Христийн мэндэлсэн өдөр буюу Зул сарын баярын түүх

Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.

Харин өнөөдөр дэлхийн 140 гаруй оронд энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэдэг юм. Европын зарим орнуудад Зул сарын баяр болохоос нэг сарын өмнөөс бэлтгэж эхлэдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байдаг. Баярын өмнөх өдөр нь орон болгонд өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь Германд Хайлигеабенд гэдэг. Энэ нь манайхаар бол битүүний өдөртэй ижилхэн. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай. Энэ бол хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр.

Бид хүүхэд наснаасаа л гоёл чимэглэл, тоглоом наадгайгаа зүүсэн гацууртайгаа хамт шинэ жилээ угтдаг. Шинэ жилийн баярын бэлэгдэл болгож  энэхүү ганган ногоон гацуурыг залдаг уламжлал нь  үеэс үед  дамжсаар нэг бус зууныг  ардаа үджээ.

    Эрт дээр үед хүмүүс модонд сүнсүүд амьдардаг тул тэр далдын хүчтэй гэж боддог байсан учраас янз бүрийн модыг зүгээр л чимэглэдэг заншилтай байжээ. Ингэхдээ тэд модыг алим, өндөг, самраар чимэглэж сүнснүүдийг аргаддаг байж. Бас нэг таамаглал нь vр жимсээрээ гоёж, боловсорч гvйцсэн гацуур модыг Библийн сударт “диваажингийн мод” гэж нэрлэсэнтэй холбоотой байж магадгvй.

Гацуур нь бусад моддын дотор ямагт онцгой байр эзэлж иржээ. Түүнийг амьдралын бэлэгдэл, үхэшгүй мөнхийн мод гэж үздэг байв. Гацуур мөнх ногоон байдаг болохоор түүнд ямар нэг ид шид нуугдан байдаг гэж итгэдэг байв. Гацуур мөнх ногоон байдаг нь нар л түүнд онцгой эрх, ямба эдлүүлдэгтэй холбоотой гэж бидний   өвөг дээдэс ойлгодог байжээ.   Америкт 1830-аад оноос Зул сарын модыг хэрэглэж эхэлсэн бөгөөд 1846 оноос өмнө тийм ч өргөн ашигладаггүй байв. Анх Германы хунтайж Алберт Английн хатан хаан Викториятай гэрлэснийхээ дараа хамтдаа Зул сарын модны дор хөргөө зуруулснаар энэхүү уламжлал дээдсийнхний дунд ихээхэн дэлгэрсэн юм.

    Жишээ нь, Грект гацуурыг амьд бүхний  ашид мөнхийн ариун найдвар гэж үздэг байсан гэнэ. Домогт гардаг Трояны морийг ч гацуураар хийсэн гэж үзэж байв. Анх Францын Эльзаст 1605 онд гацуурыг чимэглэсэн аж. Түүхэн тэмдэглэлд дурдсанаар тэр үед цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэсэн гацуурыг баярт зориулан байрлуулдаг байсан гэнэ. Энэ гайхалтай санааг Европ дахин тэр дор нь шүүрэн авсан байна.

        Бидний үед гацуурыг хамгийн том гэгдэх талбайддаа залцгаах болсон. Италид гэхэд л  Рим дэх гэгээн Петрийн талбайд гацуураа босгодог байна. Лондонд бол Трафальгарын талбайд, Нью-Йоркт  Рокфеллерийн төвд, түүгээр ч барахгүй  Рио-де-Жанейрод Лагоа нууранд байрлуулсан гацуур нь хөвж байдаг ажээ. Дэлхийн хамгийн өндөр гацуурыг 2009 онд Мехикогийн төв өргөн чөлөөнд босгосон бол, Арабын бүгд найрамдах Эмиратад 2010 онд 12 сая долларын үнэ бүхий цэвэр алтан бөмбөлөгөөр гацуураа чимсэн байна.

 

ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ


Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Крисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Өнөөдөр үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ. Зарим тохиолдолд Крисмасыг Xmas гэж бичдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн байна.

 

Бэлэг тараах – Голландад 12 сарын зургаанд тэмдэглэдэг Гэгээн Николасын өдрөөс үүдэн Санта Клаусын бэлэг тараах уламжлал бий болсон аж. Уг өдрийн өмнөх орой хүүхдүүд гутлаа гадаа орхиод өглөө нь Гэгээн Николасын илгээсэн бэлгийг авдаг байна.

 

Оймс өлгөх – Уг уламжлал нэгэн түүхээс үүсжээ. Уг түүхэнд өгүүлснээр гурван охинтой ядуу эр хуримын инж бэлдэх бололцоогүйгээс үүдэн охид нь хүнтэй гэрлэж чаддаггүй байжээ. Гэтэл нэг орой Гэгээн Николас яндангаар нь ууттай алт унагаасан нь зуухны дэргэд хатаахаар өлгөсөн оймсон дотор орсон байв. Ийнхүү том охин нь хуримаа хийсэн юмсанжээ.

 

Сантад сүү, жигнэмэг үлдээх – Энэ нь Голланд хүүхдүүд Гэгээн Николасын өдөр түүнд хоол, уух зүйл орхидгоос үүссэн юм байна. Мөн Сантагийн буганд лууван үлдээдэг уламжлал Норсын домогт гардаг Один бурхны найман хөлтэй моринд өвс орхидгоос үүдэлтэй аж. Голланд хүүхдүүд ч энэхүү уламжлалаар Гэгээн Николасын моринд хоол бэлддэг юм байна.

 

ӨВЛИЙН ӨВГӨН САНТА КЛАУС


Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийнхөө төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр Христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.

   Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон ажээ.

     Шинэ протестантууд эргэлт хийснээр Николасын бэлэг түгээхийг нь таашаагаагүйн улмаас тэрбээр тийм ч удаан сайн үйлс хийж чадаагүй ч, ажлаа бүрмөсөн орхисонгүй. Католик сүмийн хүрээнд нууцаар бэлгээ түгээдэг байжээ. Түүнээс хойш улс бүр өөрийн бэлэг түгээгчтэй болсон гэнэ. Францад Пер Ноил, Англид Гэгээн Крисмас, Германд Вайннахтсмэн, Орост Кристианити/хожим нь “Өвлийн өвгөн” гэж нэрлэсэн/, Голландад СинтеКлас (Санта Клаус гэдэг нэр үүнээс үүсэлтэй) нар бэлэг түгээх “алба хашиж” байжээ. Эдгээр Сантануудын хувцас нь солонгын өнгийг бүрдүүлдэг ч зарим нь хар өнгөтэй байх тохиолдол бий. Гэсэн ч урт цагаан сахал, хүүхдүүдэд бэлэг өгөх гэсэн сайхан сэтгэл нь тэднийг холбодог.

 

Өнөөгийн Санта Клаусын дүр төрх 1804 онд болсон Нью Йоркийн Түүхийн нийгэмлэгийн уулзалтын үеэр нийгэмлэгийн гишүүн Жон Пинтардад бэлэглэсэн тоглоом дүүрэн оймстой Гэгээн Николасыг дүрсэлсэн модон баримлаас үүдэлтэй аж. Сантагийн хувцас анх цагаан, цэнхэр, ногоон өнгөөс бүрддэг байсан бол одоогийн улаан хувцас нь 1930-аад онд Кока Колагийн сурталчилгаанд анх хэрэглэгдэж байжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх багачуудын хайртай Санта юм.

 Тэгвэл цаа буу хөлөглөсөн Сантагийн төрхийг “Толгойгүй морьтон” зохиолыг бичсэн Америкийн зохиолч Вашингтон Ирвин 1819 онд санаачилсан ажээ.

Зул сарын баярыг гэр бүлийн баяр ч гэдэг. Тиймээс энэ өдөр орон болгонд өөрийн ёс заншил, уламжлалтай холбоотой хоол хийнэ. Зул сарын баярыг улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг талаар товчхон өгүүлье.

ГЕРМАН :

Германд энэ баярын өмнөхөн хотуудын төв талбай дээр Зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр цугларсан хүмүүс янз бүрийн амттан худалдаж авахаас гадна халуун дарс буюу глювайн заавал ууна. Баярын өмнөх өдөр буюу манайхаар битүүний өдөр нь хамгийн чухалд тооцдог. Хайлигеабенд хэмээн нэрлэдэг энэ өдрийн өглөө гацуур модоо чимэглэж орой нь гэр бүлээрээ цугларна. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс ирэхэд нь хүүхдүүдийн бэлгийг гацуур модны доор тавьсан байдаг. Харин баярын ширээнд шарсан галуу эвсэл нугас, уламжлалт аргаар бэлдсэн штолен хэмээх үзэмтэй нарийн боов тавьдаг. Зул сарын баярын эхний өдөр эмээ, өвөө, ээж аавындаа айлчилснаар баяр үргэлжилдэг аж.

ИСПАНИ :

Испаничууд энэ баярыг маш хөгжилтэйгээр тэмдэглэдэг гэнэ. Зул сарын баярын өдөр хотуудын төв талбайд нэлээд хөл хөдөлгөөнтэй байдаг. Үндэснийхээ хувцсаар гоёсон испаничууд сүмийн үүдэнд цугларч гар гараасаа барилцан дуулж бүжиглэдэг аж. Орой нь найз нөхөд, гэр бүл, хамаатан садангуудтайгаа хамт баярын ширээндээ суудаг. Зарим нь дуртай зоогийн газартаа хооллодог гэнэ. Арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад “El Cordo” хэмээх сугалааг зохион байгуулдаг. 1818 оноос энэ сугалааг явуулдаг болсон бөгөөд 1996 онд түүнийг нь 30 сая хүн худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Испанийн төв нутгийнхан энэ өдөр шарсан тугал эсвэл тоорой, өмнөд нутгийнхан шарсан цацагт хяруулаар ширээгээ чимдэг. Харин хүүхдүүдийн бэлгийг оймс эсвэл гуталд нь хийдэг уламжлалтай.

ИТАЛИ :

Италичууд зул сарыг хамгийн амттай баяр хэмээн нэрлэдэг аж. Гэр бүлээрээ цугларахдаа зөвхөн амттай хоол идэх төдийгүй хамгийн баяртай мөчүүдээ эргэн дурсдаг уламжлалтай. Италийн бараг бүх нутагт баярын ширээнд банштай шөл байдаг. Түүнээс гадна гахайн махаар хийсэн хиам, чихэрлэг талх иддэг аж. Италичууд Зул сарын баярын өдөр хуучин хувцсаа цонхоороо гаргаж хаядаг гэнэ. Ингэснээр өнгөрсөн онд болсон муу муухай бүхнийг зайлуулж байгаагийн илэрхийлэл аж. Харин Италийн хойд нутагт зул сарын зах гардаг аж.

АНУ :

Америкт олон үндэстэн амьдардаг. Тиймээс их содон тэмдэглэн өнгөрүүлдэг гэж болно. Зарим нь шарсан цацагт хяруул, зарим нь шөл, байцаатай хоол зэргээр ширээгээ чимнэ. Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг ньуламжлал болсон гэж болно. Ингэхдээ шөнө унтаж байхад Санта Клаус ирж бэлэг орхиод явсан хэмээн тайлбарладаг. Зул сарын баярын өглөөний цайн дээр заавал рулет идэж кофе ууна.

ИХ БРИТАНИ :

Их Британид ч мөн адил Зул сарын баярыг гэр бүлийн баяр гэнэ. Тиймээс бүгд цугларч шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэж бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай. Баярын ширээнд уламжлалт аргаар бэлдсэн нарийн боов заавал тавьсан байх ёстой. Түүн дотроо зоос хийнэ. Зоос таарсан хүн нь тэр жилдээ азтай байна хэмээн ерөөдөг аж.

ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР :

 Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэгэн жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг бөгөөд Песаха еслолоос 163 өдрийн хойно, 9 сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоног шүүн тунгаах, “ Иом Кипур “ буюу тшувагийн өдрүүд, бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна.

Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой. Өнөөгийн шинэ жилийн баяр еврейчүүдээс гаралтай, Есүс Христийн төрсөн өдөр гэдэг бол ор үндэсгүй худал зүйл юм.

ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛ :

 Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “ Синьянь жил хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьханы хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.

ИРАНЫ ШИНЭ ОНЫ БАЯР :

Иранчууд төдийгүй Иран, Персийн хуалигаар амьдардаг хүмүүс “ Новруз” / Перс хэлнээс орчуулбал “ шинэ өдөр / буюу шинэ жилээ гуравдугаар сарын 21-22-нд эсванда сарын 30-наас шахривара сарын 1-нд шилжих шөнө, хаврыг угтан өргөн тэмдэглэдэг байна. Новруз нь байгалийн сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болдог.

КАЗАХЫН НАРНЫ БАЯРЫН УЛАМЖЛАЛ :

Адай овог аймгийнхнаас бусад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд Науриз хэмээн нэрийддэг. Казахын Адай овог аймгийнхний шинэ жил адайчууд болон мангыстау хавийн оршин суугчид 3-р сарын 14-ний өдөр шинэ оны баяраа тэмдэглэдэг байна.

ОРОС ШИНЭ ЖИЛ :

Славчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ.

XVIII зуунд Европын бараг бүх каталок шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

ФРАНЦЫН ХЭРЧИМ МОД :

Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

ӨМНӨД АФРИКИЙН УРГАЦЫН БАЯР :

 Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

ФИНЛЯНДЫН БАЯР :

 Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод “ Энд томоогүй хүүхэд бий юу? Гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

ШОТЛАНДЫН АЗ ЖАРГАЛ :

 Шотландад шинэ, хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлогдог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

УНГАРЫН УЛАМЖЛАЛ :

Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

ЭНЭТЭХЭГТ ШИНЭ ОНЫГ НАР МАНДАХАД УГТДАГ :

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

ЯПОНЫ ШЁО ГАЦҮ :

Япончууд шинэ оныг шёо гацү гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончүүд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

ШВЕЙЦАРЬ АВСТРИЙН БАГТ НААДАМ :

 Швейцарь Австрид шинэ жилээр багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрийн тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр 313 онд устгасан тухай үгүүлдэг.1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж хариугаа авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. Үүнээс хойш шинэ жилийг угтан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

НИДЕРЛАНДЧУУД ЖИГНЭМНЭГЭЭР БЭЛГЭДДЭГ :

Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.

ГВИНЕЙД ЗААН ХӨТЛӨН ИРДЭГ :

Гвинейд шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг.

БРАЗИЛЬД СҮҮГЭЭР МЯЛААДАГ :

 Бразильд шинэ жилээр ойд ургадаг модны сүүгээр мялаахыг эрхэмлэдэг. Тус модноос нэг удаа 2-4л сүү гардаг байна. Шинэ жилийн өмнө тус модны сүүг ууж жирийн байдлаар тэмдэглэнэ.

МЕКСИК, ИСПАНИ, КУБИД УСАН ҮЗЭМ ИДДЭГ :

 Мексик, Испани, Кубид шинэ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.

Ингээд бидний бэлтгэсэн Зул сарын баярын түүхтэй холбогдох танилцуулга нийтлэл маань таалагдсан гэдэгт найдаж байна.

Зул сарын баяр тань хөөр баяр, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Эх сурвалж: pointepost.com

 

  • Шинэ
  • Их уншсан