Д.Трамп 2024 оны сонгуульд өрсөлдөнө

Америкийн төрийн тэргүүн асан Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо Бүгд найрамдах намын мэдлийн “Fox News” агентлагт ярьжээ. Тэрбээр ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ялна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн 2022 онд болох дунд хугацааны сонгуулийн дараа нэр дэвших өргөдлөө гаргах аж. Дональд Трамп АНУ-ын одоогийн сонгуулийн тогтолцоог “Гадил жимсний Бүгд найрамдах улс” гэж шүүмжилсэн байдаг. Техас мужийн амбан захирагч Грег Абботт болон тус мужийн хууль тогтоогчидтой уулзахдаа “Өнгөрсөн сонгуулийн санал тооллого Ардчилсан намд ашигтай байсан учир Жо Байден ялсан. Бид сонгуулийн тогтолцоогоо цэгцлэх хэрэгтэй. 2020 оны санал хураалтад системчилсэн зөрчил гаргасан.

Энэ бол манай улсын алдаануудын нэг. Үгүй бол бид эх орноо алдана. Удахгүй АНУ “Гадил жимсний Бүгд найрамдах улс” буюу “Гуравдагч ертөнцийн орон” болно. Сонгуулийн тогтолцооноос гадна хилийн нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй” гэжээ. Бүгд найрамдахчууд засгийн эрхийг авсан муж улсуудад санал хураалтын хяналтыг чангатгахыг уриалсан. Ардчилсан намынхан эдгээр санаачилгыг шүүмжилж хүлээн авсан юм. Тэд бүгд найрамдахчуудыг өөрсдийн улс төрийн ашиг сонирхлыг хамгаалсан хэмээн эсэргүүцжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Шинэ
  • Их уншсан