Хятадад “H10N3” шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ

Хятадын Жянсу мужийн оршин суугч, 41 настай эрэгтэйгээс шувууны томуугийн “H10N3” вирус илэрсэн нь дэлхийн хэмжээнд уг вирус хүнд халдварласан анхны тохиолдол болжээ.

Холбогдох албаны төлөөлөгчид тухайн эрэгтэй хэрхэн халдвар авсан талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч “H10N3” хүнээс хүнд хялбар халдварлахгүй гэдгийг мэдээлсэн байна. "H10N3"-аар халдварласныг нь өнгөрсөн долоо хоногт оношилсон эрэгтэй одоо эдгэрсэн бөгөөд эмнэлгээс удахгүй гарах төлөвтэй байна.

Олон улсын хэмжээнд шувууны томуугийн олон вирус бүртгэгдсэн байдгаас гадна шувууны аж ахуйд ажилладаг хүн халдвар авсан тухай мэдээлэл гарч байсан удаатай юм. Халдвар илэрсэн эрэгтэйтэй ойр байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахад уг вирусээр халдварласан өөр тохиолдол бүртгэгдээгүй байна.

Бээжингийн Үндэсний эрүүл мэндийн хорооноос /NHC/ мягмар гарагт мэдээлснээр, Жянсу мужийн Жэньжян хотын оршин суугч эрэгтэй дөрөвдүгээр сарын 28-нд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнээс сарын дараа “H10N3” вирусээр халдварласан болохыг нь тогтоожээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан