​Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар цас их орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр арванхоёрдугаар сарын эхний 10 хоногт нийт нутгаар цас орж, цасаар шуурах төлөвтэй байна. 

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 7-нд Хөвсгөлийн уулсаар, арванхоёрдугаар сарын 8-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 9-нд нутгийн хойд хэсгээр цас орно.  Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар ОЖД-аас ахиу бусад нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр 10 хоногийн дунд үе болон хоёрдугаар 10 хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 

  • Шинэ
  • Их уншсан