Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 30-нд Хөвсгөл аймгийн нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Харин салхины хурд 31-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Мөн 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөв гарчээ.
 
Иймд:
 
Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэл болох салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

  • Шинэ
  • Их уншсан