АНУ: 'COVID-19' халдвар Уханийн лабораториос алдагдсан байж болзошгүй

Өөр өөрсдийн хөгжлийн замаар тус тусдаа амьдарч ирсэн дэлхийг ганцхан зүйл бүхэлд нь зовоох болсон нь COVID-19 цар тахал юм. Анхны тохиолдол нь БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн энэ вирусын гарал үүсэл өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан хэвээр байна. Хөл хорио болон вакцины тусламжтайгаар ихэнх улс орон хэвийн амьдралдаа шилжсэн ч шинэ төрлийн коронавирус анх хаанаас тархсан нь өдгөө хүртэл нууц хэвээр байна.

Тэгвэл  Уханийн вирус судлалын хүрээлэнгийн ажилчид 2019 оны арваннэгдүгээр сард COVID-19 халдвар авч эмнэлэгт хэвтсэн талаар АНУ-ын Тагнуулын албаны тайланд дурджээ. Энэ нь БНХАУ COVID-19  вирус бүртгэгдсэнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 08-нд олон улсад зарлахаас өмнө хэдийнэ хүн амын дунд тархсан байсан гэсэн үг юм. Үүнээс өмнө Трампын Засаг захиргаа цар тахал 2019 оны намар тархсан ч хүмүүс эмнэлэгт хэвтэтлээ хүндэрээгүй хэмээн зарлаж байв.  Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хайнс өнгөрсөн сард “Тагнуулын газар COVID-19  вирус хэзээ, хаана, хэрхэн тархсаныг яг баттай мэдэхгүй” хэмээн хууль тогтоогчдод мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ удаагийн тайландаа вирус байгалиас үүссэн бөгөөд амьтнаас хүнд халдсан хэмээн дурджээ. Ингэхдээ Уханийн вирус судлалын хүрээлэнд сарьсан багваахай дээр коронавирусын судалгаа хийж байх үед санамсаргүйгээр агаарт тархсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлжээ. Өмнө нь Трампын Засгийн газрын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мөн ингэж мэдэгдэж байв.

Харин Уханьд ажилласан ДЭМБ-ын судлаачдын баг вирус лабораториос алдагдсан байх магадлал маш бага гэж зарласан билээ. Мөн тэд 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө хүмүүс халдвар авсан байх боломжгүй гэж мэдэгдэв. Үүнийг АНУ, Англи тэргүүтэй орны Засгийн газар ДЭМБ-ын багт вирусын анхны бодит судалгаа, дээжийг судлах бүрэн боломж байгаагүй хэмээн шүүмжилсэн юм.  Учир нь судалгааны багт Хятадын 17 шинжээч ажилласны ихэнх нь төрөөс хамааралтай байсан. Вирусын гарал үүсэлтэй холбоотой маргааныг эцэслэх нэг арга нь Уханийн лабораторийн ажилчдаас вирусын анхны дээжийг авч, генетикийн дарааллыг тогтоох юм. Гэвч Хятад улс үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг ажиглагчид тодотгов.

Эх сурвалж:CNN

  • Шинэ
  • Их уншсан