"Хүүхдийн эрхийн тухай конвенц" батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын "Хүүхдийн эрхийн ту­хай конвенц" 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан бөгөөд манай улс 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон байдаг.  

Уг конвенц нь түүхэнд хүний эрхийг хамгийн өргөн хүрээнд баталгаажуулсан гэрээ бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр засаг хүүхдүүдэд хэрхэн туслах ёстой талаар тусгасан юм.

Конвенцийн тухайд

Хүүх­дийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн 54 багц зүйл заалтыг тусгасан уг конвенц нь хүүхдийг  сонсох, хамгийн дээд эрх ашгийг нь эрхэмлэх, аливаа шалтгаанаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхэд бүр амьд явах, хөгжих эрхтэй. Түүнчлэн хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохыг амалж, хүүхэд бүр эрүүл байж, боловсрол эзэмших ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт III прото­колд нэг­дэн орохоо илэр­хийлсэн

Мөн "Хүүхдийн эрхийн ту­хай конвенц"-д гурван нэмэлт протокол нэмж оруулсан удаатай. Тодруулбал,

  • 2000 онд 18-аас доош насны хэн нэгнийг зэвсэгт хүчинд элсүүлэхийг хориглох болон хүүхдийн биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртүүлэх, хүүхдийн боолчлолыг хориглох тухай хоёр протоколыг баталсан.
  • 2011 онд хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд өөрсдийн эрх зөрчигдөж байгаа талаар шууд гомдол гаргах боломжийг олгох тухай протоколыг нэмж оруулсан байдаг.

"Хүүхдийн эрхийн тухай конвенц"-той ЭНДээс танилцана уу.

Хүүхдийг үл хайхрах эрхийг зөрчих тухайд мэргэжилтний байр суурь

Хүүхдийн эрх зөрчигдөж, дээрэлхүүлж, өлсөж, зодуулж, даарч, эрсдэлд байвал томчууд бүгд анхаарал хандуулах үүрэгтэй.

Хүүхдийг үл хайхрах эрхийг зөрчих тухайд:

  • Бие махбодын хувьд үл хайхрах: Анхан шатны хэрэгцээ болох хоол хүнс, хувцас, амьдрах эрүүл орчноор дутаах, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, зүй зохисгүй үйлдэл үзүүлэх, хүч дорой байдлыг ашиглан гар хүрэх цохиж зодох. Аав ээж өөрийн стресс бухимдлаа тэдэнд гаргах.
  • Эрүүл мэндийн хувьд үл хайхрах: Хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хувьд хөгжлийн хоцрогдол илэрч байгаа эсэхэд санаа тавихгүй, биеийн зовуурийг анхаарч тоохгүй байх, эмч зөвлөхийн зааваргүй дур зоргоороо эм бэлдмэл хэрэглэх, эмчилгээ хийж турших.
  • Сэтгэл санааны хувьд үл хайхрах: Хүүхэдтэй хөндий харилцах, ярилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хэн нэгтэй адилтгаж жиших, хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх басамжилсан үг хэллэг хэрэглэх, олны дэргэд тоглоом доог тохуу хийх, айлган сүрдүүлэх
  • Боловсролын хувьд үл хайхрах: Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах.
  • Ганцаардуулан үл хайхрах: Бага насны хүүхдийг гэрт ганцааранг нь цоожлон үлдээх, харанхуй өрөөнд суулгаж айлгах, хашраах, тоглоомын талбайд харгалзах хүнгүй гаргах, найз нөхөдтэйгөө уулзах тоглохыг хориглох, олон нийтийн арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг хүүхдээр нь харуулж үлдээх, хүүхэд нэг бүрд тухайлан цаг гаргаж харилцахгүй байх зэргээр хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн Хөөрхөн Шар Шувуу сургалт судалгааны төвийн багш Г. Төмөрзаяа хэлсэн юм. 

Манай улсад 2020 оны тавдугаар байдлаар 948 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлжээ

Монгол Улсад сүүлийн таван жилийн байдлаар дунджаар 75,000-80,000 эх төрж байгаа бөгөөд 0-18 хүртэлх насны хүүхэд нийт хүн амын 36.5 хувийг  эзэлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга (8.5%) нь бүтэн өнчин, 33.5 мянга (91.5%) нь хагас өнчин хүүхэд байна.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2019 онд 0-18 хүртэлх насны 2,020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн нь  2018 онтой харьцуулахад 47,5 хувиар буюу 651 хүүхдээр өссөн аж.

Харин 2020 оны тавдугаар сарын байдлаар 948 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлжээ. Үйлчилгээ үзүүлсэн хүүхдүүдийн хувьд дийлэнх нь буюу 80.2 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртсөн байдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байв.

  • Шинэ
  • Их уншсан