БНСУ, БНАСАУ-ын хилийг намраас роботууд хамгаална

БНСУ хамгийн орчин үеийн мэдрэгчтэй, хиймэл оюун ухаанаар тоноглосон роботуудыг БНАСАУ-тай залгаа хилийн бүсдээ байрлуулна гэж "The Korea Herald" сонин мэдээлжээ.

БНСУ-ын төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлснээр, 2.5 сая ам.долларын өртөгтэй эхний хоёр робот хилчнийг энэ оны 10 дугаар сард цэрэггүй бүсийн өмнөд хэсэгт байрлуулахаар төлөвлөсөн байна. Роботууд гурван сар туршилтын горимд ажиллах бөгөөд үүний дараа олноор нь ашиглах шийдвэрийг гаргах аж. Өндөр нарийвчлалтай, налуу-хазайлтын камераар тоноглосон, хамгийн сүүлийн үеийн мэдрэгчтэй роботууд тусгай замаар секундэд таван метр хүртэл хурдтай явж, өдөр шөнөгүй харуулд гарах гэнэ.

Роботын хиймэл оюун ухаан нь камерын дуу, дүрсийг бие даан шинжилж, сэжигтэй хөдөлгөөн илэрсэн тохиолдолд операторуудад мэдэгдэх аж. Түүнчлэн систем нь өөрөө сурдаг тул цаг хугацаа өнгөрөх тусам ажил нь илүү үр дүнтэй болох төлөвтэй байна.

"Роботыг ашиглах нь илүү нягт, 24 цагаар ажиглалт хийх боломжийг олгож, Өмнөд Солонгосын цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг ерөнхийдөө нэмэгдүүлнэ" гэж дээрх байгууллагын мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан