ёстой. Энэ бүх орон сууцыг төр барихгүй. Энэ жил 140 тэрбум төгрөг шугам сүлжээнд тавигдсан. 2021 онд 45 тэрбум төгрөгийн ажлыг аймгуудад хийнэ. Орон нутагт тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулж байна. Удахгүй бүлэг, Их хуралд танилцуулна. 21 аймгаас 13 аймаг л шугам сүлжээтэй юм билээ. Өөрөөр хэлбэл, орон сууц барих боломжтой гэсэн үг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 дээд сургууль байна. 148 мянган хүүхэд их дээд сургуульд сурч байна. 100 мянган хүнд оногдох их дээд сургуулиараа манай улс дэлхийд нэгдүгээр байранд орсон. МСҮТ-д 40 орчим мянган хүүхэд сурч байна. Энэ хоёрын байр солигдох ёстой гэж үзэж байгаа. Улс их оронд хэрэгтэй инженерийн чиглэлийн мэргэжлээр сурахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил хийхэд бидэнд нарийн мэргэжлийн хүмүүс шаардлагатай байгаа. Ажилгүй иргэдийн 54 хувийг залуус эзэлж байна. Монгол Улсын хэмжээнд 125 мянган ажилгүй иргэн байна. Үүний 30-40 мянга нь идэхтэй ажлын байр хайж байгаа. МСҮТ-д сурагчдад сар бүр 200 мянган төгрөгийн цалин олгож байгаа. Үүнийг цааш үргэлжлүүлнэ.

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Засгийн газар дээр хэд хэдэн удаа ярьсан. УОК-ын дарга Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг аймгуудаар явж өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцсан. 5-6 аймагт өвөлжилт хүндрэх магадлалтай байна. Хамгийн хүнд нь  Баянхонгор аймаг байна. Өвөлжилтийг хохирол багатай давахын тулд ажиллаж байна. Цаашдаа улсын нөөцөд өвс бэлдэхгүй, хүчит тэжээл бэлтгэхээр зорьж байна. 40 кг-ын шуудаатай хүчит тэжээл 11 боодол өвстэй тэнцэж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Төсвийн орлогын тавны нэгийг зэс, нүүрс эзэлдэг юм байна. Ирэх жилийн төсвийн төсөлд зэс нүүрснээс 2.8 их наяд төгрөг орох юм байна. Экспортод гаргаж байгаа зэс, алтыг нарийн тооцоод орлогоо бүрдүүлж чадаж байна уу. Төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажиллаж байна гэж сүүлийн 10-аад жил ярьж байна. Төрийн өмчийн компаниудын 62 хувь нь ашиггүй ажиллаж байна гэж байна. Үүнд ямар бодлого барьж ажиллах вэ.

Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах талаар ирэх жил юу хийх вэ. Ямар ажил хийх бол. Хамтарч ажиллах компани олдсон уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улс газрын доорх баялгаасаа орлогыг бүрэн авч чаддаггүй. Тиймээс боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Хилээр авто машин, вагон гарлаа гэж бодоход дээжийг нь аваад лабораторийн дүгнэлт хийх тоног төхөөрөмжийг захиалаад үйлдвэрлүүлсэн. Ковидтой холбоотойгоор мэргэжилтнүүд нь ирж ажиллаж чадахгүй байна. Энэ шинэчлэлийг хийснээр гарч байгаа баялгаасаа гүйцэд орлого авна. 2021 онд таван лаборатори ашиглалтад оруулна.

Уул уурхайн сайд Г.Ёндон: Асгатын мөнгөний ордыг 2020-2024 онд үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтыг хийж хөрөнгө оруулагчийг тодруулна гэж үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Асгатын мөнгөний ордны нөөц их биш. Өмнө нь хийсэн зураг төслийн ажлууд нэлээд байдаг. Аль аль нь нөөц хангалттай биш гэсэн шалтгаанаар татгалзаж байсан. Өнөөдрийн байдлаар энэ ордыг сонирхож байсан компаниуд руу хамтран ажиллах хүсэлт явуулсан. Мөн Германы компаниас хүсэлт ирсэн. Хамгийн чухал ажил бол хөрөнгө оруулалтыг шийдэх. Өнгөрсөн жил ОБ-ын хүмүүсийн оролцоотойгоор замыг зассан. Гэхдээ үйлдвэрлэл барьж байгуулахад нэлээд хүндрэлтэй байгаа.

Гаалийн лабораториор гарч ирсэн бүх ашигт малтмалаас татвар авна гэдэг хүндрэлтэй. Уул уурхайн мэргэжлийн талаас нь хэлбэл гарч ирсэн бүх бүтээгдэхүүнээс татвар авах боломжгүй. Баяжуулж, боловсруулахад үр ашиг гаргах тохиолдолд татвар авдаг. Түүнээс бор өндрийн жоншноос төмөр, алтны агууламж гардаг. Гэхдээ үүнийг ялгаж авах технологи ашгаасаа өндөр өртөгтэй.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Төрийн үйлчилгээг цахимжуулах нь маш сайн төсөл. Энэ том төслийн ач холбогдлыг төсөв дээр олж харахгүй байна. Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа хэрнээ төрийн албан хаагчдын тоо хангалттай бууруулахгүй байна. Үүнтэй холбоотой зардал ч буурахгүй байна. Энэ том төслийг хэрэгжүүлж байгаа юм чинь эдийн засагт өгч байгаа үр өгөөж нь тодорхой баймаар байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулахад ямар хөрөнгө оруулалт туссан юм бэ. Дунд хугацаанд маш хүнд байдалд орохоор байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулах шаардлагатай юм болов уу гэж бодож байна. Орлого олдог гол төслүүд дээрээ анхаарч ажилламаар санагдаад байх юм. Хөрөнгө оруулалтын зардлаа тусгахдаа эдийн засагт ирэх үр өгөөжийг нь хэрхэн судалдаг юм бэ. Гишүүн бүхэн тойрогтоо хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Гэтэл том зургаараа энэ эдийн засагт хэрэгтэй юү, үгүй юү гэдэг дүгнэлт гардаг уу. Төрийн өмчит компаниуд хувьчлах талаар төсөвт тусаагүй байна. Үр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлаад зах зээлийн зарчмаар нь ажиллуулмаар байх юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Цалингийн нэгдсэн системийг бий болгож байна. Энэ систем 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Хэрэгжээд эхлэхээр дараагийн жилээс үр дүнг нь мэдрээд эхэлнэ. Хаана хэдэн орон тоо илүү байна, шаардлага хангахгүй байгаа хэрнэ өндөр цалин аваал яваад байна уу гэдэг нь бүгд ил болно. Ингэж төрийн албан хаагчдынхаа тоог нарийн мэднэ. Эдийн засгийн үр ашгийг тооцох аргачлал байдаг. Үүн дээрээ үндэслээд хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож явдаг. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгмийн үр өгөөжийг давхар тооцож явдаг.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Истоны цахим шилжилтийн академитай хамтарч ажиллаж байгаа. Мэргэжилтнүүд ирж манайд үнэлгээ хийгээд буцсан. Монгол Улсад цахим шилжилт бүрэн хийгдэхэд 7.2 жилийн хугацаа орно гэдэг зургийг бидэнд гаргаж өгсөн. Ирэх дөрвөн жилд энэ шилжилтийн 85 хувь хийгдэх боломжтой гэж үзэж байгаа. Цахим шилжилт бүрэн хийгдсэнээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, гэрлэлт баталгаажуулахаас бусад нь цахим болно. Хүн ам цөөхөн учраас цахим шилжилт хийхэд хялбар гэж үзэж байгаа. Одоо Цахим шилжилтийн хуулийн төсөл өргөн барина. Энэ нь иргэдийн нууцлалтай холбоотой. Төр зөвшөөрөлтэйгөөр иргэдийнхээ мэдээлэлд нэвтрэх юм. Мөн цахим гарын үсэг хэрэглэхтэй холбоотой хуулийн төсөл. Энэ үйлчилгээ нэвтрээд эхлэхээр төрийн албан хаагчдын орон тоо шаардлагагүй болж эхэлнэ. Төрийн албан дээр гарч байгаа шаардлагагүй орон тоог бага багаар цөөлөөд явна.

Зам тээвэр хөгжлийн сайд Г.Халтар: Түгжрэлийн асуудал дээр цаашдаа дөрөв, таван зүйлд анхаарах хэрэгтэй байгаа. Нэгд, нийтийн тээврийн парк шинэчлэл хийж нэмэгдүүлэх. Хоёрт, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, гуравт, авто зам, төмөр замын огтлолцож байгаа хэсгүүдийг гүүр нүхэн гарц хийнэ. Дөрөвт, сургуулийн автобусыг нэвтрүүлэх. Иргэд хувийн машинаараа хүүхдээ сургуульд нь зөөдөг.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 2021 оны төсвийн нийт зарлагын 51 хувь нь тэтгэвэр тэтгэмж байна. Монгол Улс Азидаа хүн ам хамгийн залуу улсын нэг. Гэтэл 60 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг. Ажилгүйдлийг бууруулах дээр ямар ажил хийх вэ. Ирэх 4 жил бий болгох 100 мянган ажлын байрны хэдийг ирэх жил бий болгох вэ. МСҮТ-ийн суралцагсдад 200 мянган төгрөг өгч байгаа ч ажил олгогч нартай холбох ажил хангалттай биш байна. Энэ их хавтгайрсан халамжаа бууруулах дээр юу хийх вэ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Манай яамны зүгээс халамжаас хөдөлмөрт шилжье гэсэн зорилт дэвшүүлээд явж байна. Халамж хүн амын 60 хувь авдаг гэдэгт хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг орсон байна. Яг халамж мөн үү, хүн амын бодлого уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. 72 төрлийн хөтөлбөр, халамж байгаа. Е халамж гэдэг цахим системийг нэвтрүүлсэн. Ингэснээр 7 үйлчилгээ, 39 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Халамж авч байгаа иргэдийг цахим бүртгэлд хийснээр илүү хяналттай болж байна гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсвийг томоор нь харахаар татварыг яаж хурдан хурааж, яаж тараах вэ гэдэг хоёр тоон дээр явж байгаа болохоос бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа гэсэн бүлэг огт алга. ЖДҮХС-д хэдий хэмжээний мөнгө төсөвлөсөн бэ. Төсвийн төсөл дээр огт алга байна. Аймгуудаа авто замаар холбоод дуусчихлаа. Аймгуудын бизнесийг холбохын тулд тээврийн бодлого хэрэгтэй байна. 2021 оны төсөвт дотоодын тээвэр ложисткын бодлого туссан юм алга байна. Ковидыг манай эдийн засаг ямар өрөгтэй давж байгаа вэ.

Зам тээвр хөгжлийн сайд Г.Халтар: 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбоод сууж байна. Дараагийн дэд бүтцийн чухал ажил бол Нутгийн зам хөтөлбөр. Том сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбоно. Ирэх жил нэлээд хэдэн сумыг холбоно.

Сангийн сайд Ч.ХүрэлбаатарЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 907 тэрбум төгрөгийн авлага байгаа. Нийт 577 тэрбум төгрөг орж ирнэ. Хуваарийн дагуу 178 тэрбум төгрөг байгаа. Хугацаа хэтэрсэн авахад төвөгтэй 400 тэрбум төгрөг байгаа. Ирэх жил 378 тэрбум төгрөгийг зээлд гаргаж болно. Эх үүсвэрүүд байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

  • Шинэ
  • Их уншсан