Жо Байден, Путин нарын уулзалт Женевт эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр Швейцарын Женев хотноо уулзаж байна. Хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрч, эрс муудсан цаг үед Засгийн газрын тэргүүнүүд анх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Жо Байдены Шинэ Засгийн газрын хувьд энэ уулзалт түүний нэр хүндийг дэлхий ертөнцид таниулах нэгэн том сорил юм. Байден ерөнхийлөгч болсноос хойших гадаадын анхны айлчлалаараа Европын орнуудтай харилцаагаа сэргээж, барууны ертөнц дэх улс төрийн үнэн цэнэ болон ирээдүйн чиг хандлагаа өөрчлөхөөр зүтгэж байна. Энэ дээд хэмжээний уулзалтаар цахим халдлагатай холбоотой болон бусад хэд хэдэн асуудлаар стратегийн чухал хэлэлцээр хийх юм.

Уулзалтаас өмнө Байден Путиныг “алуурчин” хэмээн хочилж, АНУ-ын Засгийн газар, хувийн бизнесийн байгууллага, дэд бүтцийн салбарын мэдээллийн санг хакердсан хэрэгт ОХУ-ын Тагнуулын байгууллага, гэмт хэргийн бүлэглэлүүдийг буруутгасан. Гэвч Путин энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тус хоёр орны харилцаа муудахад гол нөлөөлсөн зүйл нь энэ сөргөлдөөн билээ.Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Бид нүдэнд харагдахгүй хариу арга хэмжээ авахад бэлэн байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.


"Уулзалтын дараа Путин биднийг сорих нь ойлгомжтой”

Байден дээд хэмжээний уулзалтын зорилгыг АНУ болон ОХУ-ын харилцааг илүү тогтвортой байлгахыг Путин зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэнэ хэмээн тайлбарлажээ. Уулзалт амжилттай болвол Сири, Афганистан улсын ашиг сонирхол, Ираны цөмийн хэлэлцээр болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудалд ахиц гарна гэсэн хүлээлт байна. Энэ талаар сенатч Роберт Менендес “Байден урьдчилан таамагласан, тогтвортой харилцааг эрэлхийлж байгаа. Үүнийг нь Путин хүлээн зөвшөөрөх эсэх нь гол асуудал юм. Гэвч Путин үйлдлүүдээрээ дэлхийд тогтвортой бус байдал үүсгэж байгааг бид харж байна. Тиймээс уулзалтын үр дүн тодорхой болов уу” гэж ярьжээ.

Харин Путины гадаад бодлогын зорилго нь АНУ-ын улс төрийн тогтвортой байдал, нэр  хүндийг “бутаргах” юм.  Путиныг АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг ялахад тусалж, хөндлөнгөөс оролцож, Америкийн ардчилалд хор учруулсан хэмээн буруутгаж байсан билээ.  Мөн Капитолын ордны халдлагыг ч Путин Америкийн улс төрийн талаар буруу мэдээлэл тараасантай холбоотой хэмээн үзэж байна. Түүнийг олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалж, АНУ-ын хүч чадлыг сулруулах зорилготой байсан хэмээн ажиглагчид тайлбарласан юм.

 “Энэ удаагийн уулзалтаар Украйн улс болон Алексей Навальныйг аврах талаар ярилцаж, богино хугацааны ч болтугай шийдэлд хүрнэ гэж бодож байна. Гэхдээ энэ уулзалтын дараа Путин биднийг сорих нь ойлгомжтой” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бчигийн даргын Орос, Украйн, Евразийн асуудал хариуцсан орлогч асан Эвелин Фаркас “CNN”-д өчигдөр ярьжээ.Путины тухайд ОХУ-ыг 20 гаруй жил өөрийн дүрмээр удирдаж байгаа. Харин АНУ бол ардчиллыг дэмжигч орон. Тиймээс ч АНУ-ын ардчилалд аюул учруулах хуурамч мэдээлэл тараах, цахим халдлагыг явуулж байна хэмээн ОХУ-ыг буруутгасаар ирсэн. Эдгээр мэдээллийг цэгцлэх нь уулзалтын гол зорилго юм.

 Эх сурвалж:CNN

  • Шинэ
  • Их уншсан